Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

                             

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Т.Мижиддорж (томилолтоор), шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01619 0958 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн Б-ны М, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Монголын “**” ХК-д талбайн диспичер ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж ** дугаар байрны ** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын **тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрч Э.Г, хохирогч М.Б нарын маргалдаж, барьцалдаж авсан үйлдлийг таслан зогсоох оролдлого хийх явцдаа хохирогч М.Б-ий зүүн нүд, хамар хэсэг рүү гарын тохой хэсгээрээ хүчтэй цохих болгоомжгүй үйлдлийн улмаас зүүн нүдний нэвт гэмтэл, алимын задрал, зүүн нүдний зовхи, эвэрлэгт шарх, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ш овгийн Б-ны М нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын **тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Э.Г, М.Б нарын маргалдаж, барьцалдаж авсан үйлдлийг таслан зогсоох оролдлого хийх явцдаа хохирогч М.Б-ийзүүн нүд, хамар хэсэг рүү гарын тохой хэсгээрээ хүчтэй цохих болгоомжгүй үйлдэл хийсний улмаас түүнд “зүүн нүдний нэвт гэмтэл, алимын задрал, зүүн нүдний зовхи, эвэрлэгт шарх, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

-Хохирогч М.Б-ий“...Г намайг жаахан унтчих гэхээр нь би унтахгүй гээд маргалдаад барьцалдаад авсан. Тэр үед М бид хоёрыг салгах гэж Г бид хоёрын дундууд орж ирээд ноцолдож байхдаа миний зүүн нүд рүү тохойгоороо тас хийтэл цохисон. Тэгээд нүд харанхуйлаад яаж байгаа юм бэ гэхэд М та хоёрыг салгах гэж байгаад санамсаргүй цохичихлоо гэж хэлтэл хажуугаас Алтаншагай та хоёрыг боль гэж зөндөө гуйлаа шүү дээ, М чамайг цохих гэж цохиогүй салгах гэж байгаад цохичихлоо гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. “...би тухайн үед эмнэлгээр явж байхдаа согтуу байсан. Эмч нарт тохойлдуулсан асуудлаа цохиулснаас гэмтсэн гэж хэлснийг буруу ойлгосон юм байлгүй. Надад М нь эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг гаргаж өгсөн, гомдол саналгүй...”

“... ямар нэгэн зодоон болсон асуудал байхгүй ээ. Тухайн үед би согтуу байсан болохоор Улсын 1 дүгээр төв эмнэлгийн эмч Г.Ундармаад нүд рүүгээ өшиглүүлсэн гэж буруу зөрүү ярьж хэлсэн байна лээ. Мөн “Лазер Мед” эмнэлгийн эмч Л.Оюун-Эрдэнэд хүнтэй зодолдсон гээд буруу ойлгуулаад хэлчихсэн байсан. Би Улсын 1 дүгээр төв эмнэлгийн эмчид үзүүлэхдээ согтуу байсан, хэдэн шил архи ууснаа өмнөх мэдүүлэг дээр мэдүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи гүйцэд гараагүй байсан, нүд өвдөөд хүнтэй ярих тэнхэлгүй байсан тул эмч нарт буруу зөрүү яриад ойлгуулчихсан юм шиг байна. Одоо миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, хараа хэвийн, ямар нэгэн зовуурь байхгүй. М намайг айлган сүрдүүлсэн, дарамталсан, болоогүй асуудлыг болсон мэтээр хэлчих гэж гуйсан зүйл байхгүй, би өөрөө болсон асуудлаа үнэн зөв ярьж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 20, 165 дахь тал),

-Гэрч Э.Г-ын “...би Б-ийг жаахан унтчих гэтэл унтахгүй гээд хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгсэн М хажуугаас салгах гэж босож ирээд дундуур ороод зууралдаж байхдаа Бий нүүр рүү гараараа тохой хэсгээрээ цохисон.

“...тухайн үед хэн нэгэн миний биед халдаж гэмтэл учруулаагүй. Би Б-ийг нүд рүүгээ цохиулсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, түүнээс хэн нэгэн намайг зодсон гэж гомдол гаргаагүй. М Б-ийг санаатай цохиж зодсон асуудал байхгүй, дундуур нь орж салгах гэж байгаад санамсаргүй нүд рүү нь тохойлдчихсон, өөр зүйл болоогүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 181 дахь тал),

-Гэрч У.Ан “...Г Бийг унт гэснээс болж тэр хоёр маргалдаж барьцалдаж авсан. Тэгтэл хажуугаас М босож очоод дундуур нь салгах гээд зогсож байгаад Б-ий зүүн нүд рүү санаандгүй тохойгоороо цохитол нүд нь хавдаж эмнэлэг явсан.

“...тухайн үед хэн нэгэн миний биед халдаж гэмтэл учруулаагүй. Би Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, Г гомдол гаргасан. М Б-ийг зодсон асуудал байхгүй, дундуур орж салгах гэж байгаад санамсаргүй тохойлдчихсон талаар өмнө мэдүүлсэн, Г-ыг хэн нэгэн зодож гэмтэл учруулаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 183 дахь тал),

-Гэрч Ж.Ө-ны “...дуудлагаар очиход 4 согтуу залуу байж байсан. Нэг залуугийн зүүн нүд болон хамар нь гэмтсэн байхаар нь юу болсон талаар асуухад “2 залуу нь хоорондоо маргахад нэг залуу нь дундуур нь орж салгах гэж байгаад цохиулчихсан” гэж хэлэхээр нь “хэн цохисон” гэхэд нэрийг нь санахгүй байна нэг залуу нь “би санаандгүй тохойлдчихсон” гэж хэлэхээр нь цохисон гэх залууг эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн. Тухайн газар очиход ойр орчим хяналтын камер байхгүй байсан. Дуудлагын дагуу очиж илтгэх хуудас, тэмдэглэл үйлдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 155 дахь тал),

-Гэрч Ц.-ны “...дуудлагаар очиход нэг залуугийн нүд нь гэмтчихсэн байсан. Юу болсон талаар манай офицер асуухад “2 залуу нь хооронддоо маргахад нэг залуу нь голоор нь орж салгах гэж байхдаа тохойлдчихсон” гэж байсан. Ойр орчим хяналтын камер байгаагүй, дуудлагын талаар илтгэх хуудас, тэмдэглэл үйлдээгүй. Нэг залуугийн биед гэмтэлтэй, бусад нь гэмтэлгүй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),

-Гэрч Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн их эмч Ч.Т-ын “...Б гэх 40 орчим насны эрэгтэй согтуу ирж үзлэг хийлгэсэн. Гэмтлийг яаж авсан талаар асуухад танил хүндээ цохиулсан гэж хэлсэн, яг яаж цохиулсан талаар хэлээгүй. Би шинжилгээ хийгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлээд явуулсан, түүнээс хойш уулзаагүй. Тухайн үед Б нь хүнд зодуулж, өшиглүүлсэн гэж хэлээгүй, цохиулсан л гэсэн, үзлэг хийхэд нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 176 дахь тал),

-Гэрч М.Б-ий эхнэр Ц.А-гийн “...Улсын 1 дүгээр эмнэлэг дээр очиход нөхөр Б согтуу эмчид үзүүлээд гарч ирж байсан. Тэгээд тухайн үед нөхрөөсөө юу болсон талаар асуухад ажлын газрынхаа хүнд цохиулсан гэж хэлсэн. Б тухайн үед олигтой зүйл яриагүй, дараа нь асуухад манай ажлын газрын М гэх залуу санамсаргүй тохойлдчихсон гэж хэлж байсан. Би Улсын 1, 3 дугаар эмнэлгийн эмч нараас Бийг яаж гэмтэл авсан талаар асуугаагүй, асуух ч ухаан байгаагүй. Нөхөр Б-ий нүд одоо зүгээр хараа орчихсон харж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 178 дахь тал),

-Гэрч Улсын 3 дугаар төв эмнэлгийн их эмч Г.Э-ын “...би тухайн үед Б-тэй биечлэн уулзаж, мөн Улсын 1 дүгээр төв эмнэлэгт үзүүлсэн баримтыг үндэслэж тэмдэглэл үйлдсэн. Тухайн үед Б-өөс гэмтэл яаж авсан талаар асууж байсан, яг юу гэж хариулсан болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6413 дугаартай: “...М.Б-ий биед зүүн нүдний нэвт гэмтэл, алимын задрал, зүүн нүдний зовхи, эвэрлэгт шарх, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

-Шинжээч эмч Б.Н-ийн “...Бий биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтэл тогтоогдоогүй. Гарын тохой хэсгээр цохиулах үед дээрх зүүн нүд, хамар хэсгийн гэмтлүүд бүгд үүсэх боломжтой. Б-ээс тухайн үед яаж гэмтэл авсан талаар асуухад хүнд цохиулсан гэж хэлж байсан. Ямар хүнд хэрхэн яаж цохиулсан талаар хэлээгүй. Бий биед учирсан гэмтлүүд нь нэг болон олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цохих, өшиглөх, тохойлдох алинд ч үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дахь тал),

Түүнчлэн, шүүгдэгч Б.М нь яллагдагчаар: “...бид дөрөв А-н эмээгийн гэрт очихоор болж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын ** тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад очиж гарааш дотор 0.75 литрийн Экс нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан. Тэгтэл Г, Б-ийг унт гээд хоорондоо маргалдаж барилцаад авахаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад санамсаргүй Бий зүүн нүд рүү нь нэг удаа тохойгоороо цохичихсон. Б-ий нүднээс цус гарахаар нь гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн юм .Түүнээс биш санаатай цохиогүй. Би тухайн үед хэн нэгэнтэй маргалдаж муудалцаж зодолдсон асуудал байхгүй. Би болсон бүх үйл явдлыг санаж байна. Би Б-ий эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэж (хавтаст хэргийн 97 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6413 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувь алдагдуулах хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь Э.Г, М.Б нарын барьцалдаж авсан үйлдлийг таслан зогсоох оролдлого хийх явцдаа хохирогч М.Б-ий зүүн нүд, хамар хэсэг рүү гарын тохой хэсгээрээ цохисон үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршиг, нийгмийн аюулыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Мийн хохирогчийг гарын тохой хэсгээрээ цохисон үйлдэл болон хохирогч М.Б-ий биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Э.Г, М.Б нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, барилцаж авсан, тэднийг болиулах гэсэн шүүгдэгч Б.Мийн зүй ёсны шаардлагыг хүлээж аваагүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Б нь эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчид хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах хүнд зэргийн гэмтэл учирсан байгааг харгалзан хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...Болгоомжгүй үйлдлээсээ болж гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Одоогийн байдлаар би өндөр цалин авдаггүй. Цалингийн зээлтэй, хоёр хүүхэдтэй тул торгох ялын хэмжээг хамгийн багаар тогтоож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), Хас банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 63-65 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 66-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

             Шүүгдэгч Б.М нь торгох ялын хэмжээг хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар, хорих ялын  хэмжээг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

            Шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялын хэмжээ болон түүний цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ш овгийн Б-ны М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан таван сая төгрөгөөр торгох ялыг арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заасугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА