Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Хохирогч Т.Б

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Б сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ц.Э-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн Т.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2022 оны 02 сарын 10-ны өдөр манай дүү Д-н эхнэрийн найз Сайншанд сумаас ирсэн гээд  сууцгаасан. 2 том савтай пиво, 1 архи уусан. Тэгээд гэр караоке дуудаж дуулсан. Би их согтсон байсан учраас миний үснээс зулгаахаар нь гарыг нь тавиулах гэж хазсанаа санаж байгаа, бусад үйл явдлыг санахгүй байна. Хохирогчид учирсан гэмтэл дээр маргаан байхгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогч 800,000 төгрөг нэхэмжилснээс 400,000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн 400,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 20-нд өгнө гэж тохирсон. Хохирогчийг ямар ч байсан гомдолгүй болгоно, заавал баримт энэ тэр шаардахгүйгээр 400,000 төгрөгийг төлнө. Хийсэн хэгтээ гэмшиж байна. Би сард 467,000 төгрөгийг үндсэн цалинтай ажил хийж байгаа, манай нөхөр өдрийн 50,000 төрөгийн цалинтай ажил хийдэг. Ийм учраас торгуулийн ялыг зөвшөөрч байгаа ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнБи хэрэг гардаг өдөр найз охинтой хамт гадуур ажилтай явж байсан чинь манай хүүхэн болох Н нь хамт явж байсан А-н утсаар залгаад бид хоёрыг хаана явж байгаа юм бэ гэхээр нь бид хоёр гадуур ажилтай явж байна гэсэн чинь Н гэх найз хүүхэн маань манайд яваад ир гэхээр нь Н-н гэрт А бид хоёр такси бариад гэрт нь очсон  шандаас найз нөхөд нь ирсэн гээд байцгааж байсан. Тэгээд гэр караоке дуудаад дуулцгаасан. Намайг очиход гэрт байсан хүмүүс нилээд согтсон байсан. Би сүүлд очсон болохоор их архи уугааггүй болсон асуудлыг санаж байгаа. Ингээд би нөхрөө дуудаад утсаар ярихад Э “дуу дуулж байхад дуугүй байгаач гичий минь “ гээд уурласан, би гичий гэж хэллээ гээд босоход намайг гараараа түлхээд унагаасан. Ингээд үснээсээ зулгаалцахад миний баруун гарын шуу хазсан, хацар хазсан, хоолой боосон, хөмсөгний гол мөргөсөн, хамар руу мөргөсөн. Манай нөхөр бид 2-ыг салгасан. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын таславч мурийсан, заавал хагалгаанд орж тэгшилнэ гэсэн. Тэгээд би Э-т эмэгтэй хүн учраас хамраа янзлуулна, мөнгө байхгүй байна, хамгийн багадаа 800,000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Надад 400,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 400,000 төгрөгийг 4 сарын 20-нд өгнө гэж хэлсэн. Гэхдээ одоо энэ 4 дэх өдөр хотоос эмч нар ирнэ, хагалгаанд орно гэсэн, гэтэл надад мөнгөний боломж байхгүй байна. Надад одоогийн байдлаар эмчилгээний ямар нэг баримт байхгүй байна, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тэр өдөр гэртээ найз нарынхаа хамт ганц хоёр пиво ууж байгаа дараа нь нэг шил архи дэлгүүрээс авч дөнгөж задалж нэг нэг татаж байгаад хажууд байдаг ахын эхнэр болох Ц.Э гэгчийг дуудан гэртээ оруулж хамт архи пиво уусан тухайн үед манайд манай гурван найз байсан сүүлд нь найз Б-г утсаар дуудан найз хаана явна гэсэн чинь би гадуур найзтайгаа явж байна гэхээр нь чи манайд яваад ирээч найз нь ганц юм ууж байна гэсэн чинь төд удалгүй Б, А-н хамт ирсэн. А найз маань архи уухгүй одоо ажилтай гээд явсан тэгэхээр энь бид нар манайд байсан архи пиво ууж байгаад дуудлагын кароке цагаар авч жаахан дуулж байсан, манайд байсан гурван найзын хоёр нь за за бид хоёр явлаа гээд оройны 18 болж байхад манайхаас явсан гэрт би болон манай бэр эгч Ц.Э, найз Б, найз А гэх хүмүүс байсан. Тэгтэл Б манай бэр эгч Э хоёр хоорондоо маргалдаж байснаа гэнэт муудалцан бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь та хоёр боль гэж хэлсэн чинь салах шинжгүй байсан, тэгтэл гаднаас Б-н нөхөр орж ирээд тэр хоёрыг салгасан, би хэн нь хэндээ гэмтэл учруулсан талаар сайн мэдэхгүй байна, би өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай бэр Э нь Б-н толгойноос гараараа зулгаасан, мөн гарны дотор талаас нь хазсаныг сайн санаж байна тэгээд манай гэрт нээх зодоон болоогүй цагдаа нар ирээд аваад явсан өөр зүйл болоогүй. Тэр хоёр болон бид бүгд адилхан согтуу байсан, бид нар 2,5 гр гурван том пиво, 750rp том архи хамт хувааж уусан ууж байхад манай найз нараас түрүүнд нь гэрээс гарсан хоёр найз маань нээх уугаагүй харин Б, Э, би, А бид хэд хувааж уусан… би их согтсон байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна…“гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “1. Т.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.

2.Т.Б-н биед хамрын таславчны муруйлт, цох хэсэгт цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн эрүүний дунд хэсэгт, баруун хацарт цус хуралт, хүзүүний баруун талд зулгаралт, баруун шууны дотор талд цус хуралт, баруун бугалганы урд дунд талд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/069 тоот дүгнэлт /хх-ийн 19-20/

Хохирогч Т.Б-н амбулториороор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 21-23/

Шүүгдэгч Ц.Э-г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/

Шүүгдэгч Ц.Э нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 36-37/

Хохирогч Т.Б-н цагдаагийн хэлтэст гаргасан”  Миний бие 2022 оны 02 сарын 10-ны өдөр Э-тэй маргалдаж эрүүгийн хуулийн 11.6-д заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Миний бие Э-тэй эвлэрсэн санал хүсэлт гомдолгүй. Э-с хохирлын төлбөрт 800,000 төгрөг авахаар болсон бөгөөд 400,000 төгрөг өнөөдөр авсан. Үлдэгдэл 400,000 төгрөгийг 4 сарын 20-н гэхэд төлж барагдуулахаар тохирсон болно. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт  /хх-ийн 63/

Шүүгдэгч Ц.Э-н Прокурорын газарт гаргасан “ Миний бие Ц.Э өөрт шалгагдаж байгаа хэргийг хялбаршуулсан шугамаар шийдүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь авж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод хохирогч Т.Б-г утсаар ярьж байхад нь “дуу дуулж байхад дуугүй байгаач гичий минь” гэж хэлж, хоорондоо муудалцан бие, биенийхээ үснээс зулгаасан, улмаар  шүүгдэгч нь хохирогчийг “баруун гарын шуу хазсан, хацар хазсан, хоолой боосон, хөмсөгний гол мөргөсөн, хамар руу мөргөх “ зэргээр зодож, улмаар хамрын таславчны муруйлт, цох хэсэгт цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн эрүүний дунд хэсэгт, баруун хацарт цус хуралт, хүзүүний баруун талд зулгаралт, баруун шууны дотор талд цус хуралт, баруун бугалганы урд дунд талд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Т.Б-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2022 оны 02 сарын 16-ны өдөр 04/069 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2022 оны 02 сарын 16-ны өдөр 04/069 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогчийн нэхэмжилсэн 800,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг төлсөн, үлдэх 400,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 20-ны өдөр төлөхөөр илэрхийлсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогодож байх тул шүүгдэгчээс 400,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-т олгох нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогч нь хамрын таславчны мурийлтийг янзлуулах хагалгаанд орно гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-с 400,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-т олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Э нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц