Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

       2022          02            11                                       2022/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

З овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108030870211 дугаартай, 1 хавтаст хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт А-н Б, Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар байрны орчим Г.Г-тай “машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар мөргөж, эрүүл  мэндэд нь баруун дээд доод зовхи, зовхины дотор булан, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хөдөөнөөс ирсэн. Мах аваад машинтай явж байхад урдаас Тоёота чезер маркийн машин тулж ирж зогсоод хэн нь ухрахаа үзье гээд зогсоод машинаа байрлуулах гээд зам тавьж өгөөгүй маргалдаж, хохирогч бид хоёр бие биенээ мөргөж гэмтэл учруулсан. Гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн 2108030870211 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. ... дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06:3:39 цагт “Намайг хүн толгойгоороо мөргөчихлөө” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 03-ны 06 цагийн үед ... дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны гадаа ирсэн. Би машинаа зогсоолд тавих гээд зогсоол хайгаад байхгүй болохоор нь ... эмнэлгийн зогсоолд машинаа тавих гээд байрны хажуу талын замаар машинтайгаа явж байсан. Миний машины өөдөөс жийп маркийн автомашин тулаад зогсоод байхаар нь би бас машинаа зогсоогоод байгаад байсан. Удалгүй миний машины өөдөөс ирсэн машинаас хоёр залуу бууж ирээд машинаа ухраа гэж хэлсэн. Тэр үед нь би машинаас буугаад очсон. Тэр машин жоохон ухрахад машин зөрөх боломжтой байсан. Би тэр хоёр залуутай хоорондоо маргалдаад байж байхад тэр машины жолооч нь над руу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхэх үед машины жолооч зөрөөд нүүрний баруун талын шанаа, нүдний хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөхөөр нь цагдаад дуудлага өгсөн. Миний машины өөдөөс ирсэн машины жолооч буюу Б гэх залуу миний нүүрний баруун талын шанаа болон баруун талын нүдний хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн болсон, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

3. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “... Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө өөрийн төрсөн дүү  А.Б-тай хамт хөдөөнөөс ирсэн хүнсний мах аваад гэрийн гадаа ирсэн. Тухайн үед дүү А.Б машин барьж байсан. Машины урдаас нэг машин халз тулж ирээд зогсоод, ерөөсөө ухрахгүй... байсан. Би машины жолоочид хандаж манайх ухрах зай байхгүй байна, чи ухраад өгөөч, эсхүл би ухраагаад өгье гэж хэлэхэд дуугүй суугаад байсан. Тухайн үед нэлээн удаан машиндаа суусан. Тэр хүн бас суугаад байсан. Тэр үед манай дүү машинаасаа буусан. Тэр хүн машинаасаа буугаад тэр хоёр толгойгоороо мөргөлдөөд, наалдаад зогсоод байсан. Удалгүй тэр машины жолоочийн хамраас цус гарсан, цагдаа нар ирсэн. Манай дүү А.Б тэр залуутай маргалдсан. Тэр хоёр духаараа тулаад зогсоод байсан. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд, доод зовхи, дотор буланг хамарсан 5.0х2.5см тод хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун нүдний алимын салстад 7-10 цагийн түвшинд улаан хүрэн өнгийн цус хуралттай. Баруун хацрын төвгөр орчим овойж хавдсан.

Нэмэлтээр толгойн КТГ шинжилгээнд яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

Дүгнэлт:

1, 2 Г.Гын биед баруун дээд, доод зовхины дотор булан, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5, 6 Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй./шинжээч эмч Э.Баасанжав/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

5. Яллагдагч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө үүрээр төрсөн ах Содмандахын хамт хөдөөнөөс ирсэн хүнсний махаа аваад ... дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны зогсоол дээр ирж байсан. Урдаас тоёота чезер маркийн автомашин тулаад ирсэн. Тэр машины жолоочид хандаж ухраад зай тавиад өгчхөөч гэж хэлсэн. Тэр машин ухрахгүй хойшоо ухрахгүй хаазлаад тулж ирээд зогсоод байсан. Тэр машины жолооч өөрөө машинаасаа буугаад над дээр ирээд ухраач ээ гэж хэлээд буцаад машиндаа суусан. Би машинаа ухраахгүй тэр хүн ч бас машинаа ухраахгүй зогсоод, нэлээн удсан. Би машинаасаа буугаад очиход тэр залуу машинаасаа буугаад ирсэн. Би тэр машины жолоочтой маргалдаад байж байхад машины жолооч над руу дайраад духаараа тэр хүн намайг мөргөхөд би бас духаараа тэр хүний нүүр рүү мөргөсөн. Тэр хүний хамраас цус гарсан чинь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

6.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч А.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), “..” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн а/18 дугаартай “...А.Б нь сард 800.000 төгрөгийн цалинтай менежерийн албан тушаалд ажилладаг болно” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г.Г-тай “машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны орчим Г.Г-тай “машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, эрүүл  мэндэд нь “баруун дээд доод зовхи, зовхины дотор булан, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-... дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06:3:39 цагт бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны 06 цагийн үед ... дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны гадаа ирсэн. ...миний машины өөдөөс ирсэн машинаас хоёр залуу бууж ирээд машинаа ухраа гэсэн. ...тэр машины жолооч нь над руу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхэх үед машины жолооч зөрөөд миний нүүрний баруун талын шанаа, нүдний хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь цагдаад дуудлага өгсөн. Миний машины өөдөөс ирсэн машины жолооч Б гэх залуу миний нүүрний баруун талын шанаа болон баруун талын нүдний хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

-гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай машины урдаас нэг машин халз тулаад ирээд зогсоод ерөөсөө ухрахгүй уул нь тэр машины ард байсан. ...манайх ухрах зай байхгүй байна, чи ухраад өгөөч, эсхүл би ухраагаад өгье гэж хэлэхэд дуугүй суугаад байсан. ...манай дүү машинаасаа буусан. Тэр хүн машинаасаа буугаад тэр хоёр толгойгоороо мөргөлдөөд, наалдаад зогсоод байсан. Удалгүй тэр машины жолоочийн хамраас цус гарсан, цагдаа нар ирсэн. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

-Яллагдагч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр машин ухрахгүй хойшоо ухрахгүй хазлаад тулж ирээд зогсоод байсан. ...машины жолооч над руу дайраад духаараа тэр хүн намайг мөргөхөд би бас духаараа тэр хүний нүүр рүү мөргөж, тэр хүний хамраас цус гарсан чинь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Б нь хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Харин хохирогчоор мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйл байхгүй.гэж мэдүүлсэн (хх19)-ийг тогтоолд дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Иймд шүүгдэгч А.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурорын ялын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА