Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00711 0391 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн О-ийн А, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 39 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.А нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 39 дүгээр гудамжны ** тоотод иргэн Н.Б-тай “чи миний дүүг дарамталж зовоож байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүүний зүүн буланд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн О-ийн А нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 39 дүгээр гудамжны ** тоотод бэр дүү Н.Б-тай “чи миний дүүг дарамталж зовоож байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, толгойн тус газарт нь гараараа цохиж, бие махбодод нь “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүүний зүүн буланд цус хуралтгэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Н.Б-гийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 39 гудамжны 5 тоотод нэг хашаанд цуг амьдардаг хүргэн ах О.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өөрийн хүү Б “чи машин тэргэнд юм хийлцээд өгсөнгүй” гээд загнаад байхаар нь би нөхөр А-д хандаж “чи хүргэн ахтай яах гэж хамт архи уусан юм бэ, машиныг нь янзлаад өгчихгүй” гэж хэлтэл хүргэн ах... “чи миний дүүг дарамталж зовоож байна, чи салаад зайлаад өг” гэж хэлээд миний үснээс зулгаагаад баруун гараараа миний толгой руу 5-6 удаа цохиод намайг зодоод байхаар нь би гэр лүүгээ гүйгээд ортол миний ардаас орж ирээд толгой шанаа орчим гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 16 дахь тал), гэрч Х.А-ийн “...орой гэртээ орж иртэл эхнэр уурлаад байхаар нь би юу болсон юм бэ гэж асуухад “А ах намайг алгадаад гараараа цохиж зодлоо, тэгэхээр нь би цагдаа дуудаад өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч Н.Ц-ийн “...А ахын гэрт байж байтал гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад хартал Б эгч ах А луу орилоод дайрах үед А ах уурлаад түлхэж харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2702 дугаартай: “...Н.Б-гийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүүний зүүн буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дах тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч О.А нь мөрдөн байцаалтын үед яллагдагчаар: “...Б уурлаад миний нүүр хэсэгт гараараа цохиод авахаар нь би нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа алгадсан ... Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал) өгсөн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч О.А нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2702 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Б-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Б-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч О.А-ын хохирогчийн үснээс зулгааж, толгой, шанаа руу цохисон үйлдэл болон хохирогч Н.Б-д учирсан тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүүний зүүн буланд цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.А-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 44-68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 70-73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн О-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.А-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА