Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/81

 

 

 

 

 

 

 

 

 

 Ш.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч Ш.М  ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ш.М-д холбогдох 201719000150 дугаартай 2 хавтас, 316 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол  улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, ...  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.М  , /РД:НМ72102510/.

 

Ш.М   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Морин хуур” амралтын газарт 2017 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Ууганбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гурилын модоор болон гараараа, хөлөөрөө цохиж, өшиглөж зодож, улмаар гал түлсэн халуун пийшин рүү түлхэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М  ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 189 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Ш.М  ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ш.М  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, шүүхэд түүний бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын гулууз модыг устгахыг шүүхийн Тамгын газарт даалгаж, хохирогч Д.Ууганбат нь 5.500.000 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ш.М  ийн таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорьж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.09-ны өдөр шүүгдэгч Ш.М-д холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэсэн дараах үндэслэл байна. Хэрэг учрал 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө гарсан гэх. Уг хэргийн улмаас хохирогч Д.Ууганбатын биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь /хх 205-206 хуудас, хх-210-212 хуудас/ шинжээчийн мэдүүлэг /хх 215-220 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Энэ нь тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйл ангиар зүйлчлэгдсэн. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх ёстой байсан, хууль буцаан хэрэглэх асуудал дээр үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг хэрэглэдэггүй зарчимтай.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг үндэслэж шийтгэх тогтоол гаргасанд маш их харамсаж байна. Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял шийтгэх асуудал зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Энэ Үндсэн хуулийн болоод эрүүгийн эрх зүйн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуульд нэмэлтээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах гэж гэмт хэрэг хуулинд байгаагүй. Харин 2017 оны Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах гэж шинээр үйлдэл нэмж хуульчилсан. Гэтэл 2017 оны 02 сард үйлдэгдсэн гэх хэргийг 2017 оны 07 дугаар сараас хэрэгжсэн шинэ хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, оногдуулах ялыг ноцтой зөрчсөн. Хүний эрх, эрх чөлөөг булшилсан шийдвэр болсон.

Хавтас хэргийн 146 дугаар хуудсанд “Зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол байдаг. Уг тогтоол нь Эрүүгийн хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмтэл учруулах гэсэн 2 үйлдлийг зааглан ялгаж шүүгдэгч Ш.М  ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй байна гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл шүүх, прокурор үүнийг харгалзаж үзээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зөрчсөн, яллахаар улайран зүтгэсэн болно.

 

Хавтас хэргийн 159-160 дугаар хуудсанд байгаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжид хохирогчийн хувийн байдлыг сайтар тогтоох даалгавар өгсөн байдаг боловч прокурор уг ажиллагааг огт хийгээгүй, хохирогч хууль сануулсан мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “би архи огт хэрэглэдэггүй” гэх мэт удаа дараа худлаа мэдүүлдэг боловч шүүх үүнийг харгалзаж үзээгүй.

Мөн хохирогч гэгдэх Д.Ууганбат нь шүүгдэгчээс хохирол барагдуулах ажиллагааны бус замаар мөнгө, автомашин, монетон бөгж зэргийн залилан мэхлэж авсан, уг асуудлаар гомдол гаргасан боловч шалгаж шийдвэрлээгүй, шүүх харгалзаж үзээгүй.

Хэргийг нотолгооны тухайд хэргийн бодит байдал тогтоогдоггүй. ЭХХШтХ-д зааснаар нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өгсөн сүүлийн мэдүүлэгт засвар оруулсан. Энэ талаар шүүгдэгчид мэдэгдээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: “Ш.М  т холбогдох хэрэг нь 2017 оны 2 дугаар сарын 4-5 шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд тоолсон байгаа. Тухайн фактын улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Эхлээд хүнд гэмтэл гэдгээр явж байгаад Шүүх шинжилгээний 2 удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл нь тодорхойлогдсон. Үүнийг бататгах зорилгоор шинжээч эмч тус бүрээс мэдүүлэг авсан байдаг. Энэ гэмтэл нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-дэх хэсгээр зүйлчлэгдэж байсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны шинэ хууль үйлчилж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах гэх үйлдлийг шинэ хуульд оруулж өгсөн. Хуучин Эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэдэг үйлдэл байгаагүй, зүгээр хүндэвтэр гэмтэл байсан. Хуучин хуулийн 120 дугаар зүйлийн 120’.1 дэх заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гээд тусдаа шинжтэй зүйлийг оруулж өгсөн байдаг. Ш.М-д холбогдох хэрэг нь 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж энэ зүйл заалтаар хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлтүүд гаргасан, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хүсэлтүүд гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хувийн байдлын талаар шалга гэсэн байдаг. Гэтэл хохирогч нь архинд хамааралтай, согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ юу хийж байгаагаа мэддэггүй. Дээрээс нь энэ хүн хэрэгт холбогдсоноос хойш өөрт нь байсан 5 ханатай гэр, машин, газрын гэрчилгээ гээд бүгдийг нь аваад явчихсан байдаг. Дээрээс нь гарт нь байсан монетан бөгжийг хүртэл аваад явсан байдаг. Энэ хүн өмссөн хувцастайгаа л үлдсэн. Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хүсэлтэй байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байгаа юм уу, буцаах гээд байгаа юм уу, ажиллагаа хийлгэх гээд байгаа юм уу яг ямар үндэслэлээр гомдол гаргасан талаар ойлгосонгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэглэсэн нь буруу гээд байх шиг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр магадлалыг бүрэн хангаагүй хохирогчийн хувийн байдал тогтоогоогүй гэсэн санаа хэлж байна. Тухайн үйлдэл нь 2017 оны 02 сарын 04-05-ны шилжих шөнө болсон нь тодорхой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн. Тухайн зүйлийг хуучин хуулиар зүйлчилнэ гэж байна. Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 буюу хүндэвтэр гэмтэл гэж зүйлчлэх байсан. Харин эрх зүйн байдлыг нь дээрдүүлээд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн хуулиар зүйлчилсэн. Ялын хувьд ч гэсэн 3-6 жилийн хорих ялтай байгаа. Иймд шүүх эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль буцаан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн тал дээр хохирогчийн асуудал яригдсан. Хохирогчийн хувийн байдлыг  мэдэхийн тулд ээжийг нь, хүүг нь, ямар ямар зөрчил гаргаж байсан бэ гэх талаар цагдаагийн газрын зөрчлийн талаарх лавлагааг аваад хэрэгт хавсаргасан байгаа. Хохирогч өнөөдөр архи уудаг байлаа гэхэд тухайн цаг хугацаанд хохирогчийн буруутай үйлдэл байгаа юм уу гэхэд шүүгдэгч өнөөдөр мэдүүлэг өгдөггүй. Хохирогч ийм буруутай үйлдэл хийснээс би ийм гэмт хэрэг үйлдэх болсон юм гэсэн талаар ярьдаггүй. Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч 2 л байсан. Гэр бүлийн хамааралтай хүнийхээ эсрэг үйлдэл хийхийг ойлгоно. Тийм учраас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг давхар оруулж өгсөн байгаа. Шинжээчийн дүгнэлт нь 2 хүний бүрэлдэхүүнтэй, 5 хүний бүрэлдэхүүнтэй гээд гарсан байгаа. Яг ямар гэмтэлд хамаарах талаар тогтоосон байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М  ийг  2017 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Морин хуур” амралтын газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Ууганбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гурилын мод, гар, хөлөөрөө цохиж, өшиглөн зодож,  халуун пийшин рүү түлхэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Ш.М  ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж,  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан бөгөөд уг заалтын агуулга нь аливаа этгээдэд хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө нийгэмд аюултай үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх  шаардлагатайг харуулж байна.

 

Гэтэл Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийг шууд буцаан хэрэглэж шүүгдэгч  Ш.М  ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Д.Ууганбатын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх хууль хэрэглээний энэхүү алдааг засалгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Ш.М  ийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж прокурорын яллах дүгнэлтээс хальж, хүндрүүлэн дүгнэж, шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль үйлчлэх цаг хугацааны талаарх Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч  Ш.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                         Т.ЭНХМАА

 

                                                                                             Г.БОЛОРМАА