Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0334/Э |
Дугаар | 2022/ШЦТ/344 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч/хохирогч Ч.М, Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00136 0289 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овгийн Ч-ийн М, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ** салонд үсчин ажилтай, ам бүл гурав, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Б овгийн Ч-ийн Г, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ** салонд үсчин ажилтай, ам бүл гурав, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны **тоотод хамтран амьдрагч Ч.Г-тэй хардалтаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ** тоотод хамтран амьдрагч Ч.М-тай хардалтаас болж маргалдан улмаар түүний цээж, гуя тус газарт нь 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Ч-ийн М, Б овгийн Ч-ийн Г нар нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны **тоот гэртээ эр эмийн хардалтын улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, шүүгдэгч Ч.Г нь хохирогч Ч.М-ын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх, баруун гуяны хутгалагдсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Ч.М нь хохирогч Ч.Г-ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус бүр учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Ч.Гийн “...орой гэртээ ганцаараа 2 шил пиво уучхаад байж байтал М гаднаас согтуу орж ирээд намайг хардаж маргалдахаар нь би бас М-ыг хардаад маргалдсан. Тэгээд М гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохихоор нь миний уур хүрээд ширээн дээр байсан хар цагаан өнгийн иштэй хутга аваад эхлээд баруун гуя хэсэг рүү нэг удаа хутгалаад дараа нь цээжний баруун хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), хохирогч Ч.М-ын “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр найз Г, Б нартай уулзаж хоолонд ороод орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл Г согтуу байхаар нь би дүүг нь дуудсан чинь дүү О нь ирээд Г-ийг авч явна гэтэл Г яваагүй үлдчихсэн. Би Гийг явчихсан байх гэж ойлгоод архи ууж байгаад буцаад гэртээ ортол Г намайг янхандаж явж ирлээ гээд хардаад байхаар нь би гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон чинь Г ширээн дээр байсан хар, цагаан өнгийн иштэй хутга аваад миний баруун гуя руу нэг удаа хутгалаад дараа нь цээж рүү нэг удаа хутгалсан...” мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 270 дугаартай “...Ч.Г-ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2007 дугаартай шинжээчийн “...Ч.М-ын биед цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх, баруун гуяны хутгалагдсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.М нь яллагдагчаар “...Г намайг хардаад байхаар нь би гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 118-119 дэх тал), шүүгдэгч Ч.Г нь яллагдагчаар “...Би М-ыг хардаад маргалдсан чинь М гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохихоор нь миний уур хүрээд ширээн дээр байсан хар цагаан өнгийн иштэй хутга аваад эхлээд баруун гуя хэсэг рүү нь нэг удаа хутгалаад дараа нь цээжний баруун хэсэгт нэг удаа хутгалсан...” гэж (хавтаст хэргийн 127-128 дахь тал) тус тус мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын хяналтын шатанд яллагдагч Ч.М, Ч.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч нар прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүгдэгч Ч.М нь бүрэн дунд боловсролтой, шүүгдэгч Ч.Г нь дээд боловсролтой, тэд монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 270 дугаар дүгнэлтээр хохирогч Ч.Гийн биед, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2007 дугаар дүгнэлтээр хохирогч Ч.М-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.М, Ч.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Ч.М-ын баруун нүд рүү нь цохисон үйлдэл болон хохирогч Ч.Г-т учирсан “баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл, шүүгдэгч Ч.Гийн хутгалсан үйлдэл болон хохирогч Ч.М-д учирсан “цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх, баруун гуяны хутгалагдсан шарх” гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.М, Ч.Г нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хувьд Ч.М, Ч.Г нар нь харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул тэднийг шүүгдэгчийн хувиар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ч.М, Ч.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 83-86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 88-90 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М-ын хувийн байдлыг,
-шүүгдэгч Ч.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 100-102 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 105-107 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Гийн хувийн байдлыг тус тус тогтоов.
Прокуророос гаргасан “шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
2.2. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Ч-ийн Г, Х овгийн Ч-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Ч.М-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд, шүүгдэгч Ч.М-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г, Ч.М нарт сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г, Ч.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА