Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1901

 

 

  С.Г-ийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т А” ХХК-д холбогдох

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 18 дугаар байр, 114 тоот, 57,87 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны үлдэгдэл төлбөр 9 945 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Т А” ХХК-тай орон сууц худалдаж авахаар захиалга өгч, амаар гэрээ байгуулсан. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот 64,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 500 000 төгрөгөөр буюу нийт 96 750 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож, мөн өдрөө 70 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13 805 000 төгрөг, нийт 86 805 000 төгрөгийг “Т А” ХХК-д шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. “Т А” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч С.Г-д холбогдуулан дээрх 64,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг С.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан маргаан бүхий орон сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэхэд нийт талбайн хэмжээ 57,87 м.кв байсан. Өөрөөр хэлбэл, “Т А” ХХК-иас нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгөг шилжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч С.Г нь 86 805 000 төгрөгийг “Т А” ХХК-д төлсөн ба уг төлбөрийн хэмжээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 57,87 м.кв талбайн хэмжээнд дүйцэж байгаа тул С.Г орон сууц захиалгын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Хэдийгээр талууд ямар нэг бичгийн гэрээ байгуулаагүй хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон тайлбараар үйл баримт нь тогтоогдсон гэж үзэж байна. Байрыг улсын комисс хүлээж аваад нэхэмжлэгч байранд амьдарч эхэлсээс хойш одоо хүртэл 60,6 м.кв талбайн хэмжээгээр ашиглалтын зардал төлж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч гэж заасан. Тухайн үед гэрээ хийх боломжгүй байсан. Барилгын обьекттой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг баригдаж байхад нь буюу 2012 онд захиалга өгч, 2013 онд байрыг хүлээн авснаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнгээ 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээж авсан. Тиймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар ажлын үр дүнг хүлээж авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Тухайн үед талбайн хэмжээг илрүүлэх боломжгүй байсан, хариуцагч уг доголдлыг нуун дарагдуулсан гэж үзэхгүй. Талбайн хэмжээ ямар нэг далд нуугдсан, шугам, сүлжээний доголдол биш. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан өдрөө хэмжилт хийлгэх боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар доголдлыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан боловч уг доголдлын талаар гомдол гаргаагүй тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Нэхэмжлэгчийн оршин сууж байгаа орон сууцыг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч уг орон сууцандаа оршин сууж, хэвийн байдлаар амьдарч байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

          Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Г манай компаниас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцыг 96 750 000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд үлдэгдэл 9 945 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэтэл С.Г орон сууцны талбайн хэмжээ тохирсноос дутсан үндэслэлээр үлдэгдэл мөнгө төлөхгүй байгаа нь үндэслэлгүй. Манай компани орон сууцны талбайн хэмжээ нь хэд байхаас үл шалтгаалан багцын үнээр бодож бүхэлд нь 96 750 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Иймд С.Г орон сууцны талбайн зөрүү гэж өөрийн төлөх ёстой мөнгөнөөс суутгах нь үндэслэлгүй тул орон сууцны үлдэгдэл төлбөр 9 945 000 төгрөгийг С.Г-ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч бидэнд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Ийм талбайн хэмжээ дутуу, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ашиглалтын зардлыг 60,6 м.кв талбайд тохирох хэмжээгээр төлөөд явж байгаагаас харагдана. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах талаар заасан байх тул орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-ийн Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-ээс 9 945 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т А” ХХК-д олгож,   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 174 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Г-ээс 174 100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Г нь "Т А" ХХК-ийн удирдлага, өөрийн найзтай харилцан тохиролцож Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байранд 64,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайг 1 500 000 төгрөгө буюу нийт 96 750 000 төгрөгөөр захиалсан. Гэтэл гүйцэтгэгч компаний барьсан 18 дугаар байрны 2 өрөө орон сууцнууд нь бүхэлдээ 60,6 м.кв талбайтай баригдсан бөгөөд энэхүү үйл баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Шүүхээс маргааны зүйл, нотлох баримтуудыг "хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй" талаас хангалттай үнэлж чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, шийдвэрт нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзжээ. С.Г хүлээлгэн өгсөн талбайн хэмжээгээр буюу 57,87 м.кв-аар тооцож төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 60,6 м.кв-аар тооцож, сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Г хариуцагч “Т А” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон 18 дугаар байр, 114 тоот, 57,87 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээний үнэд төлөгдөөгүй 9 945 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхонд баригдаж буй орон сууцны цогцолбор хотхоны барилгаас 64.5 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 500 000 төгрөгөөр захиалан бариулахаар амаар тохиролцож, захиалагч 86 805 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид  төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирсон тул гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

          Хариуцагч “Т А” ХХК нь үйлчилгээ, орон сууцны дээрх барилгыг 2011 оны 3 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд барьж, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 065/2013 дугаартай актаар барилгыг ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон.

         Талууд гэрээ байгуулж байх үед орон сууц нь баригдаагүй, хариуцагчийн өмчлөлд байгаагүй тул талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхүй.

Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан ба орон сууцны талбай нь талуудын тохиролцоонд тодорхой илэрхийлэгдсэн барилгын далд ажилд хамаарахгүй учраас доголдлыг мэдэх боломжгүй буюу мэдээгүй гэж үзэх боломжгүй.         

          Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар захиалагчид талуудын тохиролцсон тоо хэмжээ, чанарт тохирсон биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй буюу орон сууцны талбайн хэмжээ 64,5 м.кв-аас дутсан нь шинжээч “Тоонто гранд” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх 4-5/

    Хариуцагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү доголдлын талаар гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргах ёстой. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл гомдлын шаардлага гаргах хугацаа 6 сар байна. Тэрээр уг хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан ажлын хөлсийг бууруулахаар шаардах эрхийг алдсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тохиолдолд захиалагч үнэ бууруулах үүрэггүй болно.

          Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нь ажлын хөлсийг төлөгдөөгүй хэмжээгээр нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн талбайн хэмжээгээр буюу 57.87 м.кв-аар тооцож, төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Талуудын хооронд тогтоогдсон үйл баримтын хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь өмчлөлд шилжээгүй, хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар  хүлээсэн  үүргээ биелүүлэх хүртэл эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх үүргийн хүрээнд саатуулан барих эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                       ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА