Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00033

 

Р.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00249 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 570 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Р.Т-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т-, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би шүүхийн 2017-11-06-ны өдрийн шийдвэрээр “Мөстийн ... ББСБ” ХХК-д 20,723,956 төгрөг төлөхөөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Баянзүрх дүүргийн ..-р хороо, ..277 тоот, миний өмчлөлийн 56 м.кв талбайтай хувийн сууц,  540.5 м.кв талбайтай газрыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хувийн сууц болон газрыг үнэлүүлсэн гэх боловч энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Гэнэт нэг өдөр шийдвэр гүйцэтгэгч над руу утсаар холбогдож, “...хувийн сууц болон газрыг үнэлгээний байгууллага 24,676,147 төгрөгөөр үнэлсэн... албадан дуудлага худалдаагаар худалдах болсон... шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилц...” гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу очиход шийдвэр гүйцэтгэгч нь надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж, нэг хувийг өгсөн. Би зөвшөөрөхгүй тухайгаа хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч “...та хэрэв үнэлгээний байгууллагын энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болно...” гэж хэлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-11-06-ны өдрийн 101/ШШ2017/03515 шийдвэрээр Р.Т-аас 20,723,956 төгрөг гаргуулж “Мөстийн ... ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Т-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан БЗД-ийн ..-р хороо, ..277 тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц, 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2018-06-14-ний өдрийн 18261144/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2018-08-23-ны өдрийн 18261144/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Р.Т-аас Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 2018-09-07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг нийт 75 сая төгрөгөөр үнэлсэн тухайгаа бичгээр өгсөн. Тус үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад 2018-09-12-ны өдрийн албан бичгээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан. ШШГТХ-ийн 55.2.2-т заасны дагуу 2018-09-13-ны өдрийн 214-р шинжээч томилох тогтоолоор Дамно ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2018-09-25-ны өдөр 24,676,147 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018-09-26-ны өдрийн 4/16202 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, ШШГТХ-д зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24,676,147 төгрөгийн 70% болох 17,273,303 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2018-10-26-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177.2-т зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24,676,147 төгрөгийн 50% болох 12,338,073 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018-11-22-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00249 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Р.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 570 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

   Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг үнэлгээ “Дамно” ХХК нь үнэлгээний олон улсын стандарт 2017 гэсэн стандартыг огт баримтлаагүй. Монгол улс даяар мөрдөгдөж байгаа ҮОУС-103-тайлагнал, ҮОУС-102-шалган магадлалт ба даган мөрдөлт ҮОУС-101-ажлын цар хүрээ, ҮОУС-400 үл хөдлөхийн хув оролцоо гэсэн стандартууд байдаг юм байна. Хавтаст хэргийн 47 хуудасны Хөрөнгө Үнэлгээний тусгай зөвшөөрөл 2014-06-23-ны дууссан байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээний талаар гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Р.Т- 2018-11-14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ..-р хороо, ...277 тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц, 540.5 м.кв  газрын үнэлгээг хүчингүй болгохыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

       Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт буй баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнэлгээнд гомдол /хх1/ гаргаснаас гадна албадан дуудлага худалдаа явагдаж буйг эс зөвшөөрсөн /хх15/ байхад шүүх энэ талаар тодруулаагүй атлаа “...албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааны талаар гомдол гаргаагүй...” гэсэн үндэслэл заасан нь дутагдалтай болжээ.

      Түүнчлэн, хариуцагч нь шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан /хх 46,59/ эсэх тухай зохигч мэтгэлцээгүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.  

      Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. Иймд энэ талаар зохигчдод тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, дүгнэлт хийсний эцэст шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00249 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 570 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ