Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

              

 

 

 

 

Сайхан амарсан уу

                  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хатиган овогт Сэсээрийн ____ (РД:ТЯ84012115).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ____, “____ сервис” авто засварын газрын гараашт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, “Hino Ranger” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс уг тээврийн хэрэгслийн урд зогсож байсан хохирогч Я.Н-ыг гараашийн ханатай хавсарч мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн анхаарал болгоомжгүйгээс алдаа гаргалаа. Дахиж алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2103003970387 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Я.Н-ын: “2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ Сонгинохайрхан дүүргийн ____, “____” авто сервис дээр байж байтал ____ улсын дугаартай “Hino Ranger” маркийн авто машины жолооч С.О- ирээд гараашийн авто засварын суваг дээр машинаа байрлуулаад моторын тосоо надаар солиулсан. 16 цаг 50 минутын үед дуусаад түүнийг машинаа асаагаад гараашаас гарахад ухрах замыг нь зааж өгөх санаатай машиных нь урд гараад зогсож байсан. С.О- машиндаа суугаад арагш ухарч гарах ёстой байтал урагш хөдөлгөөд намайг гараашийн ханатай хавсраад мөргөчихсөн. Би мөргүүлээд хоромхон зуур ухаан балартсан. С.О- машинаа ухрааж бууж ирээд намайг өргөж босгосон. “Машиныхаа арааг мултлалгүйгээр асаагаад таныг мөргөчихлөө” гэж хэлсэн. Уг нь механик хөдөлгүүртэй автомашин хөдлөх үйлдэл хийхдээ заавал араагаа салгаад, консоо гүйцэд гишгээд, машинаа асаах ёстой. Манай авто засварын газрын гарааш зай талбай багатай, үйлчлүүлсэн хүмүүс гараашийн суваг дээрээс ухарч гардаг ба гарах үйлдлийг нь ажилчид харж, зааварлаж өгөхгүй бол суваг руу орчих гээд байдаг. ...Ослын улмаас миний нурууны 3, 4 дүгээр үеийн 2 сэртэн яс дарааллан хугарсан байсан. Одоо хөдлөх үйлдэл хийхээр зүүн хөлийн гуяны дотор хэсэг, түнх хэсгээр хатгуулж өвдөж байна. С.О- надад 200,000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалин өдрийн 80,000 төгрөгөөр тооцож, 60 хоногийн цалин нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 4,800,000 төгрөгөөс 2,400,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сард барагдуулна гэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг (хх-20-21, 23),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.23-ны өдрийн ____ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Я.Н-ын биед бүсэлхий нурууны 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-40-41),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Цог тулга трейд” ХХК-ийн төлөөлөгч У.Батцогын: ““Цог тулга трейд” ХХК-д “Hino Ranger” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Ослын улмаас машинд ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. С.О- 2015 онд манай компанид ажилд орсон. 2016 оноос тээврийн хэрэгслийг ажилд унадаг болсон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.О- нь тээврийн хэрэгслийн тос, масло солиулчихаад засварын газраас гарах гээд машинаа хөдөлгөх үйлдэл хийхдээ араагаа салгаагүй байж байгаад ухрах гэж байгаад санамсаргүйгээр урагш хөдлөөд мөргөсөн гэсэн. Осол болох үед тус тээврийн хэрэгслийн тоормос, бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан. Тухай бүртээ оношлогоонд орж засвар үйлчилгээ хийлгэдэг...” гэх мэдүүлэг (хх 27, 30),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021.12.09-ний өдрийн 321 дугаартай магадлагаанд: “1. “Hino Ranger” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Я.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ (хх-55),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-12), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-13), гэрч Я.Н-ын мэдүүлэг (хх-16-17), хохирлын баримтууд (хх-74-76), хохирогч Я.Н-ын “хохирол төлбөрт нийт 1,800,000 авсан нь үнэн болно” гэх хүсэлт (хх-77), гэрч Б.Ундармаагийн мэдүүлэг (хх-32), гэрч С.Нарантуяагийн мэдүүлэг (хх-34),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-70), жолоодох эрхийн лавлагаа (хх-63), хохирогчийн “2,400,000 төгрөг авсан. Үлдэх 2,400,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сард барагдуулахаа илэрхийлсэн. Гэм буруугаа хүлээж, хохирлыг төлж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-107), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт 109), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-113), прокурорын санал (хх-115) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар “шүүгдэгч С.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ____, “____ сервис” авто засварын газраар “Hino Ranger” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үйлчилгээ хийлгээд гарахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Гэж заасныг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүйгээс уг тээврийн хэрэгслийн урд зогсож байсан хохирогч Я.Н-ыг гараашийн ханатай хавсарч мөргөн хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь “хохирогч Я.Н-ын “...машинаа урагш хөдөлгөөд намайг гараашийн ханатай хавсраад мөргөчихсөн. С.О- “машиныхаа арааг мултлалгүйгээр асаагаад таныг мөргөчихлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-20), шүүх эмнэлгийн ____ дугаар: “1.Я.Н-ийн бие бүсэлхий нурууны 3, 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-40-41), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-12), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-13) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.О-ын засварын газраар үйлчлүүлэн улмаар тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийхээр хөдөлгөхдөө урагш хөдөлгөн хохирогч Я.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 390,000 төгрөг төлсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 4,800,000 төгрөг төлөхөөр шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож, улмаар шүүгдэгч 2,400,000 төгрөг төлсөн нь хохирогчийн мэдүүлэг (хх-23), хүсэлт (хх-107), шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин “Үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сард төлөхөөр талууд харилцан тохиролцсон” нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгааг үндэслэн талуудын нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, шүүгдэгч С.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.О- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохиролд 2,400,000 төгрөг төлөгдсөн, үлдэх төлбөрийг 2022 оны 1 дүгээр сард төлөхөөр эвлэрсэн...” гэж,

шүүгдэгч “Өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж алдаа гаргалаа. Цаашид ийм алдаа гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.О- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн арааг салгаагүй буюу аюул, осол үүсгэхгүй байхаар аюулгүй байдал хангаагүйн улмаас ухраах үйлдэл эхлүүлэхдээ ухрах биш урагш хөдөлгөж засварын газрын ажилтан хохирогчийг мөргөн гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 390,000 төгрөгийн эм тариа, эмчилгээний зардал төлөгдсөг, ажилгүй байсан хугацааны цалинд 4,800,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон, 2,400,000 төгрөг нь төлөгдсөн, үлдэх 2,400,000 төгрөгийг хугацаа тогтоон төлөхөөр эвлэрсэн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х_ овогт С__н ____ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч, шүүгдэгч нар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,400,000 төгрөгийг 2022 оны 1 сард төлөх”-өөр эвлэрснийг баталсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР