Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр           Дугаар 128/ШШ2020/0107          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч:П.Б,

          Хариуцагч: ШШГЕГД,

Нэхэмжлэлийн шаардлага: “ШШГЕГД-ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн алба хаагчдын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч П.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ШШГЕГД-ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Б/550 дугаар тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий албан хаагчдын хамт нэхэмжлэгч П.Бг 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэл офицероор чөлөөлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалаас чөлөөлөх, томилох, халах, тэдгээрт цэргийн цол олгох”, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 5 дахь заалтад заасан үндэслэлээр цол бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх гэж заасан. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчсөн бол..., гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн бол цэргийн цолыг хураана” гэж заасан. Энэ 2 үндэслэлээр цэргийн цол хураахыг заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг дагаж мөрдөнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус акт гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.7-д заасан үндэслэлүүдийг зөрчсөн, хууль бус үүрэг биелүүлэхийг шаардсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг халах, албан тушаал бууруулах зэрэг цэргийн албанаас халахад энэ хуулийг баримтална гэж заасан. Энэ нь Цэргийн албаны тухай хууль 2016 оноос хэрэгжсэнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтад өөрчлөлт орсон.

Анхны гаргасан үндсэн нэхэмжлэлд шийдвэр гүйцэтгэгч нарыг чөлөөлснөөр эргээд томилогдох цэргийн цолгүйгээр тэтгэвэрт гаргасан ШШГЕГД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар П.Бг цэргийн албанд биеэр 16 жил 1 сар 1 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан нэмэгдэл 1 жил 2 сарыг нэмж тооцон нийт 17 жил 3 сар 14 хоног ажилласанд тооцсон байсан. Ажилласан жил дээр маргахгүй. Цэргийн албанд ажилласан хугацааг яагаад 16 жилээр тооцсон гэхээр 2002 оны илт хууль бус тушаалыг үндэслээд 2007 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан 5 жил 2 сарын хугацааг цолгүй байсан гэж үзээд цэргийн албан хаагчаар ажилласан жилд тооцож оруулаагүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох ёстой байсан гэж үзэж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 131 дүгээр зүйл, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.3, 135 дугаар зүйлийн 135.1,135.2-т заасныг тус тус зөрчсөн байна. Цэргийн цолын баталгааг эдлэхгүй гэх хуулийн зохицуулалт нь 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон байдаг. Цэргийн албанд ажилласан хугацааг бэлтгэл офицероор чөлөөлснөөс хойших 2007 оны 11 дүгээр сар хүртэлх ажилласан жилийг цэргийн албан хаагчид оруулан тооцуулахыг хүсч байна. 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүртэлх хуулиар нэмэлт өөрчлөлт орох хүртэл хугацаанд цэргийн жинхэнэ албан хаагчаар ажилласнаар тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Цэргийн жинхэнэ албан хаагч гэдгийг Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэх алба хаасныг хэлнэ” гэж заасан. Цолыг хасч бэлтгэл офицероор чөлөөлсөн ч гэсэн цэргийн албанд ажилласанд оруулах тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “офицерийн албыг дараах тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр хааж болно” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг баримтлана” гэж заасан. Үүнд цэргийн сахилгын дүрмийг удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн гэж заасан. Ийм тохиолдолд офицерийн албанаас чөлөөлнө гэсэн болохоос цолыг хураах асуудал биш байсан. Бэлтгэл офицероор чөлөөлсөн бол 2002 оноос 2007 он хүртэл 5 жилийн хугацаанд цэргийн албанд ажиллаагүй гэж тооцоод, хариуцагчаас цолыг хурааж авсан учраас цэргийн албанд ажилласан гэж тооцохгүй гэж тайлбарлаад байна. Бэлтгэл офицероос чөлөөлөөд чөлөөлсөн үндэслэл нь өөрөө хуульд заасан үндэслэл байхгүй байсан. Энэ хүн гэмт хэрэгт удаа дараа холбогдоогүй учраас энэ захирамж биелэгдэх боломжгүй байгаа юм. Нөгөө талаас тухайн тушаалыг гаргаснаар урамшуулал авдаг болж байгаа учраас бэлтгэл офицероос чөлөөлж байгаа гэдэг үндэслэлээ тухайн тушаал дээр дурдах ёстой байсан. Нэхэмжлэгч нь ямар хэмжээний урамшуулал авсан болоод заавал бэлтгэл офицероос чөлөөлсөн гэж тайлбарлаад байгаа нь хууль бус болоод байна. Тухайн үед бэлтгэл офицероос чөлөөлсөнтэй холбоотой маргаан гаргаж болох байсан гэдэгт тайлбар хэлмээр байна. Тэтгэврийн харилцаа үүсээд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа учраас энэ актыг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байгаа юм. Тухайн үедээ хуулийн дагуу захиргааны байгууллага шийдвэр гаргасан гэж үзэж байна...” гэв.

Хоёр. Хариуцагч ШШГЕГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнд тайлбар хэлэхэд нэхэмжлэгч болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хууль нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 тоот тушаалаар бэлтгэл офицероор чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан тул илт хууль бус захиргааны акт биш.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох 7 шинжийг агуулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар нэхэмжлэгчийн цолыг хурааж аваагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүртэл “намайг ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилсон” гэж дурдсан. Хэрвээ цолыг нь хураасан бол дахин шинээр эхлэх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ утгаараа баталгааг хэлээд байгаа юм. Гэхдээ энэ заалт анхнаасаа байсан заалт юм. 2007 оны нэмэлт өөрчлөлтөөр “шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 137.1.4, 137.1.5-т зааснаас бусад баталгааг эдэлнэ” гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг эдлэхгүй гэснийг эдэлнэ гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгсөн. Цэргийн цолыг шийдвэр гүйцэтгэгч эдлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч цэргийн цолгүй болсон.

Нэхэмжлэлийн шаардлага ихэсгээд байгаа нь Б/550 дугаар тушаал илт хууль бус захиргааны актад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүргээс үл хамааран тухайн захиргааны актыг гаргасан. ШШГЕГДд хамаатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулиар шийдвэр гүйцэтгэгч нар урамшууллын тогтолцоонд шилжээд цэргийн албанд ажиллаж байсан албан хаагчдыг ялгаад цэргийн албанд ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч нарыг энгийн болгох шаардлага бий болсон.

Иргэний хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй. Төрийн албан хаагчид цалингаас гадна урамшуулал авах эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс 2017 оны хууль шинэчлэгдэн батлагдах хүртэл шийдвэр гүйцэтгэгч нарт хэрэгжүүлээд ирсэн.

Урамшуулал авч, шинээр томилогдоод ажилласаар ирсэн. Ажилласан жилийг тооцох тухайд нэхэмжлэгч нь ажилласан жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажилласан хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө бие даан цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэл байхгүй. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 10-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчийн 1 жилийг цэргийн албанд ажилласан 6 сартай тэнцүү ажилласанд тооцож, нийгмийн даатгалаас гаргуулах эрхтэй. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “цэргийн албан хаагч гэж цэргийн цолтнууд байна” гэж заасан. Нэхэмжлэгч нь тухайн жилд цэргийн цол тэмдэг зүүгээгүй бөгөөд энгийнээр ажиллаж байсан. Иймд нэхэмжлэгчийн энгийнээр ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд цэргийн албанд ажилласантай хувь нийцүүлэн тэнцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа юм. Ийм учраас 36 сарын тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн авах шаардлага үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын албан хаагчдаас бүрдэнэ. Хорих байгууллагын албан хаагчид цолны нэмэгдэл авна гэж заасан. Хэрвээ шийдвэр гүйцэтгэгч цолны нэмэгдэл авна гэж оруулсан бол Б/550 дугаар тушаал нь илт хууль бус болно. Өмнөх 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын ажилтны сахилгын шийтгэл нийгмийн баталгаа хүртэл ялгаатай байгаа юм. Ийм учраас 2002 оны хууль нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинэ тогтолцоог бий болгосон. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хууль нь ажлаас халах тухай асуудлыг хуульчилсан зохицуулалттай. 2002 оны хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч нар цолгүй байсан бол буцааж 2003 онд ахлах шийдвэр гүйцэтгэгч нарыг цолыг өгч шийдвэр гүйцэтгэгч нар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ШШГЕГД-ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад, “ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн  алба хаагчдын  албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн  алба хаагчдын  албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” б/550 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн нэр бүхий албан хаагчдыг буюу энэхүү тушаалын есийн 3 дахь заалтаар Хархорин дахь шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах дэслэгч П.Бг бэлтгэл офицероор 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг “...намайг 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож бэлтгэл офицероор чөлөөлсөн хууль зүйн үндэслэл нь миний эрх хууль ёсны  ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй, мөн албан тушаалаас болон офицерийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн хуулийн этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус  акт...” гэж буруутгаж байгаа болно.

Хариуцагчаас “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ. Тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэгч нарыг бэлтгэл офицероор чөлөөлснийг нь илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхгүй” гэж маргажээ.

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, маргаан бүхий захиргааны актыг ШШГЕГД 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргажээ.

Хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан...” гэжээ.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дагаж мөрдөх журмыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын чиг үүрэгт заасан байна. Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ”, 132.3-д “Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн “...маргаан бүхий захиргааны акт гаргаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй..” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын  албан хаагчаас бүрдэхээр, тэдгээрийн эрх зүйн байдлыг тус тусд нь хуульчилж, энэ хуультай нийцүүлэн дагаж мөрдөх журмыг баталж биелэлтийг нь зохион байгуулах чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаснаас үзвэл маргаан бүхий акт гаргах эрх зүйн харилцаа болон үндэслэлийг хуульд тусгайлан зааж журамласан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2. “ШШГЕГД-ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ШШГЕГД-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “П.Бг албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай” Б/477 дугаар тушаалын нэг дэх заалтаар нэхэмжлэгчийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөр тасалбар болгож нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж, хоёр дахь заалтаар 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн албанд биеэр 16 жил 1 сар 1 хоног, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 1 жил 2 сарыг нэмж тооцож, цэргийн албанд нийт 17 жил 3 сар 14 хоног ажилласнаар тооцож, гурав дахь заалтаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгохоор тушаажээ.

Хэргийн оролцогчид нэхэмжлэгч П.Бгийн 2002-2007 оныг хүртэлх 5 жил 2 сарын хугацаанд энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүйгээр тэтгэвэр тогтоож, үүнийг үндэслэн нэг удаагийн тэтгэмж болох 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 18 сараар олгосон үйл баримттай маргаж байгаа болно.

Харин ажилласан жил болон тэтгэвэрт гарсан үйл баримттай маргаагүй тул энэ талаар шүүх дүгнээгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 11 өдрийн 2б/128 дугаартай лавлагаагаар П.Б нь 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/563 дугаар тушаалаар 2002 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Харинхорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  65 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр, ШШГЕГД-ын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/884 дүгээр тушаалаар 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс түүний цэргийн ахлах дэслэгч цолыг сэргээн олгож, Хархорин дахь Шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилжээ.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ” гэж, 135 дугаар зүйлийн 135.2-д “хорих байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-д “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн... 137.2-д цэргийн цол, зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор зааснаас бусад баталгааг эдэлнэ” гэж зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч цэргийн цолгүй, хорих байгууллагын ажилтнаас ялгаатай зохицуулсан байна.

Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1992 оны  Монгол Улсын цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “цэргийн  жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-д “цэргийн албан хаагч...цэргийн цолтой байна” гэж заажээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авилгатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй”, 2 дахь хэсэг “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан хуулийн энэ зохицуулалт нь цэргийн цолтой ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд тооцох зарчмаар хязгаарлагдаж, энгийнээр ажилласан  хугацааг хамааруулахгүйгээр зохицуулжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Цэргийн алба хаагч...эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацаа нь цэргийн алба хаасан хугацаанд хамаарахгүй учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон нь зөв байна.

Иймд цэргийн албанд энгийнээр болон цэргийн цолтой ажилласан хугацааг адилтган хэрэглэхгүй тул хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр, цолгүй ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр тооцохдоо оруулаагүй, хасч тооцсон үйлдлийг хууль зөрчөөгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2-д заасныг баримтлан П.Бгийн нэхэмжлэлээр ШШГЕГДд холбогдуулан гаргаснаар “ШШГЕГД-ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, мөн ШШГЕГД-ын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “алба хаагчдын  албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ