Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/80

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.Б-д холбогдох 1834003940199  дугаартай 1 хавтас, 221 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1972 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн ИхУул сумын Цэцүүх 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ... оршин суух,  ял шийтгэлгүй Г.Б /РД:И372052719/

 

Г.Б нь "Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Молцог элс гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Митцубиши Эл-200 маркийн 50-78 3АА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Алимаагийн амь насыг хохироож, Л.Батцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 179 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Г.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа эрх бүхий байгууллага буюу Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

 Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д " Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж Эрүүгийн хуульд хуульчилсан ба хуульд заасан шаардлагыг шүүгдэгч Г.Б хангаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагыг шүүгдэгч Г.Б хангаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар 2 жил тэнсэх,  албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж  бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Г.Б нь "Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Молцог элс гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Митцубиши Эл-200 маркийн 50-78 3АА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Алимаагийн амь насыг хохироосон, Л.Батцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгон-Аюуш /хх-32-33/, хохирогч Л.Батцэнгэл /хх-39-40/, гэрч Г.Баттогтох /хх-49/, гэрч Б.Сэрсэндэмид /хх-52/ нарын мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний албаны №81,358 дугаартай дүгнэлтүүд /хх-55, 58/, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн №52 дугаартай дүгнэлт /хх-60/, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг /хх-4-5,6-10/, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-29/, шүүгдэгч Г.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-44-45/ болон бусад бичгийн баримтаар нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий  прокурор С.Алимаагийн бичсэн “шүүх шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа  4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг  хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулсан байхад шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байх тул хууль хэрэглээний дээрх алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 234  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Б нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             3. Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий  прокурор С.Алимаагийн бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг  хүлээн авсныг дурьдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

              

                 

 

               

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

 

                                                                                           Г.БОЛОРМАА