Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

                             

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03088 0317 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Б-ийн Э, 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 84 айлын ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ш-тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохиж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Б-ийн Э нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 84 айлын ** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ш-тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч С.Ш-ын “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 84 айлын ** тоотод байсан. Миний шүд өвдөөд байхаар шүдний өвчингөө архиар дарах гэж дэлгүүрээс 0.75л Хараа архи аваад гэртээ ирээд Ж-той хамт архиа уугаад сууж байтал манай дүүгийн найз Э хүрч ирээд хамт уусан. Тэгтэл Э манай дүү Жийг авч явах гээд байхад нь би дүүгээ хаашаа явах гээд байгаа юм бэ гээд өөр лүүгээ татсан чинь Э Жийн араас мөрөн дээгүүр нь гараа давуулаад миний нүүр лүү 1 удаа цохисон. Ж бид хоёрыг хойш түлхэж салгаад Э-ыг дагуулаад яваад өгсөн...надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэрч С.Ж-ийн “....бид нар архи хувааж уугаад сууж байтал манай ах Ш архиндаа согтоод Э-тай маргалдаад байхаар нь салгах гэсэн чинь Э Ш-ын нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь Э-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч Б.О-ын “...Манай нөхөр Ш хүнд зодуулсан байдалтай зүүн нүд нь хөхөрч хавдсан байхаар нь би яачихсан юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн...Би дараа нь Ш-аас хэн чамайг зодсон юм бэ гэсэн чинь Ж-ийн найз нь миний нүүр рүү цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч Ж.М-ын “...Манай нөхөр Ж түүний ах Ш, Ж-ийн найз Э нар хэсэг сууж байгаад гэрээс гараад явсан. Удалгүй Ш ахын нүд хөхөрчихсөн ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11779 дугаартай шинжээчийн: “...С.Ш-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Э нь яллагдагчаар “...0.75 литрийн Хараа архи хувааж уугаад сууж байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Тайга нэртэй архи аваад Ж, түүний ах Ш нартай хамт хувааж уугаад байж байтал Ж манай гэрт очно гээд байхаар нь би дагуулаад гарах гэтэл Ш Ж-ийг явуулахгүй “чи түрээсээ надад өгөөд яв” гэхээр нь би Жийг өмөөрөөд Ш-тай маргалдсан. Би “чи ямар арчаагүй юм бэ, төрсөн ах нь байж” гэсэн Ш миний араас татахаар нь би түүнийг хойш түлхсэн. Тэгтэл Ш миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэж (хх-ийн 85-р хуудас) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн     2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11779 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Ш-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Э-ын гараараа хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдэл болон хохирогч С.Ш-ын зүүн нүд, уруул, хамар, эрүүнд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие биеийнхээ эрх чөлөөнд халдсан байна. Гэхдээ шүүгдэгчийн биед гэмтэл учраагүй, мөн түүнд аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүсээгүй байсныг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...би ажил эрхэлдэг тул торгох ял биелүүлэх боломжтой. Торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-ын “ гэр бүлтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, оршин суух тодорхой хаягтай, эрхэлсэн ажилтай” гэсэн хувийн байдлыг тодорхойлов.

 Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-т сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА