Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

                             

 

                                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02958 0065 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д-ийн С, **** оны **дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 45 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 45 дугаар гудамжны ** тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн С.Б-ийг хазаж, биед бүсэлхий 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн шуунд шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д-ийн С нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 45 дугаар гудамжны ** тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн С.Б-ийг хазаж, түүний бие махбодод “бүсэлхий 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн шуунд шарх” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч С.Б-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоонд байх хүргэн Мөнхбаатарын хашааг эргэчхээд буцаад өөрийн гэр болох мөн дүүргийн 36 дугаар хороо, 44 дүгээр гудамжны ** тоот хашаа руу явж байхдаа Алтан-Овооны ** тоот хашааны баруун талаар нь өнгөртөл хашаан дотроос хар, цагаантай алаг том биетэй нохой гарч ирээд над руу дайраад миний зүүн гарын шуу хэсгээс хазаад сэгсрэхэд би уулын уруу унаж хар замын хажууд ойчсон. ...Гэртээ ороход зүүн гарын шуу хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэг орж 10-аад оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-26 дахь тал), гэрч Д.Б-ны “...манай ах 2020 оноос эхлэн хар алаг өнгийн нохой тэжээх болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Э.Б-ын “...2020 оноос хойш нэг нохой тэжээж эхэлсэн. Хулгай ихтэй учир хашаандаа дуу чимээтэй байлгах гэж нохой тэжээсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11626 дугаартай: “...С.Б-ийн биед бүсэлхий 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...миний бие Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо ** тоотод ганцаараа амьдардаг. Би 2020 оноос эхлэн хар, алаг өнгийн нохойг өөрийн хашаандаа байлгаж тэжээж ирсэн. Манайх замаасаа зайдуу учир хулгай орчих гээд байдаг, хажуудаа хөрш байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би гарах ажил гараад нохойгоо сул тавиад явсан. Тэр хойгуур миний тэжээж байсан нохой хүн рүү дайрч, гэмтэл учруулсан байсан. Хариуцлага алдаж орчиндоо аюул учруулах нохойг хараа хяналтгүй байлгаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлж (хавтаст хэргийн 59 дэх тал) байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй..

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11626 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.С-ын орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршиг, нийгмийн аюулыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.С-ын нохойгоо зохих хамгаалалтгүй орхисон үйлдэл болон хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Тухайлбал, хохирогч С.Б-ийн /69 настай/ зүүн шуунд учирсан шарх гэмтэл нь шүүгдэгч Д.С-ын нохойд хазуулснаас, харин бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь нохойд дайруулан жалга руу унах үед үүсэн байх тул хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь бүхэлдээ шүүгдэгч Д.С-ын орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй орхисон үйлдэлтэй нь шууд холбоотой юм.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.С-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Б нь эмчилгээний зардалд 600,000.0 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.С 300,000.0 төгрөг төлсөн, үлдэгдэл 300,000.0 төгрөгийг 2 сарын дотор төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 300,000.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.С нь эрхэлсэн тодорхой ажилтай, мөн ажил нь Баянзүрх дүүрэгт байдаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрх хязгаарлах ялын аль аль нь тохиромжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч 300,000 төгрөгийг цаашид төлөхөө илэрхийлж хохирогчтой харилцан тохиролцсон байна, иймд үүнийг гаргуулж хохирогчид олгох, хохирогч цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна....” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Д.С-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дэх тал), тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 112-119 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 91-101 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 105-107 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

            Шүүгдэгч Д.С-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-т сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 300,000.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч С.Батсуурьд олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

           7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА