Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/235

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

хохирогч Б.С, А.Г, тэдгээрийн өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Чын Эд холбогдох эрүүгийн 2205000000614 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г, Б.С нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч А.Гийг пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз, баруун хөхлөг сэртэн хүзүү, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Мөн хохирогч Б.Сын нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зовхи, зүүн хацар, шанаа, хамар, зүүн шуу, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор хамартаа хагалгаа хийлгэх болсон. Хагалгааны зардал 1.500.000 төгрөг болно гэсэн. Энэ төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г мэдүүлэхдээ: “...Миний бие сорив арилгах гоо сайхны хагалгаанд мөн орохоор болсон. Энэ хагалгааны зардал нь 3-4 сая төгрөг болно. Энэ зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.С-ын:

“...Караокены үүдээр ороход нь ороход харанхуй байсан бөгөөд гэнэт нэг эрэгтэй хүн гарч ирээд гараараа миний зүүн талын шанаа руу цохиход би коридорын хана мөргөөд доош суусан. Тэр үед миний дээрээс намайг зодож хөлөөрөө миний зүүн нүдний хэсэг рүү өшиглөөд нуруу руу дэвсээд зодоод байхаар нь би биеэ хамгаалаад хэвтээд байж байсан. Удалгүй намайг “бос караокены өрөө рүү ор” гэж хэлээд нэг өрөө рүү оруулаад чи найзуудыгаа дууд гэж хэлээд байхаар нь би найз Г рүү залгаад юм дуугараагүй салгасан. Тус өрөөнд Х-ы найз залуу гэх Э өөрийн найз Дөлгөөн гэх охинтой хамт байсан. Г найз охины хамт ирсэн байсан. Энэ үед Э гэх залуу нь гараад явсан бөгөөд чимээ шуугиан гараад байхаар нь очоод харахад Э гэх залуу Гийг тэврээд байж байхад Г яасан нь мэдэгдэхгүй баруун хоолойн хэсэгт нь яраад цус их гараад толгой нь мөн цус гарсан байсан. Тухайн үед миний нүд мөн хөхрөөд сайн юм харж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

2. Хохирогч А.Г-ийн:

“...Х нь над руу залгаад “С-ыг Тайван аймаар зодчихлоо гялс “******” нэртэй караокед хүрээд ирээ” гэж хэлэхээр нь би өөрийн найз охин А-ыг очиж аваад бид 2 хамт уг караокед очсон юм. Тэгээд ороход С нь нүд нь хавдчихсан, цустайгаа холилдчихсон байхаар нь би Э гэх Х-ы найз залууг 00-ын өрөөнөөс гарч ирэхээр нь “чи хүүхэд ямар аймаар зоддог юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Э нь “би чамайг ална гэж хэлээд миний зүүн талын хэсэг рүү 1 удаа гараараа цохиход би эсэргүүцэл үзүүлэхэд манай найз охин урдуур ороод болиулсан. Удалгүй болъё гэж хэлээд байж байхад Э гэх залуу нь “би чамайг ална” гэж хэлэхээр нь “чи чадах юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд гэнэт гэрэл унтраад Э бид 2 зууралдаад эхэлсэн бөгөөд гэнэт миний хүзүүний баруун хэсэгт урагдаад толгой хэсэг мөн пивоны хагарсан шилээр цохичихсон. Миний толгой болон хүзүүнээс цус гараад С манай найз охин А нар гэмтлийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

3. Гэрч Ц.Х-ы:

“...Манай нөхөр С-тай зодолдоод нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Г-тэй маргалдаж зодолдож байхдаа манай нөхөр пивоны шил хагалаад хагархай шилээр нь цохисон юм шиг байна лээ. Би тэрийг нь харж чадаагүй, хүзүүнээс нь бага зэрэг цус гарсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

4. Гэрч А.А-ын:

“...Г намайг ирж аваад бид 2 Хаагийн ажил дээр очсон... ... бид 2 хамт орсон чинь С зодуулчихсан нүүр нь цус болчихсон байж байсан тэгээд Г Т-д хандаад “чи хүүхдийг ямар аймаар болгочихсон юм бэ” гэсэн чинь Тайвнаа “тэгээд би яах юм” гээд Гийг цохиод авсан. ...Тайвнаа 1 шилтэй пиво бариад уугаад зогсож байсан бөгөөд Тайвнаа дахиж Г-тэй маргалдаад шатны хажуугийн хананд цохиж хагалаад хагархайг нь гартаа бариад тэгээд тэр гараараа Гийг цохиод зууралдаад байсан. ...Тэгээд Г-ийг харсан чинь хүзүү нь зүсэгдээд цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

5. Гэрч С.Д-ийн:

“...Э тэр залуутай чи хэн юм гээд маргалдаад тэгээд нөгөө залуутай Э зодолдоод нөгөө залуу нь газар унасан чинь Э гараараа цохиод байсан. Тэгсэн чинь тэр орж ирсэн залуу нь Эд зодуулсан залуугийн таньдаг хүн нь байсан. Тэгээд орж ирэнгүүтээ Э руу “манай найзыг яаж байгаа юм бэ” гэсэн чинь Э тэр залуутай маргалдаад зодолдоод эхэлсэн. ...Би харсан чинь нөгөө залуугийн хүзүүн дээр шалбарсан юм шиг цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

6. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1673 дугаартай шинжээчийн:

“...Б.С-ын биед зүүн шанаа хэсэг рүү цохих, зүүн нүд хэсэг рүү өшиглөх, нуруу хэсэг хүү дэвсэх зэргээр зодож зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зулай, дагзны хуйх, дух хоёр, нүдний алим, зүүн зовхи, зүүн хацар, шанаа хамар, зүүн шуу, сарвууны цус хуралт, баруун сарвуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

7. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1673 дугаартай шинжээчийн:

“...А.Г-ийн биед дагз, баруун хөхлөг сэртэн, хүзүү, зүүн шуун зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

8. Шүүгдэгч Ч.Э-гийн мөрдөн шалах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байгаад эхнэр Хы ажил болох модны 2-т байдаг “Ром” нэртэй караокед 19 цагийн үед очсон. ...тэгээд 00 цаг өнгөрөөд Хаа караокег хаасан бөгөөд би Хаатай 3, 3 пиво уусан. Тэгээд байж байсан чинь Хаа утсаараа хүнтэй чатлаад байхаар нь утсыг нь аваад үзсэн чинь Хаа нэг залуутай чаталсан байсан. Тэгээд уур хүрээд Хаагийн утсаар нөгөө залуу руу нь “хүрээд ир” гээд бичсэн. Тэгээд төд удалгүй нөгөө залуу хүрээд ирсэн. ...тэр залууг нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд тэр залуу газарт унахаар нь би тэр залуугийн гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр залуугийн гар утсыг аваад фейсбүүк чатыг нь уншаад үзсэн чинь чатаа устгачихсан байсан. Тэгээд чатыг нь үзэж байсан чинь Хаагийн А гэдэг охинтой тэр залуу “Хаа хэзээ очих уу” гээд чаталсан байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн утсаар А-ын найз залуу Г рүү “энэ найзыгаа ирж ав” гэж чат бичсэн. Учир нь Г нь Хаатай чат бичсэн тэр залуутай найз байсан. Тэгсэн төд удалгүй Г А-тай хамт хүрээд ирсэн. ...би куртикнийхээ зүүн халаасанд ууж байсан шилтэй пиво хийсэн байсан бөгөөд Г-тэй зодолдож байх үед халаасанд байсан шилтэй пиво унаад хагарсан. Тэгэхээр нь би хагархай шилний хэлтэрхийг гартаа атгаж байгаад Гийн нүүр лүү нь цохисон, мөн дагз руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,  

9. Хохирогч нараас нэхэмжилсэн 166.000 төгрөгийн хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.С, А.Г нарыг зодож, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Э нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Хохирогч нарын өмгөөлөгч “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэлтэй холбоотой ирээдүйд эмчилгээ хийлгэх зардлыг шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргав.  

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Эгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Э нь:

2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г, Б.С нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч А.Гийг пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз, баруун хөхлөг сэртэн хүзүү, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Мөн хохирогч Б.С-ын нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зовхи, зүүн хацар, шанаа, хамар, зүүн шуу, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С, А.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нийт 166.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул шүүгдэгч Ч.Э-гаас 166.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч Б.С, А.Г нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ч.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад “өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав. 

Шүүгдэгч Ч.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-ын Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-аас 166.000 /нэг зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С, А.Г нарт хувь тэнцүүлэн олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С, А.Г нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэл