Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                        

Улсын яллагч Б.Д

Хохирогч Г.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Э, Б овогт У.Э, Б овогт У.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн И суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт У.Э,

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод оршин суух, Б овогт У.Э,

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт У.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х нэртэй авто засварын газрын гадна талд иргэн Г.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогч Г.Г-н биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 178-179/

Шүүгдэгч У.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн учир нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогч Г.Г-н биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 168-169/

Шүүгдэгч У.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Урьд нь мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогч Г.Г-н биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 188-189/

Шүүгдэгч У.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж ярих зүйл алга. Хавтаст хавтаст хэрэгт мэдүүлэг үнэн зөв өгсөн учир нэмж хэлэх зүйл алга гэв.

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын 2-р багт байрлах Х авто засварын гадаа зогсоол дээр машинаа тавих гээд очтол хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл миний өмнүүр орж зогсоод машинаа тавихаар нь би тэр жолоочид хандан “хөөе наад зогсоолруу орох гэсэн юм, нэг бол машинаа тэгшлээд тавьчих” гэсэн чинь нөгөө жолооч чинь машинаасаа буугаад авто сэлбэгийн дэлгүүр лүү орох гээд явахаар нь би араас нь очоод сэлбэгийн дэлгүүрийн үүдэнд “хөөе машинаа холдуул” гэсэн чинь намайг тохойгоороо ёврох шиг болохоор нь би зөрүүлээд тэр залуугийн хүзүүний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад гадаа гарсан, тэгтэл тэр залуу намайг шатны уруу унгаж цохисон. Тэгээд би газарт унаж миний дээрээс барьж аваад цохьсон, тэгтэл миний машинд манай 16 настай хүү маань тэр залуугийн араас барьж авч намайг босгосон. Тэгээд тэр залуу газарт унасан миний халаасанд байсан бичиг баримтыг авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би бичиг баримтаа авах гээд тэр залуугийн ар шилэн дээрээс базаж аваад мөн нэг гараараа зүүн гарны цагтай бугуйн дээрээс нь барьж аваад хүүхдээ “энэ хүнээс аавынхаа баримт бичгийг аваад дахь” гэсэн чинь тэр залуу машин хогийн сав хоёрын голоор ороод “цагдаа дуудлаа” гэхээр нь би “тэг тэг цагдаа дууд” гэсэн чинь тэр залуу “би цагдаа дуудчихлаа” гэсэн. Тэгтэл төд удалгүй тэр залуугийн ах нь нэг залуутай хамт ирээд ах гэх залуу газраас чулуу авч миний ар дагз хэсэгт чулуугаар цохисон. Тэгтэл тэр хооронд би жаахан манарсан, тэгээд нэг мэдсэн чинь тэр гурав намайг гурвуулаа гурван талаас зодсон. Замын хажуугаар явж байсан нэг танихгүй залуу намайг салгасан. Тэгээд би хашааны цаана зогсоод цагдаа ирэхийг хүлээсэн. Уг хүнд зодуулснаас хойш миний баруун талын хавирга, хоёр гар бадайрч бүрэн эдгэрээгүй байгаа. ...У.Э нь хамгийн эхэнд миний цээж болон шанаа хэсэгт нэг нэг цохисон мөн миний дээрээс гурвуулаа нийлж зодохдоо Э-г миний хаана цохисныг би тэр болгон анзаараагүй ямар ч байсан тэр гурав нийлж дээрээс зодсон. У.Э нь миний толгойны ар дагз хэсэг, мөн хажуугаас хөлөөрөө цохисон би тухайн үед дээшээ харсан байсан учир Э-г хөлөөрөө цохиж байгааг харсан. Харин доошоо харсан байхад хэний хөл орж ирснийг би анзаараагүй. Гурван талаас өшиглөсөн. У.Э нь миний нүүр хэсэг болох зүүн тал, дараа нь газарт унасан байхад хөлөөрөө дээрээс өшиглөсөн, хамгийн сүүлд саадан дотор зогсож байхад миний баруун талын шанаан хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна гэжээ. /хх-ийн 38-39, 72-74/

Хохирогч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 сарын 26-нд Х-н зогсоол дээр орох гээд байж байтал өмнүүр ороод хөндлөн зогссон. Жолоочид нь машинаа шахаад тавьчих гэтэл миний хэлснийг тоохгүй буугаад сэлбэгийн дэлгүүрлүү явсан. Тэгээд би араас бас дэлгүүр орох гээд үүдэнд нь очтол намайг тохойгоороо ёврох шиг болохоор нь би зөрүүлээд тэр залуугийн хүзүүний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад гадаа гарсан, тэгтэл тэр залуу намайг шатны уруу унгаж цохисон. Тэгээд би газарт унаж миний дээрээс барьж аваад цохисон. Миний хүү ирж намайг салгасан. Э миний бичиг баримтыг авчихсан байсан. Бичиг баримтаа авах гэтэл өгөхгүй халаасандаа хийсэн. Тэр залуу цагдаа дуудлаа гэхээр нь дууд дууд гэж хэлээд зогсож байтал тэр залуу машиндаа суусан. Би цагдаа дуудчихаад явах гэж байна гэж бодоод очоод машиных нь түлхүүрийг нь авах гэтэл надаас булаагаад авсан. Тэгээд утсаа гаргаад ирхээр нь би явуулахгүй байх үүднээс утаснаас нь барьсан. Тэгтэл ах нь гэж хүн нэг залуутай ирсэн. Тэгээд энэ гурав нийлж намайг зодсон. Эд нарт зодуулсанаас болж миний хоёр гар бадаардаг, хавиргараар одоо хэр өвдсөн хэвээр байгаа. Би Э-с мөнгө төгрөг нэхээгүй. Харин намайг эмнэлэгээр дагуулж яваад үзүүлээд миний биеийг зүгээр болгоод өг л гэж хэлсэн. Тэгсэн явж өгөөгүй. Миний хувьд гомдолтой байна. Цаашдаа намайг хүзүүний хагалгаанд орох шаардлагтай  гэж хэлсэн. Мөнгө төгрөг байхгүй болохорр хагалгаанд орж чадахгүй байна гэв.    Насанд хүрээгүй гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 26-ны өдөр аавын хамт Замын-Үүд сумын 2-р багт байрлах Х нэртэй сэлбэгийн дэлгүүр орох гээд ирсэн чинь манай машины урдуур нэг том хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл чихээд ороод ирсэн. Тэр машины ах машинаасаа буугаад машинаа түгжээд сэлбэгийн дэлгүүр орох үед манай аавтай маргалдсан. Тухайн үед манай аав тэр ахыг “та машинаа тэгшлээд тавчих, хажуугаар чинь зөндөө зай байна” гэсэн чинь тэр ах аавын хэлсэн үгийг нээх тоогоогүй дэлгүүрлүү орсон. Манай аав тэр жолооч ах хоёр дэлгүүрийн үүдэнд бие биенээ түлхэх шиг болсон. Тэгтэл тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад хоорондоо ноцолдсон. Тэгтэл манай аав газар унасан. Тэр ах аавын дээр гарсан байхаар нь “та болиоч” гэж хэлээд аавыгаа авах санаатай тэр ахын араас нь татсан. Өрөөр тэр ахад гар хүрээгүй. Тэгтэл тэр ах манай аавын бичиг баримтыг аваад халаасандаа хийхээр нь аавд “таны бичиг баримтыг наад ах чинь авчлаа” гэсэн чинь аав юмаа авах гээд тэр ахтай ноцолдоод байсан. Тэгтэл дахиад нэг машинтай ах нар ирээд манай аавын толгойн араас өндөр ах нь чулуу атгаж байгаад нэг удаа цохисон, сүүлд тэр ахыг Э гэдэг юм билээ. Тэгтэл аав газарт унахад аавыг нийлээд гурвуулаа зодсон. Аавыг тэр гурван ах зодсон. Э гэх хүн нь аавын толгойн араас чулуугаар цохисон. Э гэх ах нь гар болон хөлөөрөө цохиж байсан. Э гэх ах нь хэвтсэн байхад нь гараараа нэг цохисон, аавыг тэр хүмүүсээс зугтааж саадан дотор орж зогсож байхад нь дахин нэг удаа цохисон өөрөөр зодоогүй гэжээ. /хх-ийн 56-57/

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр Замын-Үүд сумын 2-р багийн нутаг Х нэртэй авто сэлбэг болон барааны хоёр давхар дэлгүүрт барааны лангуун дээр худалдагч хийдэг байсан. Тухайн өдөр би лангуун дээрээс байж байсан чинь гадаа авто зогсоол дээр хүмүүс хэрэлдээд байх шиг байхаар нь сонирхоод харсан чинь нэг хүнийг гурван хүн замын голд засмал зам дээр зодож байсан. Тэгэхээр нь би хоёр давхараас буугаад гараад очсон чинь нэг ахыг гурван залуу “ална чамайг пиздаа минь” гээд зодсон. Мөн гараараа цохиж, өшиглөж байсан. Би “та нар болиоч олуулаа нийлж хүн аллаа ш дээ” гэсэн чинь “чи юу вэ цаашаа, чи бас Увсын пиздаа юм уу” гэхээр нь би өөдөөс нь би “зодуулж байхад яаж хараад сууж байдаг юм, би иргэний үүргээ биелүүлж байна” гэсэн чинь намайг аймаар хараад байсан. Тэгээд замын эсрэг талын хашилганы цаана зодуулж байсан ах зугтаагаад хайсны цаана гарч зогссон. Гадуураа бор хүрэмтэй ах зодуулж байсан ахыг дахин очиж гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тухайн үед би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн байхад бор хүрэмтэй ах нь тэгвэл нэг нэгээрээ үзэх үү гээд орилоод байсан, тэгээд зодоод тарсан. Хохирогч Г гээд байгаа хүнийг газар унагасан байдалтай дээрээс нь хөлөөрөө гурвуулаа цохисон мөн гараараа цохиж байсан гэжээ. /хх-ийн 60-61/

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлтээр Г.Г-н биед гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтийг гаргасан байна. Уг иргэний өөрийн биеэр болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дээрхи дүгнэлтийг гаргасан. Г.Г-н биед цээжний баруун талд суганы дунд шугмаар 8-10 хавирга мөгөөрсний заадасны гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, хуйханд дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талд зулгаралт цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун тохой шуунд зулгаралт, зүүн бугалганы дотор доод талд, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Иргэн Г.Г-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба эдгээр гэмтлүүдийн суганы дунд шугмаар 8-10 дугаар хавтрга мөгөөрсний заадасны гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Г.Г-н хуйханд дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба энэ нь шатнаас унах болон чулуугаар цохих үед аль алинд нь үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 66-67/

Иргэний нэхэмжлэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэргээс болж учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулж авна. Миний утас 2021 оны 01 сард 4,900,000 төгрөгөөр Солонгос улсаас шинээр нь захиалж авч байсан. Энэ хэргээс болж миний гар утасны уяан холбоос нь эвдэрсэн, дэлгэц нь эвдэрсэн учир хохирлоо барагдуулж авна гэжээ. /хх-ийн 76-77/

Иргэний нэхэмжлэгч У.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Утасны хохирлоо нэхэмжлэхгүй. Санал гомдол байхгүй гэв.

Эрүүгийн хэрэг бүртгэлтийг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

Шүүхийн шинжилгээний 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 04/219 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Г.Г-н биед цээжний баруун талд суганы дунд шугамаар 8-11-р хавирга мөгөөрсний заадасны гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, хуйханд дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талд зулгаралт цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн бугалганы дотор доод талд, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Г.Г-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16-17/

Шүүгдэгч нарын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 04/223, 04/222 тоот дүгнэлтүүд /хх-ийн 27-28, 32-33/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 84-87/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91-94, 98, 122-123, 138, 139-140, 144/

Хохирогч Г.Г-т учирсан хохирлын тооцоо /хх-ийн 154-157/

Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 161-163, 171-173, 181-183/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 199-202/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/13 дугаартай тогтоол /хх-ийн 204-205/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 206-207/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х нэртэй авто засварын газрын гадна талд иргэн Г.Г-г зодож, биед нь цээжний баруун талд суганы дунд шугамаар 8-11-р хавирга мөгөөрсний заадасны гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, хуйханд дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу талд зулгаралт цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн бугалганы дотор доод талд, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Г /хх-ийн 38-39, 72-74/, насанд хүрээгүй гэрч Г.Г /хх-ийн 56-57/, гэрч Г.Н /хх-ийн 60-61/, шинжээч эмч П.Г /хх-ийн 66-67/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 04/219 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохиролын хувьд:

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нар нь хохирогчид 833,300 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байна. Хохирогч Г.Г нь цаашид хүзүүний хагалгаанд орох шаардлагтай гэх боловч энэ талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний нэхэмжлэгчийн хувьд У.Э нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У.Э, Б овогт У.Э, Б овогт У.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г нь цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э, У.Э, У.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б