Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

              

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Анхбаяр,

хохирогч Д.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч О.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _________ дугаар 4 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________Б- овогт О-ы Т- (РД:_____).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүгдэгч О.Т- нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнөөс 2021 оны 8 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө _____ны нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нийт 13 удаагийн үйлдлээр 14 хохирогчид 13,581,506 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтэд дурдагдсан бүх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Дарьзавын 2,000,000 төгрөгийг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр шөнөдөө Сүхбаатар дүүргийн цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Хохирлыг төлнө” гэв.

Хохирогч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манайд хулгай орсон. Би бэлэн 2,000,000 төгрөгийг ээмэг, бөгж хийдэг бор хайрцгийнхаа хажуу талд хийсэн байсан. Камерын бичлэг нь байгаа. Би хулгай ороод 5 минут болоогүй байхад цагдаа дуудсан. Түрийвчинд байсан 18.000 төгрөгийг авсан гэж хүлээж байна. Шүүгдэгч манай гэрийн орон дээр бүх зүйлийг тараагаад тавьсан байсан. Би тухайн бэлэн мөнгийг хүүхдэдээ машин авч өгөх гэж хадгалж байсан. Шүүгдэгч 100 грамм хайлуулсан мөнгийг аваагүй гэж байна. Тухайн хайлуулсан мөнгө ээмэг бөгжтэй хамт байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

 

Эрүүгийн _________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч О.Т- 2021 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө _____ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд тагтаар дамжин нэвтэрч даалинтай хөөрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.Л-д 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ч.Л-гийн: “2021 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэртээ унтаж амарсан. Эхнэр цонхоо онгойлгоод 01.30 минутын үед унтаж амарсан. Өглөө 06 цагийн үед сэрээд өөрийн Самсунг эс-7 загварын гар утсаа байсан газар нь хайгаад олоогүй. Эхнэрийн утсаар залгах гэхэд эхнэрийн утас алга болсон байсан. Том өрөөний шүүгээнд байсан бичиг баримт байхгүй. Бичиг баримтны хажууд байсан дунд гарын, алтан нуухтай, даваа толгойтой хөөрөг, зүү ороож оёсон ногоон өнгөтэй даалин алдагдсан байсан. Бид 2 гайхаад хаалгаа үзэхэд хаалга цоожтой, эхнэрийн унтаж байсан жижиг өрөөний тагтны цонх онгорхой байсан. Тухайн хулгайч цонхоор 01 цаг 30 минутаас 05 цаг 30 минутын хооронд орсон байх гэж бодож байна. Гаднаас хүн орж ирснийг мэдээгүй. Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-32-33),

________ ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Алтан нуухтай, даваа толгойтой, ясан халбагатай, бөөрөн дээрээ барын сийлбэртэй, дунд гарын гартаам хөөрөг 1 ширхэг 600,000 төгрөг, зүү ороож оёсон ногоон даалин 1 ширхэг 150,000 төгрөг, Samsung S7 гар утас 1 ширхэг 150,000 төгрөг, Samsung J7 гар утас 1 ширхэг 170,000 төгрөг, нийт 1,070,000 төгрөг” гэжээ (1 дүгээр хавтас, хх-43-46),

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-56-58),

Шүүгдэгч О.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Барс захын хойд талын 9 давхар байрны 1 давхрын онгорхой цонхоор ороод даалинтай хөөрөг, 2 ширхэг гар утас аваад гарсан. Хүмүүс нь унтаж байсан. Тухайн эд зүйлийг явуулын хүнд 200,000 төгрөгөөр зараад архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-52),

2. 2021 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ________ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Ipad 2 air, Huawei PЗО Lite загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-д 900,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Б.А-гийн: “...2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ...би 22 цагийн орчимд гэрээс гарч машинаа гараашдаа оруулчихаад гэртээ ороод 23 цаг өнгөрөөгөөд унтаж амарсан. ...Өглөө эхнэр, охин хоёрын унтаж байсан унтлагын өрөөнд цэнэглэгч залгаад шалан дээр тавьчихсан байсан эхнэрийн Хуавэй пи30 лайт 2 сим ордог загварын гар утас 1 ширхэг, зочны өрөөний хүүхдийн ширээн дээр байсан Ай пад эйр 2 загварын таблет 1 ширхэг, үүдний тавиур дээр эхнэрийн цүнхэн дотор байсан 2 түрийвч, түүн дотор байсан ойролцоогоор 300,000 орчим төгрөг байхгүй болчихсон байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Өөр зүйл алдагдаагүй байна. Алдагдсан зүйлүүдээ буцааж олж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-135-136),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, хх-122-128),

________ ХХК-ийн 2021.05.27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei P30 Lite маркын утас 1 ширхэг 450,000 төгрөг, Ipad 2 air загварын дэлгэцний шил хагарсан таблет 1 ширхэг 450,000 төгрөг, нийт 900,000 төгрөг” гэжээ (1 дүгээр хавтас, 143-146),

Шүүгдэгч О.Т-ын яллагдагчаар өгсөн: “Би дээрх хэргийг үйлдсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-149),

3. 2021 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө _________ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг гар утас, 3 ширхэг бугуйн цаг, Алдарт эхийн 1, 2 дугаар одонг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.О-д 622,300 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Г.О-гийн: “...Өчигдөр том охин гаднаас ирээд хаалгаа түгжилгүй хоносон юм билээ. Том өрөөний ширээн дээр байсан Самсунг А8 загварын хар өнгийн гар утас, хар өнгийн хавтсан кейстэй байсан. Тухайн гар утас, Приус 30 маркын тээврийн хэрэгслийн түлхүүр, Имперо армайн брендын шар өнгийн цаг 1 ширхэг, “Нисэх хүчин 90 жил гэсэн бичиглэлтэй хар оосортой эрэгтэй, эмэгтэй цаг 2 ширхэг алдагдсан. ...Бид нарыг босоход манай хаапга онгорхой байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-176-177),

________ ХХК-ийн 2021.05.20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Samsung A8 маркын гар утас 1 ширхэг 160,000 төгрөг, “Emporio Armani” гэх бичигтэй бугуйн цаг 1 ширхэг 43,500 төгрөг, Алдарт эхийн 1, 2 дугаар одон 2 ширхэг нийт 300,000 төгрөг, “Нисэх хүчин 90 жил” гэх бичигтэй эрэгтэй, эмэгтэй хүний цаг 2 ширхэг нийт 118,800 төгрөг, нийт 622,300 төгрөг” гэжээ (1 дүгээр хавтас, хх-201-202),

Гэрч Д.Н-гийн: “...Шөнө 03 цаг 30 минутын үед өрөөний гадаа хөлийн чимээ сонсогдсон. Том өрөөний ширээн дээр чимээ гараад байсан. Аав, ээж хоёрыг явж байгаа юм байна гэж бодоод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-179-180),

4. 2021 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед _______ амьдардаг буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон ээмэг 2 ширхэг, 100 гр хайлуулсан мөнгө, 2 хүний ор хөнжлийн даавууг нууцаар хууль бусаар авч хохирогч Д.Д-т 620,526 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Д.Д-ын: “2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 35 минутанд би өөрийн амьдардаг ...жижүүрийн байраа түгжээд гараашийн жижүүрийн өрөө рүү орсон. 23 цаг 40 минутын орчимд 1 давхрын жижүүрийн өрөөнд очих үед вакум цонх онгорхой, тавиур дээр байсан хайрцагтай зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрт 2,000,000 төгрөг, 2,5 грамм монетон ээмэг 2 ширхэг, 100 граммын хайлуулсан мөнгө, шинэ ор хөнжлийн даавуу зэрэг хулгайд алдсан байсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-239-243),

“________” ХХК-ийн 2021.06.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “2,5 грамм монетон ээмэг 350,000 төгрөг, 100 грамм хайлуулсан мөнгө 244,126 төгрөг, 2 хүний ор хөнжлийн даавуу 1 ширхэг 26,400 төгрөг, нийт 620,526 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-10-12),

Гэрчээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас, хх-19-25),

5. 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04 цагийн үед _______ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.С-д 380,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.С-н: “2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай байрны жижүүр эгч миний утас руу 10 цагийн орчим залгаад “танай гэр рүү шөнө хүн ороод гарсан байна. Гарахдаа гартаа ямар нэгэн эд зүйл бариад гарсан байна” гээд камерын бичлэг үзүүлсэн. Тухайн бичлэгт манай гэрийн зөөврийн компьютер мөн цүнхийг аваад лифт рүү сууж байгаа харагдсан. Мөн үүдэнд байсан түлхүүрүүдийг аваад гарсан байсан. Хаалгаа түгжихээ мартаад унтсан байсан. Тухайн хүн гараашийн жижиг цонхоор орсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-89-91),

“________” ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Dell i3 маркын зөөврийн компьютер 1 ширхэг 380,000 төгрөг” гэжээ (2 дугаар хавтас, хх-110-111),

Гэрч Б.Б-ын: “...Гарааш руу орсон чинь хойд жижиг цонх онгорхой байсныг хаасан. Хог хаядаг хэсэгт хар өнгийн жижиг цүнх олон түлхүүрүүд байсан. “Хүн хаясан бололтой хадгалчихая, хүмүүс асууг” гээд өрөөнд оруулсан. 12 давхарын 51 тоотын эмэгтэй ирээд “шөнө манай хаалгыг татаад байсан, ямар хүн байсан гэдгийг хармаар байна, манай нохой хуцаад хаалгаа хальт онгойлгоод харахад саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн сууж байгаад хажуу тал руу яваад алга болсон” гэж хэлсэн. Камер шүүж харахад 03 цаг 50 минутын орчим үл таних эрэгтэй хүн гараашаар орж ирээд лифтээр 12 давхарт гараад 51 тоотын хаалгыг татаж үзэж байгаад 52 тоот хаалгыг татсан чинь хаалга онгорхой байсан. Тэгээд хэсэг байж байгаад явж ороод тухайн айлд бараг 4 минут орчим болж байгаад гараад явсан. Гартаа ямар нэгэн юм барьсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-92-93),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас, хх-80-83),

6. 2021 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө _____ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг А-50, А-10 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Ж-эд 750,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Т.Ж-ын: “2021 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэрийнхээ хаалгаа түгжилгүй унтаад өгсөн. 05 цагийн орчимд утасны сэрүүлэг дуугарахгүй болохоор сэрээд утсаа хайтал миний 2 гар утас байхгүй болсон байсан. Үүднээс унтлагын өрөө рүү чигтээ гутлын мөр байсан. Гадны хүн орсныг мэдээд цагдаад хандсан. Ер нь манайх хаалгаа түгжээд байдаггүй, өмнө нь юм алдагдаж байгаагүй. Миний алдагдсан гар утас нь Самсунг брэндийн А-50, А-10 эс маркийн гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-115),

“____________” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А50 маркын гар утас 1 ширхэг 400,000 төгрөг, Самсунг А10 Эс маркын гар утас 1 ширхэг 350,000 төгрөг, нийт 750,000 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-121-123),

Шүүгдэгч О.Т-ын сэжигтнээр өгсөн: “Шөнө 03 цагийн орчим айлын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар ороод Самсунг маркын 2 ширхэг гар утас аваад гарсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-119),  

7. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ______ тоот лангуу буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрнаас Айфоне 11 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Э-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Э.Э-гийн: “2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Апекс их дэлгүүрийн 113 тоотод байх гоо сайхны лангуун дээр худалдагчийн ажил хийж байхдаа гар утсаа алдсан. Тухайн үед шинэ бараа ирчихсэн, ажил ихтэй байсан. Би гар утсаа ширээн дээр тавьсан байсан. Гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирээд нэг нь надаас юм асуугаад, ажил ихтэй байх үед анхаарал сарниулаад байсан. Тэгж байгаад ямар нэгэн худалдан авалт хийлгүйгээр хоёулаа гараад явсан. Тэднийг гараад явсны дараа гар утсаа үзтэл алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-136-137),

“___________” ХХК-ийн 2021.07.01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Iphone 11 маркийн гар утас 1 ширхэг 1,800,000 төгрөг” гэжээ (2 дугаар хавтас, хх-147-149),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас, хх-156), хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас, хх-157-159),

8. 2021 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө _____дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч 2 ширхэг мөнгөний хайрцгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч “___________” ХХК (Ц.Ц-)-д 379,480 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.Ц-ийн: “2021 оны 6 дугаар сарын 20-ны шөнө манай дэлгүүрт хулгай орж 2 ширхэг мөнгөний хайрцаг хулгайд алдагдсан. Ширээн дээр байсан поссын дэлгэц эд зүйлс шалан дээр уначихсан байсан гэсэн. 2 мөнгөний хайрцгийг 50 дугаар сургуулийн ар талаас олж өгсөн. Хяналтын камер шүүж үзэхэд хулгайч болон түүний гэмт хэргээ хийж байгаа үйл явц бичигдсэн байсан. Хулгай хийсэн эрэгтэй 25-30 орчим насны, эрээн өмд, цайвар нимгэн цамцтай, хар өнгийн гуталтай байсан. Шилэн хаалганы цоожийг бүтэн солиулсан бас кассын мөнгөний хайрцаг нэг нь огт ашиглагдахааргүй болсон. Кассын дэлгэц дахин ашиглагдах боломжгүй хагарсан тул солиулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-248),

________ ХХК-ийн 2021.07.08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Шилэн хаалганы цоож 1 ширхэг 55,000 төгрөг, кассын мөнгөний хайрцаг 1 ширхэг 84,480 төгрөг, Sky pos гэх бичиглэлтэй дэлгэц 1 ширхэг 240,000 төгрөг, нийт 379,480 төгрөг” гэжээ (2 дугаар хавтас, хх-7-8),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас, хх-235-241), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас, хх-22-24),

9. 2021 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн үед ______ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг А60 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч У.Э-д 450,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч У.Э-гийн:2021 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн үед эхнэр намайг нударч сэрээгээд гэрт хүн явж байна гэж хэлсэн. Би ч хүүе хаая гэхийн завдалгүй, нойрмог байгаад арай гэж сэрэхэд гараад явсан байсан. Гэрлээ асаагаад эд зүйлсээ үзэхэд шалан дээр байсан миний Самсунг А60 маркийн гар утас байхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-51-55),

“________” ХХК-ийн 2021.07.02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “А60 маркын гар утас 1 ширхэг 450,000 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-81-82),

Шинжээчийн ______ дугаартай дүгнэлтэд: “...3. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд МN003110010132, МN003120003847, МN005210008345, МN005210004391, МN000110027021 дугаараар О-ы Т- нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хурууны дардастай №02 дугаарын гарын мөр, зүүн гарын дунд хурууны дардастай №03 дугаарын гарын мөр тус тус тохирч байна...” гэжээ (3 дугаар хавтас, хх-63-64),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтас, хх-46-47),

10. 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ____ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан төгрөг” худалдааны төвийн 9 тоот лангуунаас Самсунг А51 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Э-д 879,200 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Х.Э-гийн: “2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн 2 давхарт байрлах 09 тоот гэр ахуйн барааны лангуун дээрээ сууж байхад гаднаас 2 залуу цуварч орж ирсэн. Нэг залуу нь хөнжил асуусан хөнжлийг зааж өгч байхад буцаад гараад явсан. Ширээн доор байсан Самсунг А52 маркийн ягаан туяатай чернилэн ягаан өнгийн гар утас байхгүй болсон байхаар нь цагдаад хандсан. Би тухайн 2 залуугийн хамт явж байсан эсэхийг сайн мэдэхгүй. Утсаа олж авах хүсэлтэй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-172-173),

“________” ХХК-ийн 2021.07.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung А52 маркын гар утсыг 879,200 төгрөг” гэжээ (2 дугаар хавтас, хх-187-188),

Камерын бичлэгт үзлэг хийсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтас, хх-194),

11. 2021 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө _____ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд онгорхой цонхоор нэвтэрч 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Т-т 980,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч М.Т-ийн: “2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед гэртээ ирээд хоносон. Цонхнуудаа бүтэн дэлгээд унтацгаасан. Шөнө хальт сэрэхэд хажууд нойл орох хэсэгт нэг хүн байхаар нь Л- гэж бодоод нойл орж байгаа юм уу гэж асуухад тийм гэж хэлсэн. Нойрмог байсан болохоор би анзааралгүй унтсан. Хар бараан өнгийн хувцастай л хүн байсан санаж байна. Өглөө нь сэрээд найз охин Л-гийн утас нь олдохгүй байсан. Ананд бас сэрээд утсаа хайгаад олоогүй. Цонхоор хулгайч орж ирснийг мэдээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-75-77),

“________” ХХК-ийн 2021.08.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Iphone X маркын гар утас 1 ширхэг 850,000 төгрөг, Samsung J5 маркын гар утас 1 ширхэг 130,000 төгрөг, нийт 980,000 төгрөг” гэжээ (1 дүгээр хавтас, хх-102-103),

Гэрч М.А-ын: “2021 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 40 минутын үед гар утсаа унтраагаад орныхоо ширээн дээр тавиад унтсан. 5 цагийн үед сэрээд ус уусан, тэр үед цонх онгорхой байсан. Өглөө 7 цагийн үед сэрээд гар утсаа алдсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-84-85),

Шинжээчийн _____ дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд тэнцсэн №6 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд МN000550008293, МN000110027021, МN003110010132, MN000510005257, MN005210008345, MN005210004391, MN003320002107, MN003120003847, MN003410002433, MN0000РШ00559, MN0000СЭЛ00182, MN003320004818, MN0000СЭЛ00156, MN0000СЭЛ00170 дугаараар тус тус бүртгэгдсэн О- овогтой Т-ын зүүн гарын алгаар дарагдан үүсгэгдсэн байна...” гэжээ (1 дүгээр хавтас, хх-92-94),

12. 2021 оны 8 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө _________ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Айфоне икс, Редми нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-ад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Б.Б-ын: “2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шөнө 02-07 цагийн хооронд манай гэрийн хаалга онгорхой, түгжихээ мартаад унтсан хойгуур хулгай орж Iphone X загварын гар утас, Redmi note 8 загварын гар утаснууд алга болсон тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-206-209),

________ ХХК-ийн 2021.08.18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Iphone X маркын гар утас 1 ширхэг 900,000 төгрөг, Redmi note 8 маркын гар утас 1 ширхэг 350,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-216-217),

13. 2021 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2 хороолол, 84 дүгээр байр, 133 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг А-32 загварын гар утас, автомашины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Ц-ад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.Ц-ын: “...23 цагийн үед гэртээ ирээд Самсунг А32 загварын гар утсыг цэнэглээд зурагтны хажууд тавиад машины түлхүүрийг хувцасны халаасанд үлдээгээд унтсан. Өглөө 06 цагийн үед сэрээд утсаа авах гэсэн алга байхаар нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан, хайгаад олоогүй. Хувцасны халаасанд байсан түлхүүр алга болсон байсан. Манай гэрийн хаалга сөөм хэртэй онгорхой байсан. Шөнө унтаж байхад гаднаас хүн орж ирээд хулгай хийсэн байна гэж бодоод цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-162-166),

“____________” ХХК-ийн 2021.09.07-ны өдрийн 910 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А32 маркын гар утас 1 ширхэг 800,000 төгрөг, Тоёота Алпард автомашины түлхүүр 1 ширхэг 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-172-174),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас, 139-142),

14. 2021 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ____ тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг Эс-6, Айфоне икс загварын 2 ширхэг гар утас, Делл ай-7 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Ц-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Н.Ц-гийн: “2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэртээ унаж байгаад өглөө сэрэхэд хаалга онгорхой байсан. Хаалгаа цоожлоогүй орхисон байсан. Манай хаалга цоожлоогүй бол гаднаасаа онгойчихдог. Тэгээд 2 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютер алдагдсан. Гомдолтой байна, эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-157),

“____________” ХХК-ийн 2021.09.07-ны өдрийн 911 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг эс6 плас маркын гар утас 1 ширхэг 200,000 төгрөг, Iphone X маркын гар утас 1 ширхэг 1,000,000 төгрөг, Dell i7 маркын зөөврийн компьютер 1 ширхэг 1,300,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг” гэжээ (3 дугаар хавтас, хх-175-177),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас, хх-143-146), эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дугаар хавтас, хх-182, 183),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтас, хх-40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дүгээр хавтас, хх-62), шийтгэх тогтоолуудын хуулбар (4 дүгээр хавтас, хх-65-99), гэрч Д.Ц-ын мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-244), яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-244) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Т- нь 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 14 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нийт 12,551,506 төгрөгийн хохирол учирснаас 2,500,000 төгрөг төлөгдсөн, одоо 10,551,506 төгрөгийн төлөх төлбөртэй. Хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн зүйл байгаа. Хохирогчийн зүгээс тухайн 2,000,000 төгрөг байсан гэх талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хулгай хийх нөхцөл шалтгаан нь архи ууж, зугаа цэнгэл хийж байгаа. Хохирлын хувьд ганцхан хохирогч дээр маргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой, хэрэв эх сурвалжаа зааж чадахгүй бол түүнийг дангаар нь нотлох баримтаар тооцохгүй гэж заасан байдаг. Хэрэгт гэрчийн мэдүүлгээр гэрт хулгай орсон гэдгийг нотолж байгаа боловч шүүгдэгчийг 2,000,000 төгрөг авсан гэдгийг харсан, үзсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй. Хохирогчийн өгч байгаа мэдүүлэг бусад баримтаар тогтоогдохгүй байгаа учраас хохирлоос 2,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчид 2,000,000 төгрөг байсан гэдэг нь эргэлзээтэй байгаа. Шүүгдэгч энэ үйлдэл дээр маргаж байгаа, бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс гэрчээр гэрчлүүлнэ гэж байна. Үүн дээр болохгүй зүйл байхгүй, гэхдээ айлын авдарт 2,000,000 төгрөг байсан гэдгийг хэн ч мэдэхгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1, 14, 18, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7, 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 3, 4, 5 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 27, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд (хохирогч нарыг гэртээ унтаж байхад нь цонх, тагт, түгжээгүй хаалгаар нь хууль бусаар орж) нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан 14 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 13,581,506 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч О.Т-ын нэр бүхий хохирогч нарын амьдардаг орон сууцны онгорхой цонх, тагт, түгжээгүй байсан хаалгаар хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 13,581,506 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Хохирогч Н.Ц-гийн 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий хулгайлагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон (3 дугаар хавтас, хх-175-176, 182, 183) байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Т-аас нийт 11,081,506 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Л- (_____ тоотод оршин суух, РД:______, утас:______)1,070,000 төгрөг, Б.А- (________ тоотод оршин суух, РД:______, утас:______)900,000 төгрөг, Г.О- (____тоотод оршин суух, РД:______)622,300 төгрөг, Д.С- (____ тоотод оршин суух, РД:______)380,000 төгрөг, Т.Ж- (____ тоотод оршин суух, РД:______)750,000 төгрөг, Э.Э- (_____ тоотод оршин суух, РД:______)1,800,000 төгрөг, Ц.Ц- (______тоотод оршин суух, РД:______)379,480 төгрөг, У.Э- (____ тоотод оршин суух, РД:______)450,000 төгрөг, Х.Э- (______ тоотод оршин суух, РД:______)879,200 төгрөг, М.Т- (______ тоотод оршин суух, РД:______)980,000 төгрөг, Б.Б- (______тоотод оршин суух, РД:______)1,250,000 төгрөг, Ц.Ц-а (______тоотод оршин суух, РД:______)1,000,000 төгрөг, Д.Д- (______ тоотод оршин суух, РД:______)-д 620,526 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч Д.Д-ын “2,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Хохирогч Д.Д-ын “Бэлэн 2,000,000 төгрөг хадгалж байсан, тэрийгээ хулгайд алдсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл түүний шүүх хуралдаанд өгсөн “...Хүү цалин гэж 1,000,000 төгрөг авчирч өгснийг хадгалж байсан. Үлдэх 1,000,000 төгрөгийг цалингаасаа хуримтлуулж байсан. Гэрчүүд үүнийг нотолно” гэх мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Т- урьд ял шийтгүүлсэн, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гол анхаарах зүйл нь хохирлын хэмжээ байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан. Хохирлын хувьд 11,081,500 төгрөгийн төлөх төлбөртэй, энэ нь их хэмжээний хохирлоос 5 дахин бага байгааг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул 4 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч нарыг гэртээ унтаж байхад нь онгойлгосон цонх, тагтаар дамжиж орон, эсхүл түгжээгүй хаалттай хаалгыг онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 14 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (14 хохирогчид нийт 13,581,506 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, 1 хохирогчийн хохирол биет байдлаар буцаан төлөгдсөн, бусад хохирол төлөгдөөгүй, хохирогч нар “Гомдолтой, хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (урьд хулгайн гэмт хэрэг удаа дараа шийтгүүлж байсан, хамгийн сүүлд 2017 онд хулгайн 10 удаагийн үйлдэлд 5 жилийн хорих ял шийтгүүлж 2020 оны 8 дугаар сард суллагдсан, 2021 оны 4 дүгээр сараас шинээр гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Т-ыг 6 (зургаа) жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т-ын 2021.08.19-ний өдрөөс 2022.01.05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б- овогт О-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Т-ыг 6 (зургаа) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т-ын цагдан хоригдсон 139 (нэг зуун гучин ес) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т- хохирогч Н.Ц-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Т-аас нийт 11,081,506 төгрөг гаргуулж,

хохирогч Ч.Л- (____, РД:______, утас:______)1,070,000 төгрөг, Б.А- (______ тоотод оршин суух, РД:______, утас:______)900,000 төгрөг, Г.О- (______ тоотод оршин суух, РД:______)622,300 төгрөг, Д.Д- (______ тоотод оршин суух, РД:______)620,526 төгрөг, Д.С- (______ тоотод оршин суух, РД:______)380,000 төгрөг, Т.Ж- (______ тоотод оршин суух, РД:______)750,000 төгрөг, Э.Э- (_______ тоотод оршин суух, РД:______)1,800,000 төгрөг, Ц.Ц- (______тоотод оршин суух, РД:______)379,480 төгрөг, У.Э- (_______ тоотод оршин суух, РД:______)450,000 төгрөг, Х.Э- (______ тоотод оршин суух, РД:______)879,200 төгрөг, М.Т- (______ оршин суух, РД:______)980,000 төгрөг, Б.Б- (______тоотод оршин суух, РД:______)1,250,000 төгрөг, Ц.Ц-а (______ тоотод оршин суух, РД:______)1,000,000 төгрөг тус тус олгосугай.

7. Хохирогч Д.Д- “гэмт хэргийн улмаас учирсан гэх 2,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР