Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 


185/2022/0265/Э

 

 

 

 

 

 

  2022          03          22                                  2022/ШЦТ/290

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ө.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Д.Даваадорж нар оролцсон эрүүгийн 2209000000350 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Алдар спорт хороо, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 41 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Ө.Э /РД:/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” хотхоны гадна талд өөрийн "хүргэн дүү Б.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний хэвлий, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2209000000350 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2458 дугаартай:

1. Б.Э биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

                                                       

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” хотхоны гадна талд өөрийн "хүргэн дүү Б.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний хэвлий, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Э-ийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Төгөлдөр” хотхон буюу гэрийнхээ гадаа эхнэр У.Нарангаравуугийн хамт цагийн сарын бэлтгэл хийсэн эд зүйлээ зөөгөөд байж байтал эхнэрийн төрсөн ах Ө.Э над залгаад байсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор түүнийг над руу залгасныг мэдээгүй. Тэгээд гар утсаа хараад Ө.Э ах руу залгахад тэрээр уурлаад намайг заналхийлж эхэлсэн. Тэгээд Э ах над руу ирэхээр болсон. Тэрээр 19 цагийн үед байрны гадаа ирлээ гэхээр нь би гарч уулзсан. Э ах надад ахархаад намайг дарамталж эхэлсэн. Би түүнтэй учраа олох гээд хэсэг ярилцсан боловч учраа ололгүй маргаан болсон юм. Хэрүүл маргааны үеэр Ө.Э ах намайг булан руу чирч оруулж байгаад миний элэг хэсэг рүү гараараа цохисон. Би хэвлий рүүгээ цохиулаад тонгойх үед тэрээр миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. тухайн үед би ухаан балартаад газар унасан ба энэ үед миний дээрээс намайг зодож байсан. Тэр үед миний төрсөн дүү Энхсайхан намайг зодуулахыг хараад гүйж гарч ирээд зодооныг салгасан. Тухайн үед Э нь намайг гар утсаа авсангүй гэх шалтгаанаар шалтаг гаргаж зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхсайханы “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тараад төрсөн ах Э-ийн гэрт цагаан сарын идээний тавгийн цар болон дээл хүргэж өгөхөөр “Төгөлдөр” хотхоны гадна 19 цагийн үед очсон. Намайг ахын гэрт очиход Э ахыг хадам Э нь “ална гээд дарамтлаад байна, түр байж бай, одоо ирж яваа” гэж ах надад хэлсэн. Тэгээд Э ах бид хоёр хамт гэрээс нь гарсан. Ах намайг “холоос хараад байж бай би удахгүй уулзаад ирнэ” гэж хэлэхэд нь би ойрхон машин дотор суугаад тэднийг хараад байж байтал Э ах нь ирээд юм ярьж зогсож байгаад Э ахын гэдэс рүү гараараа цохисон. Би машинаас буугаад “болиоч ээ” гэж хэлээд гүйгээд очихын хооронд Э нь манай ах Э-ийн нүүр хэсэгт, бие хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би гүйж очоод салгасан ба Э ах цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2458 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” хотхоны гадна талд өөрийн "хадам дүү Б.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний хэвлий, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Ө.Э нь хохирогчийг хэвлий нүүр хэсэгт цохиж, өшиглөсөн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Э-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Ө.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ө.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Ө.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э нь 970.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5027461874 дугаарын дансанд шилжүүлж, хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ө.Э-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Ө.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН