Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2022/0031/Э |
Дугаар | 33 |
Огноо | 2022-03-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.Содбаяр
Шүүгдэгч Х.Батхөлөг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х.Б-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 03-р сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Х.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02-р сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, ... тоотод төрсөн ах Х.Б-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 02 сарын 28-ны өдөр аав хүрээд ир гээд байхаар нь би ажилтай байж байгаад орой нь очсон. Очиход ах согтуу байсан. Манайх ах олон жил архи ууж байгаа юм. Тэгээд ээж бид хоёр юм ярих гэтэл яриулахгүй зурагт чангалаад ээжийг налж унах гээд байхаар нь уурласандаа 2, 3 удаа ахыгаа цохьсон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ах надаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Шинжээчийн дүгнэлтийн гарсан зардлыг төлсөн” гэжээ.
Шүүгдэгч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02-р сарын 28-ны өдөр орой ажлаа тараад гэртээ харих санаатай явж байсан чинь манай төрсөн аав утсаар дуудаад чи ирж ээжийгээ харж бай би гадуур ажилтай байна гэхээр нь гэртээ ирсэн....Б архи уучихсан ээж бид хоёрыг юм яриулахгүй зурагтын дуу чангалаад байхаар нь би ахыгаа та өрөөндөө орж амар архи уучихаад одоо амар гэсэн чинь өрөөндөө орж унтахгүй хоёр өрөөний хооронд нааш цаашаа холихоод ээжийг амраахгүй байхаар нь ах Б-г та архи үнэртүүлчхээд ямар хэцүү юм бэ? гэж хэлсэн чинь өөдөөс хараагаад зүхээд байхаар нь би барьж аваад дээр нь гарч яасан хүн хайралдаггүй юм бэ? байнга архи уучихаад ээжийг зовоож ханахгүй хүн бэ? гээд нүүр тус газарт нь 4,5 удаа алгадсан. Тэгтэл миний өөдөөс шүлсээрээ нулимхаар нь би цээжний хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/
Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02-р сарын 28-ны өдөр найз нартайгаа Т гэх байрны ... тоотод 2 шил Е нэртэй архи уусан. 18 цагт гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай аав Х, ээж Д хоёр байсан. Би хоол унд идчихээд усанд орох гэсэн чинь аав намайг согтуу усанд орж яах юм бэ? гэхээр нь зүгээр нөгөө өрөөнд орж унт гээд үглээд байсан. ...20 цагийн орчимд манай төрсөн дүү Х.Б аавын гэрт ирээд ах та нөгөө өрөөнд орж унтаа гээд байсан. ...ээж дүү хоёр юм ярих гээд намайг унт, зурагтын дуугаа багасга ээжтэй юм яриулахгүй юм наад архи дарсны чинь үнэр танар чинь аймар үнэртэж байна нөгөө өрөөнд орж унт гээд дүү Б нь уурлаад байсан. Би тоохгүй суугаад байсан чинь манай дүү үгэнд орохгүй юм гээд толгой руу гарын араараа цохьсон. Тэгээд бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгсэн чинь манай дүү миний дээр гарч суугаад миний нүүр рүү гараа алагдаад байсан. Тэр үед манай дүүгийн найз бид хоёрыг салгаад манай дүү Б нь миний дээрээс босохдоо цээжин дээр өвдгөөрөө чанга дараад босоод цаашаа яваад өгсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн байсан. Би архи уучихсан их согтуу байсан. Надад гомдол санал байхгүй, ямар нэгэн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17,20/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь бие муутай ээжийнхээ дээрээс унах гээд согтуураад энэ тэнд гишгээд яваад байсан тэгтэл манай найзын аав нь энэ Б архи байнга уугаад бид хоёрыг их зовоох юм даа гээд үглээд байсан. ...тэгтэл манай найз Б хөөе та одоо ямар ядаргаатай юм бэ? та унтаж амар гэж байсан. Би тухайн үед жижиг өрөөнд утсаа оролдоод сууж байсан чинь том өрөөнд пид пад гээд чимээ гарахаар нь ороод харсан чинь манай найз Батхөлөг ахынхаа дээр гараад суучихсан гараараа нүүрний хэсэгт нь алгадаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02-р сарын 28-ны орой гэртээ байж байсан чинь манай дээд давхрын айлын хүмүүс чанга чанга дуугараад дуу чимээ гараад байхаар нь хэсэг чагнаж байтал үргэлжлээд байхаар нь уул нь манай дээд айлд настай хоёр хүн амьдардаг яасан юм бол гэж бодож байснаа ер нь цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34/
2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 04/087 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:
- Х.Б биед гэмтэл тогтоогдлоо.
- Х.Б биед нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд 3-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 43-44/
Шүүгдэгч Х.Б нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57/
Шүүгдэгч Х.Б-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хх-ийн 59/
Шүүгдэгч Х.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 134/
2022 оны 03-р сарын 25-ны өдрийн 5/14 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 139-141/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02-р сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, ... тоотод төрсөн ах Х.Б-тай маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь 4,5 удаа алагдаж, босохдоо цээжин дээр өвдгөөрөө чанга дарсаны улмаас эрүүл мэндэд нь нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цээжний баруун талд 3-р хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Х.Б-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.Б-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тоохгүй суугаад байсан чинь манай дүү үгэнд орохгүй юм гээд толгой руу гарын араараа цохьсон. Тэгээд бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгсэн чинь манай дүү миний дээр гарч суугаад миний нүүр рүү гараа алагдаад байсан. Тэр үед манай дүүгийн найз бид хоёрыг салгаад манай дүү Б нь миний дээрээс босохдоо цээжин дээр өвдгөөрөө чанга дараад босоод цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17,20/, гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгтэл манай найз Б хөөе та одоо ямар ядаргаатай юм бэ? та унтаж амар гэж байсан. Би тухайн үед жижиг өрөөнд утсаа оролдоод сууж байсан чинь том өрөөнд пид пад гээд чимээ гарахаар нь ороод харсан чинь манай найз Б ахынхаа дээр гараад суучихсан гараараа нүүрний хэсэгт нь алгадаж байсан” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02-р сарын 28-ны орой гэртээ байж байсан чинь манай дээд давхрын айлын хүмүүс чанга чанга дуугараад дуу чимээ гараад байхаар нь хэсэг чагнаж байтал үргэлжлээд байхаар нь уул нь манай дээд айлд настай хоёр хүн амьдардаг яасан юм бол гэж бодож байснаа ер нь цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, 2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 04/087 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Х.Б-т ял оногдуулахдаа хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь торгуулийг ялыг сайн дураар төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц