Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0305/Э |
Дугаар | 2022/ШЦТ/312 |
Огноо | 2022-03-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Ю.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0031 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Ю-ийн У, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3-р баг, 22 тоотод байнга оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ю.У нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан гэх маргаан үүсгэсэн Б.Э, Д.Т нартай маргалдан Б.Э-гийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дээд хэсэг, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, дух, баруун доод зовхи, 2 хацар, зүүн нүдний дотор булан, амны баруун салстад цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Д.Т-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун завжны салстад язрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг учруулж, 2 хүний биед учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ю-ийн У нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уг бааранд “гар утсаа алдсан гэх маргаан үүсгэсэн” Б.Э, Д.Т нартай маргалдан, Б.Э-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний бие махбодод “баруун хөмсөгний дээд хэсэг, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, дух, баруун доод зовхи, 2 хацар, зүүн нүдний дотор булан, амны баруун салстад цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Д.Т-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний бие махбодод “...хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун завжны салстад язрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл (хавтаст хэргийн 1 дэх тал), гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Д.Т-ын “2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө би найз Э, Х нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй бааранд ороод үйлчлүүлж байгаад гарсан. Тэгтэл найз Э гар утас алга болсон байна гээд бид 3 тус баар луу буцаж ороод баарны захирал Б гэх хүнтэй уулзаад “гар утас алга болсон байна, зөөгч нь авсан байх асуугаад аваад өг” гэсэн. Зөөгчөө дуудаад асуухад зөөгч утас аваагүй гэсэн. Тэгээд зогсож байхад баарны хамгаалагч гэх У зүүн гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би хэвтэхэд манай найз Э “хүн аллаа” гээд миний дээр хамгаалж хэвтэхэд Эг хамгаалагч нь хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 93 дахь тал), хохирогч Б.Э-гийн “...** нэртэй бааранд ороод үйлчлүүлж байсан. Тухайн үед миний гар утас алга болсон байна гээд бид 3 тус баар луу буцаж ороод баарны захирал Б гэх хүнтэй уулзаад “гар утас алга болсон байна, зөөгч чинь авсан байх зөөгчөөс нь асуугаад аваад өг” гэсэн. Зөөгчөө дуудаад бид нар гар утсаа асуухад зөөгч утас аваагүй гэсэн. Тэгээд зогсож байхад баарны хамгаалагч гэх У нь найз Т-ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Т-ыг газар хэвтэхээр нь би дээр нь хамгаалж хэвтэхэд баарны хамгаалагч У нь миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 91 дэх тал), гэрч П.Д-ны “...бааранд намайг DG хийж байхад шөнө 4 цагийн үед бааранд үйлчлүүлж байсан үл таних 3 залуу баарны эзэн Б-тай муудалцаад гар утас алга болсон гээд байсан. Тэгээд хүн болгон луу үсэрч дайраад, гap утсаа нэхээд байсан. Тэгтэл хамгаалагч У гаднаас орж ирж салгасан ба нэг залуу нь У-ыг цохисон. Тэгэхээр нь У нэг залууг нь цохиод өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч С.Б-ийн “... Би ** бааранд би туслах ажилтан хийж байсан. 04 цагийн үед гаднаас үл таних 3 залуу орж ирээд Баа ах руу орилоод утас алга болчихлоо гээд хэл амаар доромжилсон. Тухайн 3 залуу 30-40 минут хэл амаар доромжилсон. Хамгаалагч У нь тухайн 3 залуугийн нэгийг нь нэг цохиод, нэг өшиглөсөн... Миний харснаар хамгаалагч У нь Т-ыг нүүрэн тус газар нь 2 удаа цохиж байсан ба өшиглөж байх шиг байсан. Мөн Э гэх махлаг залууг нүүрэнд нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч Б.Б-ийн “... ** бааранд ажилчдын хамт байж байтал манайд үйлчлүүлж байсан үл таних 3 залуу “гар утсаа хаячихлаа” гээд орж ирсэн. Би “гар утас чинь манай бааранд байхгүй байна” гэж хэлэхэд үл таних, зүүн талынхаа шанаа дээр сорвитой залуу нь намайг хэл амаар доромжилж ална шүү гэж хэлсэн. Удалгүй манай баарны хамгаалагч У нь ирээд “боль” гэхэд зүүн талынхаа шанаа дээр сорвитой залуу нь У-ын зүүн нүд рүү нь, нөгөө 2 залуу нь над руу дайраад хувцаснаас зуураад түлхээд байсан. Ноцолдоод байж байтал баарны ажилчид ирж салгаад нөгөө 3 залуу гараад явсан...Намайг ямар нэгэн хүн цохисон асуудал байхгүй. Тухайн 3 залуугийн Т гэх залууг манай хамгаалагч У нь нүүрэн тус газар нь цохисон...Хяналтын камертай. Тухайн өдрийн хяналтын камерын бичлэг нь байхгүй байна...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай “Б.Э-гийн биед баруун хөмсөгний дээд хэсэг, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, дух, баруун доод зовхи, 2 хацар, зүүн нүдний дотор булан, амны баруун салстад цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай “Д.Т-ын биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун завжны салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Ю.У нь яллагдагчаар “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** бааранд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамгаалагчийн ажил хийж байсан. 04-ний шөнө 05 цагийн үед би баарны гадна талд зогсож байгаад дотогшоо ортол үл таних 3 хүн баарны захирал Б-аас “танай бааранд гар утсаа хаячихлаа” гэж нэхээд дайраад байсан. Тэд утас нэхээд, хэл амаар доромжлоод 30 гаран минут болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай зодолдъё гээд байсан. Тэгээд үл таних нэг залуу нь захирал Б-ыг бариад авахаар нь би салгах гээд очсон. Тэгсэн чинь Б захирлыг барьж байсан залуу миний цамцнаас зуураад цамц урсан. Би ажилчдын хамт тэр 3 залууг баарнаасаа гаргах гэсэн чинь 1 залуу нь баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гараараа нүүр лүү нь хоёр удаа цохисон. Өндөр залуу нь миний толгойн араас цохиод байхаар нь би эргэж хараад нүүр лүү нь цохиход баарны буйдан дээр суусан, тэгэхээр нь уруул руу нь нэг удаа өшиглөсөн...” гэж (хавтаст хэргийн 34 дэх тал) гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ю.У нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17, 22 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ю.У-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Э, Д.Т нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг;” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ю.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Э, Д.Т нар нь “хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ю.У-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Ю.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ю.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), 2009-2018 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 66-79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.У-ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Ю-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.У-ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.У-т оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ю.У-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА