| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0180/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/287 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/287
2022 03 21 2022/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Хохирогчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,
Гэрч: Д.А,
Шүүгдэгч: Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ю.Д, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
Улсын яллагч: Б.Амармөрөн нар оролцсон эрүүгийн 2009024210070 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 21-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорсо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин суудаг, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, Чандмань овгийн Ж.Ж, регистрийн дугаар,
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Зоригт бэйсийн хошуу овгийн Ю.Д, регистрийн дугаар,
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нар нь бүлэглэн Б.Н-гийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоот хашаанд байрлуулж, итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг 2020 оны 04 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдээгүй... гэв.
Шүүгдэгч Ю.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ”гэв.
Эрүүгийн 2009024210070 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/,
Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн СБ2-20-1652 дугаартай “...эд хөрөнгийн үнэлгээний нийт дүн 4.041.500 төгрөгөөр үнэлэв ...” гэх тайлан /1 хх-ийн 70-76 дугаар хуудас/,
Ж.Ж-ы эзэмшлийн Хаан банкны 5009869656 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн орлого хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 157-162 дугаар хуудас/,
Д.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5027251674 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн зарлага хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга / 1 хх-ийн 163 дугаар хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Контейнер худалдан авсан тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 167-171 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1 хх-ийн 93, 133 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нар нь бүлэглэн Б.Н-гийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоот хашаанд байрлуулж, итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг 2020 оны 04 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.Н-гийн “...Би 2006 онд өөрийн ах Юрагийн хашаанд өөрийн эзэмшлийн контейнерыг байрлуулсан. Тэгээд манай ач хүү Тэнгис 2020 оны 07 дугаар сарын үеэр контейнерыг авах гээд очтол байхгүй байсан. Тухайн үед эд зүйлээ хадгалуулахдаа ах Юра түүний гэр бүлийн хүмүүст хэлж өгч байсан. Контейнер дотор ямар ямар эд зүйл байсныг одоо сайн санахгүй байна. Манай ач хүү Тэнгис сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/
Гэрч Х.Т-ийн “...Манай эмээ Н 2006 онд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин өөрийн төрсөн ах Юрагийн хашаанд өөрийн эзэмшлийн 20 тн багтаамжтай саарал өнгийн контейнер болон бусад эд зүйлийн хамтаар байршуулсан. Ингэхдээ түүний гэр бүлийн гишүүдээс бүгдээс нь зөвшөөрөл авсан. Миний бие 2020 оны 3 дугаар сарын орчим контейнер болон эд зүйлээ авахаар 2 ч удаа ачилтын хүмүүстэй очиход урд талд нь гэр бариасай байснаас ачиж чадаагүй. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр очиход Ю.Д-ийн хашаанаас контейнертой эд зүйл алга болсон байсан. Тухайн үед Ж гэртээ байсан ба түүнээс тодруулахад “...контейнертой эд зүйл болоход нь байгаагүй болохоор мэдэхгүй байна, та хэдийг өөрсдөө авсан байх гэж бодсон...” гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу айлынх нь хүнээс асуухад хавар, өдрийн цагаар ачиж байсан гэж хэлсэн. Контейнерт хуучин хэрэглэж байсан 83 нэр төрлийн эд зүйл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч А.А-н “...Манай хөрш айл болох Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод Д, Ж нар ээжийнхээ хамт амьдардаг. Тэдний хашаанд саарал өнгийн контейнер байсан. 2020 оны 04 дүгээр сард нэг машин ирээд ачаад аваад явсан. Тэр үед тухайн айлын хүмүүс гэртээ байсан. Контейнер дотроос эд зүйл зарж байхыг хараагүй. Намайг хашааны завсраар харахад баахан эд зүйл гаргаад хашааныхаа буланд тавьчихсан байсан. Тухайн эд зүйлүүд нь 2-3 хоногийн дараа байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч М.Д-ийн “...2008 онд байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манай нөхрийг амьд сэрүүн байхад дүү н.Юра нь 20 тн хоёр ширхэг контейнер байрлуулж байсан. Би 2013 онд Морингийн давуу руу амьдрахаар явсан. 2015 онд ирэхэд 1 ширхэг контейнер нь байхгүй болсон байхаар нь сураглаад асуутал Нгийн хүүхдүүд өөрсдөө зарсан байсан. Улмаар би 2019 оны 05 дугаар сард охин Жаргалсүрэнгийн гэрт амьдрахаар явсан. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод хашааг өөрийн хүү Ж, Д нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
Гэрч Д.А-ийн “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод очиж контейнерын эзэн болох Ю.Д, Ж.Ж гээд ах, дүү хоёроос 20 тн саарал өнгийн контейнерыг 2.400.000 төгрөгөөр худалдан авч, Хаан банкны 5009869656 дугаартай данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Худалдан авахынхаа өмнөх өдөр очиж уулзахад контейнер дотор эд зүйл байгаа суллаад өгье гэх хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/,
Гэрч Р.Б-ын “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5065322574 дугаарын данс руу миний танил Ж.Ж гэх хүн 2.000.000 төгрөг хийсэн. Тухайн үед контейнер зарсан мөнгө гэж хэлж байсан. Дээрх гүйлгээнээс өмнө Ж надад 1 сая төгрөг хадгалуулсан байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын эхээр нийт 3 сая төгрөгөө надаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн СБ2-20-1652 дугаартай “...эд хөрөнгийн үнэлгээний нийт дүн 4.041.500 төгрөгөөр үнэлэв ...” гэх тайлан /хх-ийн 70-76 дугаар хуудас/,
Ж.Ж-ы эзэмшлийн Хаан банкны 5009869656 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн орлого хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 157-162 дугаар хуудас/,
Д6Аийн эзэмшлийн Хаан банкны 5027251674 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн зарлага хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 163 дугаар хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Контейнер худалдан авсан тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 167-171 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 93, 133 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нар нь хохирогч Н.Н-гийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоот хашаанд байрлуулж, итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг 2020 оны 04 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Нгийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал Ж.Ж, Ю.Д нар нь бусдын хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг итгэмжлэн эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хууль бусаар авч захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ж-ы өмгөөлөгч Д.Сувд-эрдэнээс: Шүүгдэгч Ж.Ж нь тухайн эд хөрөнгийг завшиж байгаагаа мэдсэн байхыг шаардана. Эхний өдөр контейнерыг худалдаж авах талаар А Д нар уулзах үед шүүгдэгч Ж.Ж байгаагүй ба харин маргааш нь контейнерыг авах гээд очиход Ж, Д нар хамт байсан. Ю.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарж борлуулж байгаа үйлдлийг шүүгдэгч Ж.Ж мэдээгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
Шүүгдэгч Ю.Д болон өмгөөлөгч О.Алтанчулуу нар нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэх саналыг тус тус гаргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд: Тухайн контейнерыг худалдан авсан гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12-485а тоот хаягаар очиж үзэхэд тухайн хашаанд 20 тн-ын саарал өнгөтэй контейнер байсан ба эзэн нь гээд Д, Ж гэж ах дүү хоёр байсан...тэгээд 2020 оны 04 сарын 30-ны өдөр Ж гэх залуу над руу залгаад контейнероо ирж аваарай гэхээр нь ачилтын машин авч ирээд контейнероо ирж авсан. Тэгээд Ж гэх хүний данс руу мөнгийг шилжүүлсэн...2020 оны 10 сарын 31-ны өдөр Ж гэх хүн над руу залгаад тань руу цагдаагаас яривал намайг контейнер зарсан гэж хэлж болохгүй шүү гэж хэлээд утсаа салгасан...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...эхний удаа контейнер авахаар очиж уулзахад Д ганцаараа байсан. Маргааш нь контейнер авах гээд очиход Д Ж 2 байсан. Мөнгийг би Ж-ы данс руу шилжүүлсэн...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Ж нь Ю.Дийн хамтаар хохирогч Б.Н-гийн өмчлөлийн 20 тн-ын контейнерыг зарж борлуулан улмаар мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч захиран зарцуулж буй идэвхитэй үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Ж.Ж нь Ю.Доос зээлсэн мөнгөө өгөхийн тулд Хэрлэнгээс ажлын хөлсөнд авсан контейнерыг зарж борлуулсан гэж хэлсэн талаар мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ю.Д-оос хохирогч Б.Н-д контейнер болон түүн дотор байсан эд зүйлсийн хохиролд 4.961.700 /дөрвөн сая есөн зуун жаран нэг мянга долоон зуу/ төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хэрэгт битүүмжилсэн 20 тн-ын контейнерыг Д.А-д буцаан олгох нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас шүүгдэгч нарыг тус бүр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
өмгөөлөгч О.Алтанчулуугаас: шүүгдэгч Ю.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах,
өмгөөлөгч Д.Сувд-эрдэнээс: Шүүгдэгч Ж:Ж-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ю.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд уг арга хэмжээг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ж нь урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ы өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд оруулан тооцон, биечлэн эдлэх 3 жил 8 сар 26 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ж-ы эдлээгүй үлдсэн 1292 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 40 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зоригт бэйсийн хошуу овгийн Ю.Д, Чандмань овогт Ж.Ж нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ю.ийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 5. 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д нь шүүхээс тэнсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.д Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хорих ялыг дүйцүүлэн сольж, эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон 40 /дөч/ хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
8. Шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хамрах хүрээг түүний оршин суух газар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
9. Шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулсугай.
11. 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 20 тн-ын контейнерыг гэрч Д.А-д буцаан олгосугай.
12. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН