Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 12 өдөр           Дугаар 128/ШШ2020/0120           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “Б” ХХК,

           Хариуцагч: АМГТГКХ, БОАЖЯ

         Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэр, БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Э, Б.Т, Б.Д, хариуцагч АМГТГКХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч И.Бг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б ХХК нь Ө аймагт АМГТГКХийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр олгогдсон дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж ашиглаж ирсэн. Улаан чулуу олборлох, ашиглах чиглэлээр 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан. 2019 оны 8 дугаар сарын үед Монгол улсын Засгийн газраас тодорхой чиглэлээр тодорхой уурхайнуудыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл, лицензийг цуцлахтай холбоотой шалгасан. Энэхүү үйл ажиллагааны үеэр хууль бусаар ашигт малтмал олборлогчдын явуулга, буруу мэдээллээр “Б” ХХК-ийн үйл ажиллагаа шийдвэр гаргах түвшинд буруу танилцуулагдсаны улмаас энэ асуудал болсон гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар байгаль орчинд хортой нөлөө учруулсан гэж үзээд энэ талаар төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гарсан гэж үзээд АМГТГКХийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцалсан. Үүнээс гадна өөр бусад үндэслэлүүд буюу менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлсэн эсэх асуудлаар зөрчил гаргасан гэж үзсэн талаар бид мэдээгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирсэн тайлбар яамны дүгнэлтээс харахад байгаль орчинд хортой нөлөө учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж ойлгож, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй гэх нөхцөл байдал нь тогтоогдсон эсэх, хэрвээ тогтоогдож байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан. Үүнээс үзэхэд хариуцагч энэ үндэслэлүүдийн зөвхөн нэг үндэслэлээр буюу байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа гэдэгтэй ойролцоо асуудлыг тодорхойлсон байгаа юм. Тодорхой хор уршиг учруулсан гэх үндэслэлээр цуцлах асуудлаар шийдвэрлэхээс биш, хортой нөлөө учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр хуулинд тодорхой зохицуулсан зүйл байхгүй.

Үнэхээр хортой нөлөө учруулсан үгүй нь хариуцагч хоёр байгууллагын зүгээс одоогоор тогтоосон зүйл байхгүй Тухайн уул уурхайн ашиглалтын талбай дээр нийтдээ 4000 гаруй хууль бусаар ашигт малтмал олборлогчид байсан бөгөөд 4 хүн нас барсан байдалтай байхад манай компанийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч нөхөн сэргээж, үйл ажиллагаа явуулсан. Өнөөдрийн байдлаар маш ноцтой байдал үүссэн байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй...” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Б” ХХК нь АМГТГКХийн даргын 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийг, мөн БОАЖЯны 2019 оны 08 дугаар 20-ны өдрийн 29/15 дугаар дүгнэлтийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нутгийн иргэдтэй холбоотой асуудал дээр үл ойлголцол үүсч мөргөлдөөн эмх замбараагүй байдал бий болсон. Үүнтэй холбоотой саналаа хүргүүлж аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга шүүхэд албан бичгээр үүнтэй холбоотой тайлбараа ирүүлсэн байна.

Байгаль орчинд хортой нөлөө учруулсан эсвэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг зохих журмын дагуу шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Хариуцагч БОАЖЯ үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг үндэслэж АМГТГКХийн дарга үндэслэлгүй шийдвэр гаргаж хэвийн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан уурхайн үйл ажиллагааг зогсоосон юм. Үүний улмаас одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэхээр хууль бусаар ашигт малтмал олборлогчид буюу 1500 орчим хүмүүс уурхай руу өдөр бүр дайрч байгаа юм. Тодорхой зөрчил маргаан гэмт хэрэг өдрөөс өдөрт үйлдэгдэж байна. Өнөөдөр шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа нөхцөл байдалд тухайн уурхай дээр болж байгаа нөхцөл байдлыг харахад энэ нь анхнаасаа зориуд “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй болоод байна. Маргаан бүхий акт нь хууль зүйн бодит нөхцөл байдалд нийцээгүй гэдэг нь дээрх тайлбараар батлагдаж байна. Үүнээс гадна захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах процесс журмаа баримталсан уу, холбогдох хуульд заасан журмын дагуу ажиллагаануудыг явуулсан уу гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. АМГТГКХийн даргын шийдвэрт сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй, яагаад гэвэл нийтийн эрх ашигт хохирол учруулна гэх агуулга бүхий заалтуудыг баримталсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа хийхгүй байх нөхцөл бүрдсэн үү үгүй юу гэдгийг шүүх шалгах шаардлагатай. Захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаа руу чиглэсэн шийдвэр гаргах гэж байгаа бол энэ талаар урьдчилан мэдэгдэх ёстой. Үүнийг тодруулж зөрчигдөж байгаа эрхийн дагуу тайлбар сонсох ёстой байсан гэж үзэж байна. Энэ журмыг хэрэгжүүлээгүй нь өөрөө алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон. Хэдийгээр шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг дурдсан боловч энэ талаар нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар нөхцөл байдал илтэд байгаагүй гэдгийг харах боломжтой гэж үзэж байна.

 “Б” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авснаас хойш зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж, албан татвараа төлөөд явсан. Энэ нь нийтийн болон улсын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Харин тусгай зөвшөөрөл цуцалснаар эсрэгээрээ байгаль орчинд жинхэнэ сөрөг нөлөө учруулахаар байгаа гэдгийг баримтаар гаргаж өгөөд байгаа юм. Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө ямар байдалтай байсан, 20 метрийн гүн ухсан нүхэнд  хүн унаж бэртдэг явдлууд маш ихээр гарч байсан. Хууль бусаар ашигт малтмал хил давуулан худалдаалах зэрэг буруу үйл ажиллагаанууд гарч байсан. Бидний тусгай зөвшөөрлийг цуцалснаар дээрх явдлууд дахин үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. 2020 он гарснаас хойш тухайн нутгийн иргэд буюу хууль бус ашигт малтмал олборлогчид өөр газраас ирж, уурхайн чулуу олборлох гэх мэтчилэн согтуу хүмүүс дайрах нөхцөл байдал өдрөөс өдөрт гарч байгаа юм. Манай байгууллагын зүгээс хамгаалалтын байдалд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Эдгээр бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хариуцагч байгууллагуудын шийдвэр үндэслэлгүй гарсан. Нэхэмжлэгч ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хуульд заасан нөхцөл байдал бүрдээгүй байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан нь хууль бус байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Гурав. хариуцагч АМГТГКХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  албан бичгийг төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯанд хүргүүлсэн байдаг. Үүний дагуу БОАЖЯнаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2019/15 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дээрх дүгнэлтийг үндэслээд Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэр гарсан. Шийдвэрээр “Б” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Дөрөв. хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БОАЖЯнаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2019/15 дугаартай дүгнэлтээр “Б” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу орон нутгийн саналыг үндэслэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2, 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасныг тус тус удирдлага болгон цуцалсан. Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн 3.2.6, 5.1-д заасны дагуу урьдчилсан сэргийлэх байдлаар үйл ажиллагаа авч ажилласан. Иймд шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 429 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж, мөн “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1135 тоот шийдвэрээр Ө аймгийн Г сумын нутаг “Г” нэртэй газарт 131.46 гектар талбайг хамарсан XV-019866 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг, АМГТГКХийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр тус талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-02085- дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгожээ.

Дээрх талбайд “Б” ХХК нь 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл улаан хас чулуу агуулсан “конгломерат” олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Нэхэмжлэгчээс “...Г нэртэй уурхайн үйл ажиллагаа 2018 оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх хугацаа болоогүй, Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулсан 2019 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний 10 дугаар маягтад тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль, орчны нөхөн сэргээлтэд мөнгө төсөвлөгдөөгүй 3 дахь жил нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй гэж тусгасан, БОАЖЯнаас баталсан 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 3.2 дахь заалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хэсэгт доод давхаргын нөөцийн ашиглалтыг 5 жилээс олборлох учраас техник болон биологийн нөхөн сэргээлтийг 2019 онд хийхгүй байхаар тусгасан байхад манай компанийг буруутгаж, мөн нийгмийн сүлжээгээр манай компанийг үйл ажиллагааг харлуулсан хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын явуулга, гүтгэлгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг захиргааны байгууллага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулж, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж, хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан тул дээрх хуулийн заалтыг үндэслэн АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэр гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-д гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхолын үүднээс хойшлуулшгүй  явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан гэж” маргажээ.

Маргаан бүхий АМГТГКХийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/15 дугаар дүгнэлтийг үндэслэн “Б” ХХК нь “ашигт малтмалын ашиглалтын MV-02085- дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны  өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/15 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул  ашигт малтмалын ашиглалтын MV-02085- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгажээ.

Дээрх хуулийн заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар оногдуулсан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагын элементийг өөртөө агуулж байгаагаараа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох юм.

 Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрлийг авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй  хортой нөлөөллийг  урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлж, уурхайн ажиллагааг  байгаль орчинд хохирол багатай  явуулах, агаар мандал болон  усны бохирдолт, хүн, амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг  тус төлөвлөгөөнд тусгасан  байх ёстой. Үүний дараагаар дээрх хуульд заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд  уг төлөвлөгөө батлагдмагц  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  тэдгээрийг  тухайн нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга  болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх үүргийг хүлээхээр заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Б” ХХК нь MV-02085- дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2019 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулсан байх бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 3.2 дахь хэсгийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд “доод давхаргын  нөөцийг ашиглалтын 5 жилээс олборлох учраас техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг 2019 онд хийхгүй байхаар тусгаж, байгаль орчны нөхөн сэргээлтэд зардлын доод хэмжээг тусгаагүй байна.

            Мөн “Б” ХХК нь Ө аймгийн Гсумын цагдаагийн тасагт, Ө аймгийн Цагдаагийн газарт, Цагдаагийн ерөнхий газарт, Хууль зүйн сайдад 2016-2019 оны хооронд удаа дараа нутгийн иргэдийн хууль бус үйлдлийн талаар гомдол санал гаргаж, тэдгээрийн сүйтгэсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газартай “Хамгаалалтын гэрээ” байгуулан хэв журам сахиулж байсан нотлох баримтуудыг ирүүлжээ.

            “Б” ХХК нь 2017 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий MV-02085- дугаартай талбайд үйл ажиллагаа явуулаагүй болохыг Ө аймгийн Гсумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр тодорхойлж, Ө аймгийн Засаг дарга “Г” хас чулууны уурхай  ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ өгөх боломжгүй гэжээ.   

            Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч “...БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны  өдрийн 2019/15 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг манай байгууллагад ирүүлсэн...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан боловч энэ нь хуульд заасан үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 Өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зайлшгүй шаардлага гарвал /олон нийтийн эрх ашгийн үүднээс/  хүчингүй болгох эрх нь  /өмчлөгч/-д буюу захиргааны байгууллагад хадгалагдах хэдий ч шударгаар буюу  хуульд заасан журмын дагуу бусад аливаа этгээдэд давуу байдал олгохгүй байхаар зохицуулагдах ёстой.

Гэтэл хариуцагч “...байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан “мэдэгдэх”, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн            гаргасан “тайлбар, нотлох баримттай” танилцах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч “...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас... хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй гэж хуульчилсан” гэж  байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлийн “сонсох ажиллагаа явуулах”  тохиолдолд “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх”, “гарцаагүй”, “хойшлуулшгүй” ямар нөхцөл байдал үүссэн болон сонсох ажиллагаа хийгээгүй  шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.

Жишээ нь “нийтийн ашиг сонирхол” гэдгийг “төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн, хуулиар хамгаалагдсан нийгмийн нэгдмэл ашиг сонирхол, энэхүү ашиг сонирхлыг хангах нь нийгэм өөрөө оршин тогтнох, цаашид хөгжих нөхцөл, баталгааг бий болгоно” хэмээн ойлгодог. Иймээс энэхүү ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл сонсох ажиллагаа хийхгүй байж болох боловч энэ шалтгааныг захиргааны байгууллага өөрөө нотлох юм.

2. “БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг  баталж, дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгажээ.

Дээрх ажлын хэсэг буюу Байгаль орчны яамнаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “Ө аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот, Ө аймгийн Г сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдийн дагуу “Б” ХХК-ийн эзэмшдэг MV-02085- тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь зүйтэй” гэсэн утга бүхий “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дүгнэлтийг гаргажээ.

Ө аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БОАЖЯны сайдад “...шинээр уухай нээгдэхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцол үүсч зарим нэг зөрчил гарсан, тус аймагт уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх  талаар  аймгийн нийт  иргэд санал бодлоо илэрхийлж байгаа тул үйл ажиллагаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах...” утга бүхий 1-2103 тоот албан бичгийг хүргүүлж, Ө аймгийн Гсумын Засаг дарга мөн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Эд “...тус уурхайд 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нутгийн иргэд уурхайчдын хооронд  маргаан үүсч эмх замбараагүй байдал үүссэний улмаас гэмтэж бэртсэн хүмүүс гарсан. Энэ байдал нь Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсантай холбоотой, уурхайг нээх үедээ тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас зөвшөөрөл аваагүй, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийдэггүй зэрэг нутгийн иргэдийн хүсэл, шаардлагыг хүлээн  авдаггүй улмаас үүссэн...” гэсэн утга бүхий 1/302 тоот албан бичгийг хүргүүлжээ.

Шүүхээс  БОАЖЯнаас маргаан бүхий дүгнэлт гаргахдаа үндэслэл болгосон Ө аймгийн болон тус аймгийн Г сумын Засаг дарга нарыг дээрх санал хүсэлтийг  ямар судалгаа, нөхцөл байдлыг үндэслэн  гаргасан талаарх нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан хэдий ч Ө аймгийн Засаг даргаас “... тус компанийн тухайд холбогдох хууль журам зөрчсөнийг  хууль хяналтын байгууллагаас тогтоосон баримт байхгүй. Аймаг орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын хүрээнд хүсэлт хүргүүлсэн”, Г сумын Засаг даргаас “...тус тусгай зөвшөөрлийн талбайд компанийн ажилчид, нутгийн иргэдийн хооронд үүссэн эмх замбараагүй байдал үүссэний улмаас тусгай зөвшөөрлийг хянан шалгах ажлын хэсгээр шалгуулах талаар хүсэлт уламжилсан” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх баримтуудаас үзвэл БОАЖЯны ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2019/15 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа “байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” ямар үйлдэл, үйл ажиллагаа хийсэн талаарх баримт нотолгоо гаргаагүй зөвхөн тус аймгийн болон сумын Засаг дарга нарын албан бичгийг үндэслэл болгож дүгнэлт гаргасан нь буруу, мөн 2019/15 дугаартай дүгнэлт Ө аймгийн болон Г сумын Засаг дарга нарын албан бичгүүдийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу нэг өдөр гаргаснаас үзвэл дээрх маргаан бүхий акт Засаг дарга нарын ирүүлсэн албан бичгийн үндэслэн гарсан гэж үзэх боломжгүй байдал тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж зааснаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дүгнэлт гаргуулахаар томилсон ажлын хэсэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Зүй нь дээрх ажлын хэсэг нэхэмжлэгчийг ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинг бохирдуулах, муутгах, гэмтээх сүйтгэх, сөнөөх ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг мэргэжлийн байгууллагын хувьд шалган тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл БОАЖЯнаас дүгнэлт гаргахдаа “...байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах” гэсэн дүгнэлт гарах бус харин нэхэмжлэгчийн  байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн тойм зургаас үзвэл “Б” ХХК-ийн  MV-02085- дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нь улсын тусгай хамгаалалтад авсан Ө аймгийн Г сумын нутагт орших Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... энэ захиргааны хэрэгт яам хариуцагчаар татагдаж орох ёсгүй. Харин дүгнэлт гаргасан ажлын хэсэг хариуцагчаар оролцох боломжтой тул хариуцагчийг солих тухай” хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй, мөн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж томилсон гэсэн үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлт хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн гаргасан АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэр  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг, АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ