Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Хохирогч Н.Д

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1-р хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан Д овогт А.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2020 оны 10-р сарын 22-ны өдөр А А гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Р.О-с 200,000 төгрөгийг, Н.Д-с 70,000 төгрөгийг, Б.Ц-с 200,000 төгрөгийг, нийт 470,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улаанбаатар хотын харьяат хүн бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт барилга дээр ажиллаж байх үедээ буюу 2020 оны 10-р сарын 22-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнд сууж байхдаа гар утсаа ашиглан фейсбүүкээр орж байхдаа “А” гэх хаяг руу орох гээд 88 дугаараар эхэлсэн дугаараар хөөж байтал хаяг руу нь орчихсон юм. Тэгээд хүмүүсийн бичсэн чатыг харж байгаад  түр зээлэх мөнгө байна уу гэж харилцан мессеж бичиж байгаад хамт ажилладаг хүнийхээ картыг ашиглаж байсан учраас тус картандаа 3 хүнээс 470,000 төгрөгийг авсан. Хохирогч нарыг мэдэхгүй” гэжээ. /хх-ийн 103-104/

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байсан. Тухайн өдөр 15 цагийн үед хүний фэйсбүүк ашиглаж 3 хүнээс мөнгө асууж нийт 470,000 төгрөг авсан. Үүнээс О гэх хүнд 150,000 төгрөгийг өгсөн. Д гэж хүнд 70,000 төгрөгийг өгчихсөн байгаа. Ц гэж хүнд 200,000 төгрөгийг нь өгөх гэсэн боловч туслах нь утсыг нь аваад эмнэлэгт хэвтэж байна дараа ярь гээд өгч чадаагүй. Одоо нийт 250,000 төгрөгийг хохирол төлөөгүй байгаа. Энэ мөнгийг энэ шүүх хуралдаанаас гараад төлнө. Мөнгөний хэрэг гарсан байсан учраас ийм залилан хийдэг байсан. Кодыг нь таадаг” гэв.

Хохирогч Н.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “А-д фэйсбүүкээ хакердуулсан хүн бол Замын-Үүд сумын 3-р багт амьдардаг Г.А гэж хүн байгаа. Би энэ хүнтэй ажил хэргийн холбоотой. Саяхан өвчний улмаас нас барсан. 2021 оны 10 сарын 22-ны өдөр А эгчийн фэйсбүүк хаягаас над руу 500,000 төгрөг зээлэх үү маргааш өглөө эргүүлээд өгье гэхээр нь би өөрт байсан 70,000 төгрөгөө шилжүүлсэн. Тухайн үед А эгч химийн тарианд орсон хүнд өвчтэй байсан. Гүйлгээнийхээ утгыг Ц-с гээд хийчихээрэй гэсэн. Тухайн үед чат бичихдээ өгүүлбэр зүй болон үсгийн алдаатай бичээд байхаар нь жаахан гайхсан. Өмнө нь надтай харилцахдаа хэзээ ч тийм алдаатай бичдэггүй байсан юм. Тэгээд би бодохдоо хүн химийн тарианд орчихоор ингэж алдаатай бичдэг юм байлгүй дээ гээд бичсэн чат болон мөнгө шилжүүлсэн хуулганыхаа зургийг дарж авсан. А уг нь надаас мөнгө гуйхаар хүн биш. Санхүү мөнгө сайтай хүн байсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байхад би А эгч рүү залгаад бие нь яаж байна эм тариа нь тийм үнэтэй байгаа юм уу? хэр хэмжээний мөнгөний хэрэг гарсан бэ гээд асуухад юун мөнгө би чамаас мөнгө асуугаагүй гэхээр нь өчигдөр орой таны фэйсбүүк хаягаас над руу чат бичээд мөнгө асуухаар нь би өөртөө байсан 70,000 төгрөгөө өгчихсөн шүү дээ гэтэл би өчигдөр шинэ утас аваад фэйсбүүкээ оруулах гэж үзээд орохгүй байхаар нь унтаад өгсөн, цагдаад хандъя гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй над руу цагдаа яриад таны баримтууд хэрэгтэй байна гээд би баримтуудаа өгсөн. Шүүгдэгч залууд хэлэхэд санаатайгаар залилан хийнэ гэдэг албаар хүний амь насыг бүрэлгэж байгаагаас ялаагүй зүйл шүү дээ. Залилан хийж байгаа хүн хэнийг ч хайрладаггүй. Магадгүй чи эцэг эхээ ч хайрладаггүй байх. А эгч ходоодны хорт хавдрын эцсийн шатанд орчихсон ямар ч найдваргүй болчихсон байсан хүн. Гэтэл чи тэр хүний чат руу ороод биеийн байдал нь хүнд байгааг мэдсээр байж хүмүүс рүү чат бичиж мөнгө авсан чинь маш харамсалтай санагдсан. Энэ бол чиний олдмол шинж чанар байна. Дахиж хэзээ ч битгий ийм үйлдэл гаргаарай гэж хэлмээр байна. Чи өчигдөр мөнгөө хийхдээ уучлаарай гээд гүйлгээний утга дээр нь хийчихсэн байхаар надад маш эерэг сэтгэгдэл төрсөн. Дахиж битгий хүний эмзэг байдлыг ашиглаж залилан хийгээрэй гэж хэлмээр байна. Чиний хакердсан хүн 2 сарын өмнө бурхан болсон. Магадгүй чиний эргэн тойрны хайртай хүнд чинь ийм зүйл тохиолдвол яах вэ гэдгийг ойлгож ухаараасай гэж хүсэж байна” гэв.

Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг  2020 оны 10-р сарын 22-ны орой 21 цагийн орчим фэйсбүүк хаягаараа өөрийн ашигладаг хавдрын группт ороод мэдээлэл уншиж байхад гэнэт миний “А” гэх хаяг нь сүлжээнээс гарч эргэж фэйсбүүк хаягт орох гэхэд орохгүй байсан. Тэгэхээр нь орой болж байсан учир унтаж амарсан. Маргааш өглөө Д залгаад та яасын бэ? таны бие дайжгүй юу? гэхээр нь  чи гэнэт юу болсон юм бэ? гэхэд та надаас 70,000 төгрөг авсан биздээ гэхээр нь гайхаад өөрийн хүүхдүүд рүү залгаад энд 1 юм болохоо байчих шиг боллоо гээд яриад удалгүй фэйсбүүк хаягаа алдсанаа мэдсэн. Миний хаягийг ашиглан бусад хүмүүс рүү чат бичиж Г гэх иргэний Х банкны ... дугаарын данс руу мөнгө хийлгүүлж залилсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А эгчийн чатаар над руу маргааш болтол мөнгө зээлэхгүй биз гээд орж ирсэн. Тэгэхээр нь  би чухал хэрэг болж гэж бодоод  хэд вэ гэсэн чинь 200,000 төгрөг гээд Х банкны ... данс руу Ц-с эмний мөнгө гээд хийгээд өгөөч гэхээр нь би 200,000 төгрөгийг өөрийнхөө данснаас хийсэн. Надад 200,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хохирлоо барагдуулчихвал өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн , 46-47, 86-87/

Хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А гэх хаягтай хүнээс эгчид нь мөнгөний хэрэг гараад байна маргааш өглөө шилжүүлчихнэ гэхээр нь надад их мөнгө байхгүй байгаа нь энэ гээд 200,000 төгрөг явуулчихсан. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа нөгөө А гэх хаягаар орж та нөгөө мөнгө гэж хэлсэн чинь юун мөнгө билээ эгч нь чамаас мөнгө аваагүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Манай ээж А-н “Г.А” гэх цахим хаяг байдаг. Энэ фэйсбүүк хаягийн кодоо манай ээж алдсан. ...3-р багийн Засаг дарга Д ээж рүү залгаад бие нь гайгүй юу гэхэд гайхаад асуухад та орой над руу чат бичиж Г гэх нэртэй данс руу 70,000 төгрөг авсан биз дээ гэсэн. Үүний араас О 200,000 төгрөг, Ц 200,000 төгрөг гэх мэтээр Х банкны ... дугаартай Г гэх иргэний нэрийн дансанд мөнгийг авсан байсан. Одоо миний мэдэж байгаагаар дээрх 3 хүнээс 470,000 төгрөг авсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 5374/20/383 дугаартай Б.Г-н Х банкны ... дугаартай дансны хуулга /хх –ийн 26-28/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/

Хохирогч нараас нэхэмжилж буй хохирлын тооцоо /хх-ийн 114/

... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 134-138/

2022 оны 03-р сарын 09-ны өдрийн ялтан А.А-н ялын тооцоо /хх-ийн 140/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.А нь 2020 оны 10-р сарын 22-ны өдөр А гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Р.О-с 200,000 төгрөгийг, Н.Д-с 70,000 төгрөгийг, Б.Ц-с 200,000 төгрөгийг, нийт 470,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэм буруутай болох нь хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг  2020 оны 10-р сарын 22-ны орой 21 цагийн орчим фэйсбүүк хаягаараа өөрийн ашигладаг хавдрын группт  ороод мэдээлэл уншиж байхад гэнэт миний “А” гэх хаяг нь сүлжээнээс гарч эргэж фэйсбүүк хаягт орох гэхэд орохгүй байсан. Тэгэхээр нь орой болж байсан учир унтаж амарсан. Маргааш өглөө Д залгаад та яасын бэ? таны бие дайжгүй юу? гэхээр нь  чи гэнэт юу болсон юм бэ? гэхэд та надаас 70,000 төгрөг авсан биздээ гэхээр нь гайхаад өөрийн хүүхдүүд рүү залгаад энд 1 юм болохоо байчих шиг боллоо гээд яриад удалгүй фэйсбүүк хаягаа алдсанаа мэдсэн. Миний хаягийг ашиглан бусад хүмүүс рүү чат бичиж Г гэх иргэний Х банкны ...  дугаарын данс руу мөнгө хийлгүүлж залилсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А эгчийн чатаар над руу маргааш болтол мөнгө зээлэхгүй биз гээд орж ирсэн. Тэгэхээр нь  би чухал хэрэг болж гэж бодоод  хэд вэ гэсэн чинь 200,000 төгрөг гээд Х банкны ... данс руу Ц-с эмний мөнгө гээд хийгээд өгөөч гэхээр нь би 200,000 төгрөгийг өөрийнхөө данснаас хийсэн. Надад 200,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хохирлоо барагдуулчихвал өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 86-87/, хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А гэх хаягтай хүнээс эгчид нь мөнгөний хэрэг гараад байна маргааш өглөө шилжүүлчихнэ гэхээр нь надад их мөнгө байхгүй байгаа нь энэ гээд 200,000 төгрөг явуулчихсан. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа нөгөө А гэх хаягаар орж та нөгөө мөнгө гэж хэлсэн чинь юун мөнгө билээ эгч нь чамаас мөнгө аваагүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ээж  А-н “Г.А” гэх цахим хаяг байдаг. Энэ фэйсбүүк хаягийн кодоо манай ээж алдсан. ...3-р багийн Засаг дарга Д ээж рүү залгаад бие нь гайгүй юу гэхэд гайхаад асуухад та орой над руу чат бичиж Г гэх нэртэй данс руу 70,000 төгрөг авсан биз дээ гэсэн. Үүний араас О 200,000 төгрөг, Ц 200,000 төгрөг гэх мэтээр Х банкны ... дугаартай Г гэх иргэний нэрийн дансанд мөнгийг авсан байсан. Одоо миний мэдэж байгаагаар дээрх 3 хүнээс 470,000 төгрөг авсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 5374/20/383 дугаартай Б.Г-н Х банкны ... дугаартай дансны хуулга /хх –ийн 26-28/, хохирогч нараас нэхэмжилж буй хохирлын тооцоо /хх-ийн 114/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.А-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч А.А нь 2020 оны 10-р сарын 22-ны өдөр А гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Р.О-с 200,000 төгрөгийг, Н.Д-с 70,000 төгрөгийг, Б.Ц-с 200,000 төгрөгийг, нийт 470,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд  сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.О нь хохирол төлбөрт 200,000 төгрөгийг, хохирогч Н.Д нь 70,000 төгрөгийг, хохирогч Б.Ц нь 200,000 төгрөгийг, нийт 470,000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилсэн.

Шүүгдэгч А.А нь дээрх хохирогч нарт учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.Д-д 70,000 төгрөгийг, хохирогч Р.О-д 150,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн тайлбар болон банкны орлогын баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчээс 50,000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.О-д, 200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ц-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч А.А-н үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болно. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь уг гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ буюу 2020 оны  07,12-р сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож ... оны ...-р сарын ...-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 03-р сарын 23-ны өдрийн байдлаар шүүгдэгч А.А нь 1 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдэгдэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуудсан 8 сарын  хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/  сар, 25 /хорин тав/ хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 /ес/ сар,  25 /хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.А-н үйлдсэн гэт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан зүйлд хамаарч байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/  сар, 25 /хорин тав/ хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн сольсугай.

6.Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А-с бусдад учруулсан гэм хорын төлбөрт 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух Р.О-д 50,000 /тавин мянга/ төгрөг, хохирогч  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороололд оршин суух Б.Ц-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.Ц