Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0214

 

Иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Оийг урьд эрхэлж байсан ажил болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 9 хоногийн олговорурьд авч байсан цалингаас бага цалин авч байсан хугацааны зөрүүтэй тэнцэх олговрыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Д.От олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа1. Д.О нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манай хэлтэст Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр туршилтын журмаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/12 дугаар тушаалын дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8 сая төгрөг төвлөрүүлэх, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажлын төлөвлөгөө, зардал хөрөнгийг төлөвлөж үйл ажиллагаа эрчимжүүлэх талаар үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Төрийн албаны үйл ажиллагаа аливаа хувийн ашиг сонирхол, улс төрийн нам, эвсэл, түүний үйл ажиллагаанаас ангид явагдах хуультай. Гэтэл хэлтсийн дарга П.А нь иргэн Д.Оийг хувийн ашиг сонирхол гаргаж, намын үзлээр ялгаварлан гадуурхсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт хэдэн сарын цалин болох хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд, 26.2-т заасан сахилгын шийтгэлийг дараалан хэрэглэх шаардлагагүй гэснийг, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэснийг үндэслэн Хэлтсийн даргын 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Д.От Төрийн албанд 1 жил эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажХөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Оийг урьд эрхэлж байсан ажил болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь ажилгүй байсан 9 хоногийн олговор 216 486 төгрөг /хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун наян зургаа/, урьд авч байсан цалингаас бага цалин авч байсан хугацааны зөрүүтэй тэнцэх олговорт 119 280 /нэг зуун арван есөн мянга хоёр зуун ная/ төгрөг, нийт 335 766 /гурван зуун гучин таван мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийн олговрыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Д.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1. Бид захиргааны байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлж байгаагийн хувьд хуулиар зөвшөөрсөн үйлдэл хэрэгжүүлэх л боломжтой.

Түүнчлэн Аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм-ийн 4.3 дахь заалт нь Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны хязгаарын дотор уйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн буюу Хөдөлмөрийн хэлтсийн даргын гадагш чиглэсэн эрх зүйн акт тогтоох эрх хэмжээг заасан заалт. Үүнийг тушаалд үндэслэхээс өөр аргагүй. Дээрх заалтуудыг үндэслэсэн нь гадагш чиглэсэн захиргааны акт гаргаж байгаа захиргааны байгууллагын хувьд хууль, тогтоомжоор олгосон эрх хэмжээгээ тодорхой дурьдах хэрэгцээ шаардлагатай холбоотой юм.

Гэвч шүүх энэ талаас нь биш зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай юу гэх талаас нь дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн Хоёрдугаарт зааснаас харвал мөн л шүүх нэг талыг баримталж хуулийг мушгин тайлбарлаж хэрэглэсэн нь илт байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан тохиолдлоос гадна энэ хуулийн заалт доторх болон гэдэг үгээр тусгаарлагдсан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэсэн нөхцөл нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдтэй нэгэн адил үйлчлэх ёстой. Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд л Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсгийг барих ёстой хэмээн хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3. Миний бие П.А нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар 2012 оны 10 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, улмаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа буцаан томилогдсон.

Би ажлаас халагдахын өмнө ч, ажилдаа томилогдсоны дараа ч Д.От амаар болон даргын зөвлөлийн хурлаар удаа дараа үүрэг даалгавар өгч албан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Тодруулбал, даргын зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 06, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлуудаар удаа дараа ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан албан үүргээ биелүүлэхийг Д.Оээс шаардсан. Энэхүү баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч алийг нь ч нотлох баримтаар үнэлээгүйн дээр. намайг чөлөөтэй байх хугацаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан нотлох баримтуудыг цуглуулан үнэлж шүүхийн шийдвэр гаргасан байна. Мэргэжилтэн хэрэгжилтийг хангахдаа бүтэн жилийн турш ажиллах ёстой байтал 2015 оны эхний 3 улирал өнгөрч байхад бүтэн жилээр дүгнэх ёстой, 4 улиралд уг ажлыг багтаагаад л хийчих байсан мэтээр тайлбарласан нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл юм.

Мөн тэрбээр сургалт зохион байгуулж, албан байгууллагад албан бичиг тоот боловсруулж явуулсан байгаа ч уг ажлын үр дүн нь 8 сая төгрөг төвлөрүүлэх болохоос төлөвлөгөө гаргаад бичиг явуулах ажлын үр дүн биш тул ажлаа хангалтгүй хийсэн гэж үзсэн.

Д.О нь хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа эсвэл хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан Ж.Жавзанпагмаар ажлын төлөвлөгөө, удирдамж батлуулан ажил үүргээ хийж байх боломж хангалттай байсан. Гэтэл дээрх хугацаанд ажлын үр дүнгийн болон төсвийн гүйцэтгэл хангалтгүй байсан. Гэтэл мэргэжилтэн Д.О нь ажлаа төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж байсан гэх атлаа дарга ажил дээрээ байхгүй тул би ажлын төлөвлөгөө, төсвөө батлуулж чадаагүй гээд байгаа нь ямар ч учир шалтгаангүй, ийм шалтаг тоочих нь ёс зүйгүй, хариуцлагагүй асуудал юм. Тэрээр 2015 оны сүүлийн улиралд П.А миний биеэр ажлын төлөвлөгөө, төсөв батлуулах болсон гэдэг нь дээрх ажил хангалтгүй, гүйцэтгэл муутай байсны үндэс мөн гэж үзэж байна. Мөн Д.О нь Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хагас бүтэн жилээр гаргаж тайлагнахаар үр дүнгийн гэрээнд тусгасан атлаа хагас жилээр биелэлтийг гаргаж тайлагнаагүй байдаг.

Д.От 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр Хөдөлмөрийн харилцааны асуудал ажлын чиг үүрэгт нэмэгдсэн бөгөөд 2013-2014 оны хооронд хийсэн ажлыг нь огт үгүйсгэхгүй бөгөөд тодорхой хугацаанд үнэлж дүгнэсэн.

Харин 2015 онд анх удаа 3 сая төгрөг зарцуулах төсөв батлагдсан юм. Тиймээс бид 2015 оны ажил хангалтгүй хийгдсэн гэж үзсэн. Энд хэнээр батлуулсан ямар төлөвлөгөөний дагуу ямар ажил нь хийгдсэн гэдэг нь маш тодорхойгүй бөгөөд Д.О нь хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа эсвэл хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан Ж.Жавзанпагмаар ажлын төлөвлөгөө, удирдамж, төсвөө батлуулан ажил үүргээ хийж гүйцэтгэх боломж хангалттай байсан. Гэвч оны сүүлийн улиралд дээрх тайлбарыг хийж байгаа нь зохисгүй гэж үзсэн.

Тэрбээр дээрх 3 ажлуудыг цаг хугацаанд нь сайн гүйцэтгэж бүгдийг хийсэн гэж ойлгогдохоор байгаа нь бодит байдалтай нийцэхгүй юм.

Б. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр даргын дэргэдэх зөвлөл хуралдаж төсөв төвлөрүүлэх, зарцуулах удаашралтай явагдаж буй ажлуудыг авч хэлэлцээд даруйхан ажлаа зохион байгуулж эрчимжүүлэх талаар мэргэжилтнүүдэд албан даалгавар өгсөн. Үүнд: Д. Оюунчимэгт Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилт маш хангалтгүй байгаа талаар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах хөтөлбөр, хөдөлмөрийн харилцаа, үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах ажлууд төлөвлөгөө, төсөв батлуулаагүй ажил хийгдээгүй гэж үзэн эдгээр ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангах талаар албан даалгавар өгсөн.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр даргын дэргэдэх зөвлөл хуралдахад Д.О нь 1 сарын өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэж ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл батлуулахаар оруулж ирсэн. Энэ байдлаар ажил эрчимжүүлэх албан даалгаврыг хугацаанд биелүүлээгүй зэргээр хангалтгүй ажиллаж байсан.

В. Д.О нь миний чөлөөтэй, томилолттой байх хугацаанд 5-6 удаа уулзаж, ажлын төлөвлөгөө, төсвөө батлуулах гээд уулзаж чадаагүй гэдэг. Гэвч миний бие чөлөөтэй байх болон томилолтоор явах хугацааг урьдчилан бүх ажилчиддаа мэдэгдэхийн зэрэгцээ, хийж гүйцэтгэх миний шийдвэр зайлшгүй шаардлагатай ажлуудын талаар заавал асууж, санал солилцож шийдвэрлээд явж байсан.

2015 оны 09 сард миний бие 1 удаа ажлын 5 хоногийн чөлөө авч, 1 удаа 2 хоногийн томилолттой байсан. Бусад мэргэжилтнүүд ажлаа ярилцаад батлуулаад шаардлагатай гүйлгээг хийж байсан. Гэтэл намайг ажилдаа огт ирэхгүй байсан мэтээр илт гүтгэж, мөн өөрийг нь хувийн сонирхлоор, намын үзэл хандлагаар халсан гэж намын ажилтан мэтээр гүтгэсэн байгаа нь огт үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Д.О нь албан үүргээ биелүүлээгүй буюу түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх хангалттай нөхцөл үүссэн тул Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулан ажлаас халсан.

3. Энэхүү тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.9-д Ажилтнуудыг ажил албан тушаалаас чөлөөлөх, халах асуудлыг Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар эцсийн шийдвэр гаргана, 8.3-д Албан тушаал /ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл мөн/ гэсэн заалтууд нь захиргааны байгууллагаас гадагш чиглэсэн захиргааны акт гаргах эрх хэмжээг тогтоосон заалт тул мөн л эдгээр заалтыг үндэслэх зайлшгүй шаардлагатай юм. Мөн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар албан хаагчид хоорондоо хэлэлцэж, тохирсны үндсэн дээр хэлтсийн даргын тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам юм. Эдгээр заалтыг нэхэмжлэгчид хамааралгүй заалт барьсан гэх шалтгаанаар захиргааны актыг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэж байна.

4. Шүүх нотлох баримтуудыг болон гэрчийн мэдүүлгүүдийг бүрэн гүйцэт, эрх тэгш үнэлэлгүй, 2015 оны эхний 10 сарын хугацаанд ажлаа төлөвлөж, төсвөө батлуулж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хугацаа хоцроож хангалтгүй биелүүлж 9 сарын турш ямар ч ажлын гүйцэтгэлгүй атлаа цалин хөлс авч байсан сахилга, хариуцлагагүй төрийн албан хаагчийг хаацайлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна

Иймд, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг дээрх үндэслэлүүдтэй холбогдуулан бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 дүгээр тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.От хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгыг шийтгэл ногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын Нэгийн 4-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасныг зөрчин гаргасан зөрчлийг нь шалгаж тогтоолгүйгээр өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй гэх, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно/, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам-ын 6.3 /Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ/-д заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих ёсоор дүгнэхгүйгээр шууд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлүүдийг зааж Д.От сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэж байсан гэх тайлбар, баримтыг хариуцагч ямарваа нэг байдлаар үгүйсгэж чадаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, тухайлбал, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн Тамгын газарт хүргүүлэх албан бичгийн төсөл, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай 428 дугаар албан бичиг /уг албан бичгийн хуулбарт төрийн 12 байгууллагад хүргүүлсэн явуулсан бичиг болно тэмдэглэл хийсэн/ зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дүрэм батлах тухай төсөл, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн төсөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан захирамжийн хавсралтын төсөл, хөдөлмөрийн харилцааны талаар 2015 оны 4 дүгээр улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, хөдөлмөрийн харилцааны талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дүрмийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл байгуулах тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн төсөл, Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дүрмийн төслүүд хэрэгт авагдсан, тухайн төслүүдийг эрх бүхий албан тушаалтан батлаагүй нь нэхэмжлэгчийн үүрэгт хамааралгүй, түүний эрх хэмжээний асуудал биш бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Мэргэжилтэн Д.Оийн 2015 оны Үр дүнгийн гэрээнд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг 09 дүгээр сард зохион байгуулахаар тусгаж, Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Д.О нь тус хэлтэстэй хамтран ажиллаж байсан зэргээс түүнийг тухайн ажлыг хийгээгүй гэж үзэх боломжгүй, үүнээс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлийн төлөвлөгөө болон ажлын төсөв, удирдамж зэргүүдийг батлуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталсан нь буруу байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 /Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно/-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны маргаанд буюу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэхгүй.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актад Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалаар батлагдсан Аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм-ийн 4.3 /Хэлтэс нь Хөдөлмөрийн сайдын баталсан төсөв, бүтэц, зохион байгуулалт, орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулна/ дахь заалтыг үндэслэсэн нь тухайн асуудалд хамааралгүй, үүсэн бий болоогүй тохиолдлыг хамааруулсан байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий акт гарснаас хойш Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны 9 хоногийн цалин, томилогдсон албан тушаалын цалингийн зөрүүг олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд уг шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР