Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0223

 

"Б"ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "Б"ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил-ын тендерийн Үнэлгээний хорооны "Б" ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааНогоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажлын тендерийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээлт хийсэн. 22 аж ахуйн нэгж материал ирүүлсэн.

Үнэлгээ хийх явцад тендерт оролцогчдын нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэх болон ажиллах хүчний талаар мэдээллийг авахаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/243 дугаар албан бичиг хүргүүлсэн. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 дүгээр албан бичгээр хариу мэдээлэл ирүүлсэн. Энэ албан бичгийн хавсралтад дурдсанаар нэхэмжлэгч тал болох "Б" ХХК нь 967679,56 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй байсан. Энэ тухай үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн үлдэгдэлтэй бүх тендерт оролцогчдыг тендер шалгаруулалтаас хассан байна. 2015 оноос Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тендерт оролцогчдыг нийгмийн даатгалын газраас тодорхойлолт авдгийг болиулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга авч байхаар шийдвэрлэсэн. Иймд тендерт оролцогчид харьяалагдах дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авах шаардлагагүй болсон. Мөн "Б" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болох А.Гантуяагийн хөдөлмөр хамгааллын зааварлагчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан байсныг үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, Амгаланбаатар овогтой Гантуяаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхгүй болсон гэж үзсэн бөгөөд энэ нь тендерийн баримт Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (в)-д заасан шаардлагыг хангаагүй тул тухайн тендерт шалгарах боломжгүй болсон байна. Шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах зөвлөмжийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6/2913 тоот албан бичгээр Сангийн яамнаас "Б" ХХК захиалагчийн шийдвэрт гомдол гаргасныг мэдэгдсэн. Холбогдох бүх баримт бичгийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн ба Сангийн яам уг тендер шалгаруулалтыг хянан үзэж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/3217 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Сангийн яамнаас "Б" ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сарын төлөх шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлсөн байна гэж тодорхой заасныг хангаагүй байна. Иймд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу татвар хураамж, төлбөрөө төлөөгүй байх тул танай компанийн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр тул 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байна гэжээ.

Гуравдагч этгээд "Б-С" ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хууль зүйн үндэслэлдээ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил НХААГ-15/0004 дүгээр ажлын тендер шалгаруулалтын явц буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тендер шалгаруулах 45 хоногийн хугацаанд харьяалагдах Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст "Б-С" ХХК нь татварын өр төлбөргүй байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр татварын улсын байцаагчийн актаар 12.272.727 төгрөгийн өр тавигдсан. Үүнийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Нийслэлийн татварын газарт хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа. Манай байгууллагад ажилладаг Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Гэрэлбаатарын Мягмарсүрэн нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй Хөдөлмөр аюулгүй байдал Эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажлыг НХААГ-15/0004 дугаар гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгч, Байнгын ашиглалтад хүлээн авах комиссын акт баталгаажсан.

Манай байгууллагыг Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажлыг гүйцэтгэх явцад захиалагч, захиалагчийг төлөөлөн хяналт тавих байгууллага шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас ажил зогсоох тухай мэдэгдэл огт ирүүлээгүй болно. Иймээс "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын, НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил -ын тендерийн Үнэлгээний хорооны "Б" ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан байдаг.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана гэж заажээ.

Дээрх хуулийн дагуу "Б"ХХК нь тайлангаар өртэй гарсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/504 дүгээр албан бичгээр нотлогдож байна. Үүнийг үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсгийг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

2. Шүүхийн шийдвэрт дурдагдсан Сангийн яамны 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/3217 дугаар албан бичигт "Б"ХХК-ийн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасны дагуу Үнэлгээний хорооны өмнө гаргасан шийдвэр хэвээр үлдсэн. Тиймээс шүүх Сангийн яамыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байсан.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил-ын тендерт оролцсон "Б" ХХК-ийн тендерээс Үнэлгээний хороо 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/ дэх заалтыг үндэслэн уг компанийг хуулийн 16.1.1 /тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар/, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (в) /гэрээг хэрэгжүүлэх удирдах болон техникийн боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл/, 4.2.2 /Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлөөгүй/-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй Нийгмийн даатгалын шимтгэлийн 976679,56 төгрөгийн өртэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзжээ.

Хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариунд тендерт оролцогч "Б"ХХК-ийг 967679.56 төгрөгийн өртэй болохыг мэдэгдсэнийг үндэслэн тухайн шийдвэрийг гаргасан гэх тайлбарыг ирүүлжээ.

Хэрэгт хавсаргагдсан гуравдагч этгээд "Б-С" ХХК болон нэхэмжлэгч "Б"ХХК-ийн тендерийн бичиг баримтаас үзвэл тухайн компаниуд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болохыг баталгаажуулсан Баянгол дүүргийн болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/185, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар албан бичгүүдийг тэдгээр компаниуд өөрсдийн тендерийн баримт бичигтээ тус тусдаа хавсарган хүргүүлсэн байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо тухайн албан бичгүүдийг үнэлэлгүйгээр өөрсдөө 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/243 дугаар албан бичгээр тендерт оролцогч нэр бүхий 21 компаниуд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэх талаарх мэдээллийг хүсч Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан бөгөөд тухайн тухайн хүсэлтийнх нь хариуд Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 дүгээр албан бичгийг үндэслэн "Б"ХХК-ийг 967679,56 төгрөгийн нийгмийн даатгалын өртэй гэж үзжээ.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дээрх 8/594 дүгээр албан бичгийн хавсралтад тендерт ялагч "Б-С" ХХК 2015 оны 02 дугаар сарын байдлаар 825900,00 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тусгагдсан[1] байх бөгөөд Үнэлгээний хороо адил нөхцөл бүхий дээрх тохиолдолд "Б"ХХК-ийн тендерээс татгалзаж, "Б-С" ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлага хангасан гэж үзэж, цааш нарийвчилсан үнэлгээнд оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг алдагдуулжээ.

Үүнээс гадна 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө "Б" ХХК "Б-С" ХХК-ийн адил 2015 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Монгол Улсын ... хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй гэх Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.2 /Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлөөгүй/ дахь заалтуудыг хангасан байжээ.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /хэрэв захиалагч урьдчилсан сонголт явуулаагүй бөгөөд Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол бүх тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдуулан захиалагчийн шаардсан дараах мэдээллийг нотлох баримт болгон тендерийн хамт ирүүлнэ/, 5.2-ын (в) /гэрээг хэрэгжүүлэх, удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл/-д зааснаас үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны туршлагын талаарх мэдээлэл буюу тухайн компанийн үндсэн ажилтан байх, нотлох баримт нь төгссөн сургуулийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, мэргэшсэн инженерийн гэрчилгээ байх шаардлагуудыг тавьжээ.

Нэхэмжлэгч "Б"ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны Хөдөлмөр хамгааллын зааварлагч-ын гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон ч энэ нь нэхэмжлэгч "Б"ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзах үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР