Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч М.Одончимэг,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            хохирогч Л.Буманбаяр, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/,

шүүгдэгч Э.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Ү.Буяндүүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-1924/,

шүүгдэгч Ж.Хатанбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 2260/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ац овгийн Энхбаярын Жавхлантөгс,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногоон овгийн Жигжийн Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 2015 2601 0425 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Ац овгийн Энхбаярын Жавхлантөгс Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 7-50 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, УП89100317 дугаарын регистртэй.

 

2.Ногоон овгийн Жигжийн Хатанбаатар Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сонгино сумын Баянхайрхан багт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 2-9 тоот нийтийн байранд өрөө түр түрээслэн оршин сууж байсан, урьд ял шийтгэл:

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 сарын 11-ний өдөр ялын хугацаа  дуусч суллагдсан, УЗ88102771 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/.

Шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 09 дүгээр байрны орцонд Л.Буманбаярт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж савхин куртикийг нь дээрэмдэж бусдад 300,000 төгрөгийн хохирол учруулсан;

-шүүгдэгч Ж.Хатанбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас  зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Жавхлантөгс мэдүүлэхдээ: Барилгын ажил хийж явахдаа Ж.Хатанбаатартай анх танилцаж байсан. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ж.Хатанбаатар бид хоёр утсаар ярьж, уулзаад нэг, нэг пиво уусан. Би урьд нь хохирогч Л.Буманбаярыг таньдаг байсан. Ж.Хатанбаатар бид хоёр “Саппоро” руу явж 2 дугаар байрны аркан дээр явж байгаад хохирогч Л.Буманбаяртай тааралдсан. Л.Буманбаяр тамхи гуйхаар нь түүнд тамхи өгөөд бид хамт тамхи татсан. Бид нар даараад 9 дүгээр байрны орцонд орсон. Ж.Хатанбаатар Л.Буманбаяртай ярьж байгаад түүний куртикийг авах гээд байхаар нь би “боль” гэж хэлээд орцноос гараад явсан. Тэгтэл араас Ж.Хатанбаатар Л.Буманбаярын куртикийг аваад гараад ирсэн. Тэгээд Ж.Хатанбаатар бид хоёр Л.Буманбаярын куртикийг аваад “Хархорин” зах руу очиж, зарах гэсэн боловч чадаагүй тул буцаж 9 дүгээр байранд очиж орцонд Л.Буманбаярын куртикийг хаясан. Би хохирогчид “хутгална шүү” гэж бол хэлсэн. Гэхдээ би куртикийг нь аваагүй. Хохирогч Л.Буманбаярт куртикний мөнгө 300,000 төгрөгийг би төлсөн. Миний биеийн өндөр 1 метр 86 см гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хатанбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Жавхлантөгс над руу ярьсан. Ингэхдээ гараад ир, 20,000 төгрөг байна, нэг нэг пиво ууя гэсэн. Тэгээд Э.Жавхлантөгстэй очиж уулзаж, бид хоёр 2 литрийн пиво авч, Сотын байрны орцонд орж уусан. Орцноос гараад бид хоёр нэр хаяггүй караокед орж дахиад хоёр, хоёр шил пиво авч уугаад караокед дуулсан. Тэндээсээ гарч “Саппоро” орж тэнд байдаг “Намир” төвийн урд зогсож байхад Э.Жавхлантөгс “миний таньдаг бацаан явж байна” гээд, энэ хохирогч Л.Буманбаяртай тааралдсан. Л.Буманбаяр тамхи гуйсан. Тамхи өгч бид хамтдаа тамхи татсан. Тэр үед Э.Жавхлантөгс миний чихэнд “энэ гайгүй сайн куртик өмссөн байна, хоёулаа куртикийг нь дээрэмдээд авъя” гэж хэлсэн. Би “яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Э.Жавхлантөгс орц руу оруулж куртикийг нь авъя гэсэн. Тэгээд Э.Жавхлантөгс Л.Буманбаярт орц руу оръё, ганц юм ууя гээд “Саппора”-гийн баруун хойно байдаг 9 дүгээр байрны 8 давхарт дагуулж гарсан. Ингээд тус байранд ороод бид гурав тамхи татаж байгаад Э.Жавхлантөгс “ахын дүү куртикээ тайлаад өгчих, тайлж өгөхгүй бол хутгална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө хохирогч дээр очоод “куртикээ тайлаад өгчих, сольё” гэсэн. Хохирогч Л.Буманбаяр “яах юм” гээд миний цээжин тус газар цохисон. Би зөрүүлээд хохирогч Л.Буманбаярыг цээжин тус газар нь цохисон. Тэгэхэд Э.Жавхлантөгс хажуугаас орж ирээд хохирогч Л.Буманбаярыг заамдаж аваад “куртикээ тайл” гэсэн. Тэгтэл хохирогч Л.Буманбаяр өөрөө куртикээ тайлаад пункерийн шалан дээр шидээд гараад явсан. Тэгээд Э.Жавхлантөгс бид хоёр хохирогч Л.Буманбаярын куртикийг авч “Хар хорин” зах орсон. Куртикийг нь зарах гэсэн боловч зарагдаагүй. Тэгээд буцаж 9 дүгээр байр руу очиж пункерийн ард хохирогч Л.Буманбаярын куртикийг нь хаяад гарсан.

            -Мөрдөн байцаалтад бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч Ганцолмонд “би хөдөө ажил хиймээр байна, та надад 7-8 хоногийн чөлөө өгөөч” гэж гуйсан. Би мөрдөн байцаагч Ганцолмоноос чөлөө аваад 2015 оны 06 дугаар сард  хөдөө явж, Төв аймгийн газар тариалангийн компанид манаач хийсэн. Энэ хугацаанд мөрдөн байцаагч Ганцолмонтой байнга холбогдож “би ажил хийж байна, цалингаа аваад тань дээр яваад очъё” гэсэн. Тэгээд ажлаа  дуусгаад хотод ирээд “Тэнгис” кино театрын тэнд явж байгаад цагдаад баригдсан. Хохиролд төлсөн мөнгө байхгүй. Миний биеийн өндөр 1 метр 68 см гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Буманбаяр мэдүүлэхдээ: Энэ хоёрын өндрийг  нь /шүүгдэгч Э.Жавхлантөгс рүү заав/ таньдаг байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар байрны тэнд явж байгаад хоёр согтуу ахтай таарсан. Тамхи гуйсан. Бид урьд нь хамт архи уудаг байсан. Энэ хоёрын хэн нь билээ, санахгүй байна. Куртикээ өгчих гэсэн. Би куртикээ өгөх дургүй байсан. Энэ хоёрын нэг нь намайг цохисон. Энэ талд нь зогсож байгаа/ шүүгдэгч Ж.Хатанбаатар руу заав/ бор царайтай нь куртик булааж авсан. Өндөр нь хутгалчихна шүү гэж байсан гэв.

           

            Мөн эрүүгийн 2015 2601 0425 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Буманбаярын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн үед болсон зүйлийг санаж байна. Сэтгэц зүгээр байна. Би 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр, 2 байрны аркаар гарч урагшаа яваад “Ачит” хүнсний дэлгүүр рүү орсон чинь дэлгүүр дотор 2 ах зогсож байсан. Тэгээд намайг дагуулан гарсан, нэг ах нь согтуу байх шиг байсан. Тэгээд тэр хоёр ах намайг дагуулж явсаар байгаад 9 дүгээр орцны аль орцыг нь санахгүй байна, дагуулж ороод 6 давхарт гараад намхан нуруутай ах намайг “куртикээ солиод өмсий” гэхээр нь би солихгүй гэсэн чинь миний нүүр рүү цохисон. Би хариуд нь намхан нуруутай ахын цээж рүү цохисон чинь хажуугаас өндөр нуруутай ах миний хүзүүг куртикээр бооход намхан нуруутай ах миний куртикийг тайлж аваад хажуу талаас өндөр нуруутай ах “намайг хутгалчихна шүү” гэж хэлж айлгасан. ...Тэгээд би гэртээ хариад аав, ээждээ куртикээ дээрэмдүүлсэн талаараа хэлсэн. Миний куртикийг намхан нуруутай ах авсан. Би тэр хоёроос айгаад дуугарч чадахгүй куртикээ өгсөн. Тэгээд би буцаагаад куртикээ авах гэтэл миний куртикийг өгөхгүй намхан нуруутай ах нь миний хүзүүг цамцаар боогоод цээж рүү гараараа цохисон. Миний харснаар архи үнэртэж байсан, хэр согтуу байсныг мэдэхгүй, би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би өөрийн савхин куртикны 300,000 төгрөгөө авсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг [1],

            -2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Жавхлантөгс, Хатанбаатар 2 надаас дээрэмдэж авсан куртикны хохирлын мөнгө болох 300,000 төгрөг өгсөн тул надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг[2],

           

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мягмаржавын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Миний том хүү Л.Буманбаяр 2010 онд зусланд амарч байгаад усны хачигт хазуулаад тэрэндээ цочрол аваад сэтгэц нь өөрчлөлттэй болсон. ...Хэрэг болсон 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Л.Буманбаяр гадаа гарч тоглоно гэж хэлээд дээгүүрээ нөхөр бид хоёрын 2013 оны 12 дугаар сард 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрээс авч өгсөн бор өнгийн өвлийн савхин куртикээ өмсөөд гарсан. Тэгээд 1 цаг орчмын дараа Л.Буманбаяр гэртээ орж ирэхдээ дээгүүрээ куртикгүй ирсэн. Тэгээд би “миний хүү куртикээ яасан” гэж асуусан чинь “9 дүгээр байранд 2 ах миний куртикийг авах гэж орцонд оруулаад дээрэмдээд авчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “ямар хүмүүс бэ, зодсон уу” гэж асуусан чинь “миний куртикийг аваад өгөхгүй цамцаар хүзүү боогоод, цээж рүү цохисон, манай энүүгээр байдаг зүс таних ах байсан” гэж хэлсэн. Тэгээд орой нь нөхөртөө хэлээд цагдаад хандсан. Манай хүүгийн өмсөж явсан бор савхин куртикийг би нөхөртэйгээ дэлгүүрээс 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Эрдэнэцэцэгийн 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Ж.Хатанбаатарыг хаана байгааг нь мэдэхгүй  байна.  Яагаад гэвэл утас нь холбогдохгүй, манай эгч Эрхэмбаяртай хөдөө явсан юм шиг байна лээ, хаашаа явсанг нь би мэдэхгүй байна. Сүүлийн 14 хоног би Эрхэмбаяр эгч болон түүний хамтран амьдрагч Хатанбаатартай ерөөсөө яриагүй, надаас гадна нэг батлан даагч нь Эрхэмбаяр эгч байсан...” гэсэн мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Дашжавын 2016 оны 05 дугаар сарын 08-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын эхээр байх зар мэдээнд Төв аймагт хүнсний ногоо аж ахуйд манаач ажилд авна гэж зар тавьсан байсан. Маргааш нь Хатанбаатар залгаж, би эхнэртэйгээ явж ажиллана, одоо ч хамаагүй явж ажиллая гэхээр нь ирж уулз гэж  хэлсэн. Энэ хүн өөрийгөө Чингүн гэж танилцуулсан, эхнэртэйгээ хамт явж байсан. Бичиг баримтыг нь асуухад Говь-Алтай аймгаас шилжиж ирсэн, одоогоор иргэний үнэмлэхээ аваагүй байна, харин манай эхнэрийн иргэний үнэмлэх байна гэхээр нь  үзсэн чинь хугацаа нь дууссан, Эрхэмбаяр гэсэн нэртэй иргэний үнэмлэх байсан. Тэгээд уулзсан өдрийнхөө маргааш нь Төв аймгийн Жаргалант сум Загдал бригад руу хүнсний ногоо тариалдаг аж ахуйд манаачаар ажиллуулахаар эхнэртэй нь хамт дагуулж явсан. Тэр 2 тэндээ байрлаж манаа хийсэн. Чингүн гэх хүн эхнэртэйгээ 2015 оны 09 сарын сүүлээс 2016 оны 03 сарын эхэн хүртэл байж байгаад ажлаасаа гарсан. Өөрийгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар юм яриагүй. Манаач хийж байх хугацаандаа архи их хэрэглэдэг, тэр хавийн айлын хүмүүстэй хэрүүл маргаан зодоон хийсэн байсан. Ажлаасаа гарлаа гэж хэлж байхдаа манай эхнэр жирэмсэн болчихлоо, доошоо цус алдаад байна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарсан. Улаанбаатар хот руу  явлаа гэж байсан, үүнээс хойш надтай холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Эрхэмбаярын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би батлан даагчийн эрх үүрэгтэй танилцсан. Надад хэлэхдээ цагдаад гайгүй миний хэрэг шийдэгдсэн гээд байсан. Тэгэхээр нь бид 2 хэзээ гэдгээ санахгүй байна Хэнтий аймаг руу явж 10 хоног айлын мал маллаж байгаад ирсэн. Дараа нь зар мэдээ харж байгаад 2016 оны 10 сард Төв аймгийн Жаргалант сум руу манаачаар ажилд орохоор яваад Дашаа гэдэг хүний тариалангийн талбайг манахаар манаачаар ажилд ороод 8 сар болчихоод буцаад 2016 оны 03 сард Улаанбаатар хотод ирээд 4 сард манай нөхөр Хатанбаатар цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг [6],

 

Мөрдөн байцаалтад Э.Жавхлантөгсийн сэжигтнээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамаатны эгч болох Энхцэцэгийн гэрт очоод байж байгаад буцаад гэр рүүгээ харих гээд 2 дугаар байрны аркан дээр явж байсан чинь миний өмнө зүс таних Хатанбаатар гэдэг залуу тааралдаад, бид 2 уулзаад тамхи татаад хамт “Ачит” хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгтэл манай эгчийн байранд байдаг Л.Буманбаяр гэж хүү бид хоёр дээр ирээд тамхи асуугаад байхаар нь Хатанбаатар бид хоёр Буманбаярыг дагуулаад 9 дүгээр байрны 1 орцонд ороод 5 билүү 6 давхарт гараад зогсож байсан чинь Буманбаяр бид хоёроос “гайгүй өмсөх куртик байна уу” гэж асуухаар нь бид хоёрт “тийм куртик байхгүй” гэж би хэлээд доошоо буусан чинь араас Хатанбаатар удалгүй Буманбаярын өмсөж байсан савхин куртикийг гартаа бариад буугаад ирсэн. Тэгэхээр нь Хатанбаатарт “чи хүүхдийн куртик авсан юм биш үү, өгөөч” гэсэн чинь Хатанбаатар надад “би тэр хүүхэдтэй куртикээ сольсон” гэж хэлээд бид хоёр байрнаас гараад шууд арк хүрээд би гэр рүүгээ салаад явсан. Тухайн үед Буманбаяр, Хатанбаатар хоёр маргалдаж зодолдсон байх, би харж чадаагүй. Тэр куртикийг Хатанбаатар аваад явсан, би аваагүй. Хатанбаатар бид хоёр Буманбаярын савхин куртикны хохирлын мөнгө болох 300,000 төгрөгийг өнөөдөр өглөө шилжүүлсэн, одоо бид хоёрт Буманбаяр гомдолгүй гэсэн. Тухайн үед би Буманбаярыг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хатанбаатар дээд давхарт ноцолдоод байх шиг байсан, удалгүй Хатанбаатар куртикийг нь  аваад буугаад ирсэн. Би өөрийн өмнөх өгсөн байцаалтан дээрээ айгаад буруу хэлсэн байсан юм. ...” гэсэн мэдүүлэг [7],

Мөн түүний яллагдагчаар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Хатанбаатартай уулзаад “Саппоро”-гийн хойд талын далан дээр пиво хувааж уугаад буцаад доошоо Саппорогийн буудал дээр Хатанбаатар бид хоёр ирээд явж байсан. ...Буманбаяр бид 2 дээр ирээд тамхи байна уу ахаа гэхээр нь би байна гээд 9 дүгээр байрны орц руу дагуулж ороод 7 давхарт гараад байж байсан чинь Буманбаяр “ах өмсөх гайгүй куртик байна уу” гэхээр нь би “байхгүй, доошоо бууя” гэж Хатанбаатарт хэлээд, алхаж байсан чинь Хатанбаатар миний араас Буманбаярын куртикийг аваад буугаад ирсэн. Тэгээд нь би Хатанбаатарыг “чи яагаад хүүхдийн куртик аваад ирвээ” гэсэн чинь “бид хоёр сольсон юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр куртикийг аваад “Хархорин” зах руу очоод куртикийг нь зарах гэж яваад зарагдахгүй байхаар нь буцаагаад нөгөө хүүхдэд куртикийг нь өгөх гээд ирсэн чинь нөгөө орцондоо Буманбаяр байхгүй байхаар нь хогны пункерын хажууд куртикийг нь тавьсан. Би куртик аваагүй, тэр хүүг би цохиж зодоогүй, ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед би жаахан халамцуу, Хатанбаатар надтай адил согтуу байсан байх, тэр хүү бол эрүүл архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг [8],

 

Мөрдөн байцаалтад Ж.Хатанбаатарын сэжигтнээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз Жавхлантөгс над руу залгаад “Саппоро”-гийн буудал дээр хүрээд ирээч, архи ууя гэхээр нь “Саппоро”-гийн буудал дээр хүрээд ирсэн чинь Жавхлантөгс намайг дагуулаад 3,4 дүгээр хорооллын хажууд караоке бааранд бид хоёр архи пиво ууж байгаад 1-2 цаг болоод гараад, хорооллын эцсээс 2 литрийн савтай пиво авч уусан. Тэгээд “Саппоро”-гийн буудал дээр ирээд явж байсан чинь Жавхлантөгсийн таньдаг бацаан тааралдахад Жавхлантөгс тэр бацааныг дуудаад “энэ бацааны куртикийг авъя” гэж надад хэлээд нөгөө бацааныг орц руу орж архи ууя гэж худлаа хэлээд дагуулаад 9 байрны 1 дүгээр орцонд ороод 7 давхарт гараад нөгөө бацааны хүзүүг куртикээр нь боогоод би хажуугаас нь нөгөө бацааны цээж рүү нь гараараа цохисон. Тэгээд нөгөө бацааны өмсөж явсан куртикыг би тайлж аваад Жавхлантөгс бид хоёр доошоо буугаад “Хархорин” зах руу куртикийг нь зарах гээд явсан боловч хүн авахгүй байхаар нь буцаад орцонд ирэхэд нөгөө бацаан байхгүй байхаар нь хогын пункерийн араар куртикээ хаяад Жавхлантөгс бид хоёр  гэр гэрүүгээ салаад явсан. Тухайн үед бид хоёр согтуу архи уугаад мөнгөгүй байсан. Надад куртикээ өгөхгүй гэж нэг удаа миний цээж рүү тэр банди цохисон, тэр сүртэй гэмтэл учруулаагүй. Тухайн үед Жавхлантөгс тэр бацааныг хутгална шүү куртикээ өг гэж хэлж байсан, би ямар нэг үг хэлээгүй хажууд нь байсан...” гэсэн мэдүүлэг [9],

Мөн түүний яллагдагчаар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Жавхлантөгстэй утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро”-гийн буудал дээр уулзахаар болоод би Жавхлантөгстэй 14 цагийн орчим уулзаад бид хоёр 3,4 дүгээр хорооллын эцэс дээр байрлах “Нэхий плаза”-гийн хажууд караоке бааранд орж пиво ууж байгаад гараад, замаасаа дэлгүүрээс том савтай пиво авч уугаад “Саппоро”-гийн автобусны буудал руу очсон. Тэгээд бид хоёр “Саппоро”-гийн автобусны буудлын орчимд явж байсан чинь Жавхлантөгс нэг бандийг харснаа “энэ миний таньдаг хүүхэд байна, хоёулаа энэ хүүгийн өмсөж байгаа савхин куртикийг дээрмдээд авчих уу” гэсэн. Тэгээд бид хоёр нөгөө хүүг дагуулаад 9 дүгээр байрны 1 дүгээр орцонд ороод 7-8 давхарт гараад нөгөө бандийг Жавхлантөгс “куртикээ тайлаад өгчих” гэсэн чинь нөгөө банди өгөхгүй байхаар нь би түүний цээж рүү нь нэг удаа гараараа цохиод “куртикээ өг” гэсэн чинь нөгөө банди “үгүй” гээд миний нүүр рүү цохисон чинь хажуугаар Жавхлантөгс орж ирээд нөгөө бандийг куртикээр хоолойг нь боогоод би хажуугаас нь куртикийг нь тайлж авсан. Тэгээд бид хоёр куртикийг нь аваад шууд доошоо буугаад “Хархорин” зах дээр зарж пиво авч уух гэсэн боловч хүмүүс тэр куртикийг авахгүй байсан. Тэгэхээр нь буцаад нөгөө куртикээ буцаагаад хүүд өгөх гэсэн чинь байхгүй байхаар нь 7 давхарын пункерийн хажууд үлдээгээд явсан. Бид хоёр тэр өдөр жаахан пиво уугаад халсан. Тэгээд дахин нэг пиво уух санаатай байсан чинь мөнгө олдохгүй байсан чинь Жавхлантөгс “би энэ хүүг танина, куртикийг нь аваад зараад пиво авъя” гэж хэлсэн болохоор куртикыг нь авсан. Куртик авах санааг анх Жавхлантөгс гаргасан. Би тэр үед жаахан халамцуу Жавхлантөгс надтай адил согтуу байсан байх, тэр хүү эрүүл архи уугаагүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг [10],

-яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд орохоос айгаад эхнэрээ аваад хөдөө Төв аймгийн Жаргалант сум руу ажлаар явсан. Би явсаныхаа дараа байцаагч Ганцолмонтой холбоотой байсан. Намайг хөдөө ажил хийхээр явахад 14 хоног болоод ирээрэй гэхээр нь би дахиж яриагүй тэр чигтээ явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг [11],

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 449 тоот:

1.Л.Буманбаяр нь Шизоаффектив эмгэг холимог хэлбэр, засралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Болсон явдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /Комиссын дарга Н.Туяа, Гишүүд Л.Баттуяа, Илтгэгч Я.Ганхүү/ гэсэн дүгнэлт [12],

 

-Эд зүйлийн үнэлгээ[13],

-Шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [14],

-Шийтгэх тогтоолын хуулбарууд [15],

-Ж.Хатанбаатарыг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Эрхэмбаяр, Ц.Эрдэнэцэцэг нарын батлан даалтад өгсөн тухай тогтоол [16]  

- мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай даалгавар [17],

-2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ж.Хатанбаатарыг эрэн сурвалжлах тухай баримт [18],

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн  прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаартай тогтоол [19],

-Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн  прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоол [20] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад үзвэл:

 

Нэг. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн талаар.

1.Шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нар бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 09 дүгээр байрны орцонд иргэн Л.Буманбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлэн довтолж 300,000 төгрөгийн үнэтэй савхин куртикийг нь дээрэмдэж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Л.Буманбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Би куртикээ өгөх дургүй байсан. Энэ хоёрын нэг нь намайг цохисон. Энэ талд нь зогсож байгаа/ шүүгдэгч Ж.Хатанбаатар руу заав/ бор царайтай нь куртик булааж авсан. Өндөр нь “хутгалчихна шүү” гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Ц.Мягмаржавын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад  мэдүүлсэн: “...2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Л.Буманбаяр гадаа гарч тоглоно гэж хэлээд дээгүүрээ ....бор өнгийн өвлийн савхин куртикээ өмсөөд гарсан. Тэгээд 1 цаг орчмын дараа Л.Буманбаяр гэртээ орж ирэхдээ дээгүүрээ куртикгүй ирсэн. ...би миний хүү куртикээ яасан гэж асуусан чинь “9 дүгээр байранд 2 ах миний куртикийг авах гэж орцонд оруулаад дээрэмдээд авчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “ямар хүмүүс бэ, зодсон уу” гэж асуусан чинь “миний куртикийг аваад өгөхгүй цамцаар хүзүү боогоод, цээж рүү цохисон, манай энүүгээр байдаг зүс таних ах байсан” гэж хэлсэн. ...Манай хүүгийн өмсөж явсан бор савхин куртикийг би нөхөртэйгээ дэлгүүрээс 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг [21],

-шүүгдэгч Ж.Хатанбаатарын сэжигтнээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Жавхлантөгсийн таньдаг бацаан тааралдахад Жавхлантөгс тэр бацааныг дуудаад “энэ бацааны куртикыг авъя” гэж надад хэлээд нөгөө бацааныг “орц руу орж архи ууя” гэж худлаа хэлж, дагуулаад 9 байрны 1 дүгээр орцонд ороод 7 давхарт гарсан. ...нөгөө бацааны хүзүүг куртикээр нь боогоод би хажуугаас нь нөгөө бацааны цээж рүү нь гараараа цохисон. Тэгээд ...өмсөж явсан куртикыг би тайлж аваад Жавхлантөгс бид хоёр доошоо буугаад “Хархорин” зах руу куртикыг нь зарах гээд явсан. ...Тухайн үед Жавхлантөгс тэр бацааныг “хутгална шүү, куртикээ өг” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг [22],

-Мөн түүний яллагдагчаар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Жавхлантөгс нэг бандийг харснаа “энэ миний таньдаг хүүхэд байна, хоёулаа энэ хүүгийн өмсөж байгаа савхин куртикыг дээрмдээд авчих уу” гэсэн. Тэгээд бид хоёр нөгөө хүүг дагуулаад 9 байрны 1 дүгээр орцонд ороод 7-8 давхарт гарсан. Нөгөө бандийг Жавхлантөгс “куртикээ тайлаад өгчих” гэсэн чинь нөгөө банди өгөхгүй байхаар нь би түүний цээж рүү нь нэг удаа гараараа цохиод “куртикээ өг “ гэсэн чинь нөгөө банди үгүй гээд миний нүүр рүү цохисон чинь хажуугаар Жавхлантөгс орж ирээд нөгөө бандийг куртикээр хоолойг нь боогоод би хажуугаас нь куртикийг нь тайлж авсан. ...дахин нэг пиво уух санаатай байсан чинь мөнгө олдохгүй байсан чинь Жавхлантөгс би энэ хүүг танина куртикыг нь аваад зараад пиво авъя гэж хэлсэн болохоор куртикийг нь авсан. Куртик авах санааг анх Жавхлантөгс гаргасан. ...” [23] гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ[24]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Хатанбаатар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй ба, харин шүүгдэгч Э.Жавхлантөгс нь дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй гэж маргасан.

Шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг гаргасан  бөгөөд шүүгдэгч Э.Жавхлантөгсөөс “...Л.Буманбаяр биднээс гайгүй өмсөх куртик байна уу” гэж асуухаар нь байхгүй гээд буугаад явсан чинь араас Хатанбаатар куртикээ солисон гээд Л.Буманбаярын куртикийг гартаа бариад буугаад ирсэн, түүнийг нь “Хархорин” зах дээр зарах гээд чадаагүй тул буцааж 9 дүгээр байрны пункерийн хажууд хаясан....” гэж мэдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 449 тоот дүгнэлт”-ээр хохирогч Л.Буманбаяр нь Шизоаффектив эмгэг холимог хэлбэр, засралын байдал сэтгэцийн эмгэгтэй боловч болсон явдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... “гэжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Л.Буманбаяр нь цаг хугацааг сайн санахгүй байна, хэн нь цохисоныг мэдэхгүй байна гэж, мөн өвчний учир мэдүүлэг өгөх чадвар нь сул харагдаж байсан хэдий боловч шүүгдэгч нарыг хараад тэдний биеийн өндөр, нам, царайны төрхөөр нэрлэн зааж мэдүүлэг гаргаж байсан бөгөөд уг мэдүүлэгтээ “би урьд нь өндрийг нь таньдаг байсан /шүүгдэгч Ж.Жавхлантөгсийн өндөр 1 метр 86 см, шүүгдэгч Ж.Хатанбаатарын өндөр 1 метр 68см/. Намайг куртикээ өгөх дургүй байхад ...энэ талд нь зогсож байгаа / шүүгдэгч Ж.Хатанбаатар руу заав/ бор царайтай нь куртик булааж авсан. Өндөр нь хутгалчихна шүү гэсэн ...” гэж мэдүүлсэн ба үүгээр шүүгдэгч Ж.Хатанбаатар, Э.Жавхлантөгс нарын үйлдлийг тодорхой ялгаж мэдүүлсэн. Хохирогч Л.Буманбаярын шүүх хуралдаанд гаргасан энэхүү мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч Ж.Хатанбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...9 дүгээр байрны 1 дүгээр орцонд ороод ... куртикээ тайлаад өгчих гэсэн чинь нөгөө банди өгөхгүй байхаар нь би түүний цээж рүү нэг удаа гараараа цохисон, ...Жавхлантөгс тэр бацааныг хутгална шүү ...”гэж хэлсэн гэсэн мэдүүлэгтэй тохирсон, хохирогч болон шүүгдэгч Ж.Хатанбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь  гэрч Ц.Мягмаржавын “... Л.Буманбаяр гэртээ орж ирэхдээ дээгүүрээ куртикгүй ирсэн. “9 дүгээр байранд 2 ах миний куртикийг авах гэж орцонд оруулаад дээрэмдээд авчихлаа...” гэж  надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг буюу дам нотлох баримтаар давхар нотлогдож байх ба ямар нэгэн зөрүү байхгүй байна.

Мөн шүүгдэгч Э.Жавхлантөгс нь хохирогч Л.Буманбаярыг урьд нь таньдаг байсан талаараа мэдүүлсэн ба, хохирогч Л.Буманбаяраас мөн урьд Э.Жавхлантөгсийг таньдаг байсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч Э.Жавхлантөгс хохирогч Л.Буманбаярыг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 9 дүгээр байранд дагуулж орсон талаараа, хохирогч Л.Буманбаяр “2 согтуу ах” гэх буюу Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нарыг дагаж 9 дүгээр байранд орсон талаараа, түүнчлэн тухайн гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нь хэд, хэдэн пиво авч уусан талаараа тус тус харилцан мэдүүлдэг ба эдгээр үйл баримт нь хоорондоо зөрөөгүй тохирч байна.

Иймд шүүгдэгч Э.Жавхлантөгсийн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй гэх мэдүүлэг нь бусад эх сурвалж баримтаар тогтоогдоогүй, дээр дурдсан баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нар нь бүлэглэж оролцохдоо “... шүүгдэгч Э.Жавхлантөгс нь хохирогчийг “хутгална шүү” гэж айлган сүрдүүлж, хохирогчийн куртикээр түүний хоолойг нь боох, шүүгдэгч Ж.Хатанбаатар нь хохирогч Л.Буманбаярыг куртикээ өгсөнгүй гэж биед нь цохих, куртикийг нь хохирогчийн биеэс тайлж авах зэрэг үйлдлээр, заналхийлэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэж хамтран оролцсон байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Буманбаярыг шүүх эмнэлэгт үзүүлэх талаар мөрдөн байцаагч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “шинжилгээ хийх шинжээч томилсон” тогтоол гаргасан байх боловч хохирогч Л.Буманбаяр нь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний бие зүгээр” гэж татгалзжээ.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан байх нөхцлийг шаарддаггүй бөгөөд дээрмийн гэмт хэрэг нь довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлсэн зэрэг шинжтэй байдаг ба, шунахайн сэдэлттэй үйлдэгддэг.

Мөн тус хэрэгт “хутгалчихна шүү” гэж шүүгдэгч Э.Жавхлантөгс хэлсэн талаар байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нар мэдүүлдэг ч шүүгдэгч Э.Жавхлантөгс нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бодитоор хутга хэрэглэсэн гэх буюу зэвсэг хэрэглэсэн болох нь шүүгдэгч нарын биед хутга байсан талаар тогтоогдоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд өмгөөлөгчийг заавал оролцуулах талаар заасан ба уг зүйлийн 40.1.1-д “хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй ....” сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна гэж,

-мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй” гэж тус тус заасан ба эдгээр заалтаас үзвэл сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирогчийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахдаа заавал өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх бололцоогоор хангах үүрэгтэй гэж ойлгоно.

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Буманбаярыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 449 дугаартай дүгнэлтээр “...Шизоаффектив эмгэг холимог хэлбэр, засралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. ...” гэсэн дүгнэлт [25] гаргасан байхад мөрдөн байцаагч, тус хэрэгт хяналт тавьж буй прокуророос дээрх хуульд заасны дагуу сэтгэцийн эмгэг өвчтэй хохирогч Л.Буманбаяраас мөрдөн байцаалтад 2015 оны 04 дүгээр сарын 30, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус ноцтой зөрчжээ.

Шүүхийн шатанд хохирогч Л.Буманбаярын ар гэрт өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар мэдэгдсэн боловч түүний ар гэрээс өмгөөлөгч сонгон авах төлбөрийн чадваргүй талаар шүүхэд мэдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн “Хууль зүйн туслалцааны төв”-ийн өмгөөлөгч хохирогч Л.Буманбаярын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хохирогч Л.Буманбаяраас мөрдөн байцаалтад 2015 оны 04 дүгээр сарын 30, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус авсан мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар цуглуулсан нотлох баримт гэж үзэхгүй тул нотлох баримтаас хасаж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

2.Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нар нь хохирогч Л.Буманбаярын өмсөж явсан куртикийг дээрэмдэн авсан ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос хохирогч Л.Буманбаярын бор өнгийн хагас урттай савхин куртикийн үнийг 300,000 төгрөгөөр тогтоожээ. Уг куртикний үнийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Жавхлантөгс хохирогчид нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Э.Жавхлантөгсийн мэдүүлэг, хохирогч Л.Буманбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нарыг хохирогч Л.Буманбаярт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Хоёр. Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.Хатанбаатар нь бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр тооцогдож, мөн өдөр иргэн Л.Эрхэмбаяр, Ц.Эрдэнэцэцэг нарын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон тогтоол[26]

-сэжигтэн Ж.Хатанбаатарыг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Эрхэмбаяр, Ц.Эрдэнэцэцэг нарын батлан даалтад өгсөн тухай тогтоол [27] ,

-2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай мөрдөн байцаагчийн даалгавар [28],

-2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ж.Хатанбаатарыг эрэн сурвалжлах тухай баримт [29],

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн  прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаартай тогтоол [30],

-Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн  прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоол [31], 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 670 дугаартай тогтоол [32],

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай тогтоол [33],

- гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Ж.Хатанбаатарыг хаана байгааг нь мэдэхгүй  байна.  Яагаад гэвэл утас нь холбогдохгүй, манай эгч Эрхэмбаяртай хөдөө явсан юм шиг байна лээ, хаашаа явсаныг нь би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг[34],

- гэрч Л.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би батлан даагчийн эрх үүрэгтэй танилцсан. Надад хэлэхдээ цагдаад гайгүй миний хэрэг шийдэгдсэн гээд байсан. ...2016 оны 10 сард Төв аймгийн Жаргалант сум руу манаачаар ажилд орохоор яваад Дашаа гэдэг хүний тариалангийн талбайг манахаар манаачаар ажилд ороод 8 сар болчихоод буцаад 2016 оны 03 сард Улаанбаатар хотод ирээд 4 сард манай нөхөр Хатанбаатар цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг[35], гэрч С.Дашжавын мэдүүлэг [36],

-шүүгдэгч Ж.Хатанбаатарын яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд орохоос айгаад эхнэрээ аваад хөдөө Төв аймгийн Жаргалант сум руу ажлаар явсан. ...Намайг хөдөө ажил хийхээр явахад 14 хоног болоод ирээрэй гэхээр нь би дахиж яриагүй тэр чигтээ явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг[37] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хатанбаатар нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлаагүй, мөрдөн байцаагч н.Ганцолмонтой байнга холбогдож байсан, би хөдөө ажил хийж байна, цалингаа аваад тань дээр яваад очъё” гэж хэлж байсан гэж мэдүүлж байх боловч энэ мэдүүлэг нь бусад эх сурвалж, нотлох баримтаар тогтоогдоогүй, дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүнийг мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Хатанбаатарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гурав. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар.

            -Шүүгдэгч Э.Жавхлантөгс нь 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүх уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх ба[38] шүүгдэгч Э.Жавхлантөгс нь хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлд ялтай байдлын талаар заасан ба уг зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан.

Шүүгдэгч Э.Жавхлантөгсийн ялтайд тооцогдох хугацаа 2011 оны 11 дүгээр сард дууссан байх ба хуульд заасан хугацаанд Э.Жавхлантөгс нь шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг ялгүй болсон, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Жавхлантөгс нь Ж.Хатанбаатартай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,

-мөн хуулийн 5 дугаар зүйлд “ялаас өршөөн хасах” талаар заасан ба уг зүйлийн 5.1-д ... Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/ … гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна....” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Э.Жавхлантөгсийн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэстэй байна.

 

            -Шүүгдэгч Ж.Хатанбаатар нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа  дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар [39], суллагдсан тухай тодорхойлолт[40] зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлжээ.

            Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан.

            Ж.Хатанбаатарын хорих ял шийтгүүлсэн хүндэвтэр гэмт хэргийн ялтай хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байна. Ж.Хатанбаатар нь хуульд заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад шүүгдэгч Э.Жавхлантөгстэй бүлэглэж, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлджээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,

            -6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг...” хэрэгсэхгүй болгоно” гэж,

            -10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна...” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Э.Хатанбаатар нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, ялтай байх хугацаандаа бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдож тус хэрэгт сэжигтнээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцогдож, мөн өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж, түүнд мөрдөн байцаалтад Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, прокурор түүнд тус зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн, тус гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон.

            Дээрхээс үзвэл шүүгдэгч Ж.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэхээр байх буюу түүнд хүндрүүлж, хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгох хууль зүйн үндэслэл хуульд зааснаар бий болсон.

            Нөгөө талаас шүүгдэгч Ж.Хатанбаатарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан Өршөөл үзүүлэх  тухай хуульд хамаарч байх ба түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах мөн хууль зүйн үндэслэл бий болсон.

            Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүгдэгчид хэрэглэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах учиртай.

            Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг нь таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байх ба шүүгдэгч Ж.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцлөөр буюу Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шинээр ял сонсгон ялыг нэмэх, багтаах эсэх асуудал бий болох ба энэ нь шүүгдэгч Ж.Хатанбаатарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлтэй байна.

            Иймээс шүүгдэгч Ж.Хатанбаатарын Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа  дуусч суллагдсанаас хойш тоологдсон ялтай хугацаанаас үлдэх хугацааг Өршөөл үзүүлэх  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамаарахгүй зүйл хэсэг”-т Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг хамаарахгүй байх тул уг зүйл хэсгээр оногдуулсан хорих ялын ялтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарна гэж үзэж, Ж.Хатанбаатарын ялтай байдлыг нь Өршөөлийн үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Хатанбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөв гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           

            Мөн шүүгдэгч Ж.Хатанбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт байхгүй ба харин түүний төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа тус тус хэрэгт авагдсан. Эдгээр баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Хатанбаатар нь 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ж.Болдбаатар, Б.Нямдулам нарын гэр бүлд төрсөн байх ба, 1997 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Болдбаатарын Хатанбаатарыг Цамбын Жигж үрчлэн авч, мөн өдөр үрчлэлтийн бүртгэл хийгдэж, овог өөрчлөгдөж, Хатанбаатарыг Жигжээр овоглосон байгааг дурдах нь зүйтэй.

          Шүүхээс шүүгдэгч Э.Жавхлантөгсөд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, шүүгдэгч Ж.Хатанбаатар, Э.Жавхлантөгс нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

          Мөн шүүгдэгч Э.Жавхлантөгсийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилсөн ба, шүүгдэгч Ж.Хатанбаатарт  оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Жавхлантөгсийн тус хэрэгт 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 47 хоногийг, шүүгдэгч Ж.Хатанбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон, мөн шүүхийн шатанд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэстэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Жавхлантөгс, Ж.Хатанбаатар нартай холбоотой иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 


[1]  1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 51-52, 53-55 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар  тал.

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал.

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал.