Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

          Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Под холбогдох 2216000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан-Оргил багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, С овогтой Б.П гэв.

Шүүгдэгч Б.П нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч, хадам эгч Б.Атай “...миний охин чиний хүүхдүүдийг чинь түлээд алчихсан байна уу...” гэж хэлснээс нь болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохиж дээрх үйлдлийн улмаас Б.Агийн биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод дээд зовхины баруун хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч, хадам эгч Б.Атай “...миний охин чиний хүүхдүүдийг чинь түлээд алчихсан байна уу...” гэж хэлснээс нь болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Шүүгдэгч Б.Пын дээрх үйлдлийн улмаас Б.Агийн биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод дээд зовхины баруун хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрхи үйл баримт нь  хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.П гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Пын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын  30-нд хөдөөнөөс шинэ жилийн арга хэмжээнд оролцох гээд ирсэн. Орой хүүхдүүддээ нүүрс хийж өгчихөөд соёлын төв дээр арга хэмжээнд оролцох гээд явахдаа Б.Агийн охин Урантөгөлдөрт хоёр дүүгээ гал руу унагаачихав гэж хэлсэн. Шинэ жилийн арга хэмжээнд оролцчихоод ирэхэд хоёр бага хүүхэд унтсан байсан. Тэгээд манай нэг найзынх хүрээд ир гэхээр нь тэднийд очиж 2 шил архи хувааж уучихаад ирэхэд Б.А архи ууж согтчихоод хоёр хүүхдийг чинь түлээгүй байгаа биз дээ гэсэн. Тэгээд унтчих гэхэд унтахгүй байхаар нь би нэг алгадсан. Өөр зүйл болоогүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахиж ийм зүйл гаргахгүй талаар амлаж байна. 2004 оноос хойш хамт арван хэдэн жил хамт байхад ийм үйлдэл гаргаж үзээгүй. Өөр бодож санах юм байхгүй. Мал ахуйгаа маллаад арван хэдэн жил болж байна. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Ад 500.000 төгрөг өгсөн. Хохирогч манайд амьдарч байгаа. Б.Аг цохисондоо гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Б.Агаас уучлалт гуйсан... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б.П шинэ жилийн арга хэмжээнд явахдаа бага хүүхдүүд болох 1 настай 2 хүүхдээ миний охинд захиад түлээд хаячихваа гээд уурласан байдалтай хэлээд байсан. Би архи ууж ирсэн учраас охиноо өмөөрч хүүхдийг чинь түлээд хаясан байна уу гээд Б.Под жаахан үг хэлж дайрсан. Тэгэхэд Б.П миний баруун нүд рүү гараараа 1-2 удаа цохисон. Үүнээс болж миний баруун нүд хавдаж хөхөрсөн. ...намайг эмнэлэгт үзүүлж харуул гээд 500.000 төгрөг өгч, надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /ХХ9, 12/,

Гэрч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай нөхөр Б.А эгчийн 10 настай охинд дүү нараа сайн хараарай. Гал руу оруулаад түлээд хаячихваа гээд уурлангуй хэлээд гараад явсан. Бид 3 шинэ жилийн арга хэмжээнээс гараад Ганзориг гэдэг найзынд очоод 2 шил архи хувааж уугаад шөнө гэртээ ирэхэд Б.А эгчийн охин Урантөгөлдөр унтаагүй байсан. Бусад 3 хүүхэд унтчихсан байсан. Тэгсэн Б.А эгч согтсон байсан ба Б.П руу дайраад миний охин чиний хүүхдүүдийг түлээд алчихсан байна уу гээд байсан. Б.П Б.А эгчийг унтуулах гэхэд Б.А эгч орон дээр хэвтчихээд Б.Пыг хөлөөрөө тийрээд байхаар нь Б.П нүд рүү нь гараараа алгадаад цохичих шиг болсон. Би очоод салгахад Б.А эгч миний нүд гээд орилоод байсан. Бас хамарнаас нь цус гарсан байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ17/

           Шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 108 дугаартай “...1. Б.Агийн биед гэмтэл учирсан байна. 2. Б.Агийн биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод дээд зовхины баруун хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Б.Агийн биед учирсан дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг учрал болсон үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /ХХ23-24/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг шүүгдэгч Б.П нь төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед шүүгдэгч болон хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч Б.П хохирогч Б.А нар нь эхнэр нөхөр биш боловч нэг гэрт хамтран амьдардаг, дундаасаа төрсөн хүүхэдтэй болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Под Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Пыг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ад 500.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.П нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Под оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Под танилцуулсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Под урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Под авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА