Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч О.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Ү-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______ С- овогт О-гийн Ү- (РД:нф79090531).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч О.Ү- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ___________ тоот хашааны үүдэнд хохирогч Т.А-ийг “Ундааныхаа мөнгөө төлж чадахгүй” гэж шалтаглан заамдаж өргөөд толгойгоор нь газар унагааж эрүүл мэндэд “баруун зулайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Маргаж байгаад ийм юм болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хувиараа ________ хийдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.А-ийн: “2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед танил эгч Д-гийн гэрээс гараад явж байхдаа урьд нь Дорнод аймагт танилцаж байсан Ү-ийн дугаар луу залгаж ярихад “гэртээ байна” гэсэн. Тэгээд би “дэлгүүр орох гэж байна” гэсэн чинь Ү- бас “дэлгүүр орох гэж байна” гэхээр нь уулзаад хамт дэлгүүр орсон. Би дэлгүүрээс ундаа, зайрмаг аваад мөнгөө төлөх гэж байхад Ү- миний өмнөөс мөнгийг нь төлчихсөн. Бид хоёр дэлгүүрээс гараад дэлгүүрийн гадаа надад “Чи унааны ч мөнгө байхгүй гуйлгачин, ундааны мөнгө төлж чадахгүй янхан, гичий” гэж хэл амаар доромжлоод байсан. Би барьж байсан ундаа, зайрмаг хоёрыг урдаас нь шидчихээд яваад өгсөн чинь миний араас гүйж ирээд заамдаад өргөж унагаагаад толгойгоор минь нэг удаа газар мөргүүлсэн. Миний толгойны ар талаас цус гараад эхлэхээр нь би цагдаа дуудсан чинь Ү- зугтаагаад явчихсан. Гэмтлийн эмнэлэг орж хоёр оёдол тавиулсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-8),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___өдрийн ___ дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1.5. Т.А-ийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-13-14),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-24), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-21), Сонгинохайрхан дүүргийн ___ны тодорхойлолт (хх-23), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл санд байхгүй гэх тодорхойлолт (хх-28), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-29), депозит дансны хуулга (хх-30-33), өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-36-65) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Ү- нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ___, ________ тоот хашааны үүдэнд хохирогч Т.А-ийг “Ундааныхаа мөнгөө төлж чадахгүй” гэж шалтаглан заамдаад өргөж толгойгоор нь газар унагааж баруун зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.А-ийн “...надад “Чи унааны ч мөнгө байхгүй гуйлгачин, ундааны мөнгө төлж чадахгүй янхан, гичий” гэж хэл амаар доромжлоод ...миний араас гүйж ирээд заамдаж аваад, намайг өргөж унагаагаад толгойгоор минь нэг удаа газар мөргүүлсэн. Миний толгойн араас цус гараад...” гэх мэдүүлэг (хх-8), шүүх эмнэлгийн “1.5. Т.А-ийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх нэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-12-14) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ү-ийн хохирогч Т.А-ийг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн заамдаж өргөөд толгойгоор нь газар унагаасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирол нэхэмжилсэн зүйлгүй, хэргийн материал танилцуулахад “санал хүсэлт байхгүй” гэсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Ү- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ___, ________ тоот хашааны үүдэнд хохирогч Т.А-ийг “Ундааныхаа мөнгийг төлж чадахгүй” гэх шалтгааны улмаас толгойгоор нь газар унагааж эрүүл мэндэд баруун зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс хохиролд төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч баримт байхгүй тул торгох ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй...” гэж,

шүүгдэгч “Хувиараа ________ хийдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан заамдаад өргөж толгойгоор нь газар мөргүүлж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй)-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа ________ эрхэлдэг гэх, тодорхой орлоготой/-ийг харгалзан шүүгдэгч О.Ү-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулах нөхцөл байдал, амьдралын ахуй, нөхцөл (ам бүл 1)-ийг дордуулахаар байна гэж үзсэн болно.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ү- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С- овогт О-гийн Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ү- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ү-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР