Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

   2021            12            28                                      2022/ШЦТ/29

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Б.Х-,

шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У-т холбогдох 2108 00000 1586 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Имарт” ХХК-д үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Х.У- /РД:ОЮ7407..../.

 

Шүүгдэгч Х.У- нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансрын 4 дүгээр гудамжны .... тоот хашааны гадна талд иргэн Б.Х-тай “гар утасны дэлгэц хагалсан” гэх асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1113 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Х.У-ын иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн сангийн лавлагаа /хх38, 51-54/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх39/, нийгмийн даатгалын лавлагаа /хх57/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх61/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсээс тэтгэвэр тэтгэмж авдаггүй /хх58/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

1. Хохирогч Б.Х-ын “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр гудамж .... тоотод байрлах сайжруулах түлш борлуулалтын цэг дээрээ ажлаа хийж байтал 13 цагийн үед манай гудамжинд байдаг залуу хүрч ирээд “2 шуудай нүүрс авъя” гэхээр нь би тэр залууд хандаж “Чи урьд нь миний утсыг цохиж хагалсан. Би гар утсаа авчраад чамд харуулъя” гэж хэлээд гэр рүүгээ ороод хагарсан дэлгэцийг нь авчирч харуултал “Би ингэж цохиж хагалаа юу?” гэж хэлээд гартаа барьчихсан байсан утсыг маань цохиод газар унагаагаад хагалчихсан. Тэгэхээр нь би уур хүрээд тэр залууг утас хагалчихлаа гэж хэлээд түлхчихсэн чинь миний үүдэн шүд рүү зүүн тохойгоороо цохичихсон. Тэгээд миний аман дотор нэг эвгүй болохоор нь хэлээрээ оролдоод үзтэл үүдэн хоёр шүд маань хугарчихсан байсан. ...Миний Самсунг С-4 маркийн гар утас одоогоор хэвийн ажиллагаатай байна. Дэлгэц хэсэгтээ жижиг цуурсан. ...Би шүдээ янзлуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх14-15/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10489 дугаартай “...Б.Х-ын биед дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх24-25/,

3. Х.У-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... тоот гэртээ байж байгаад ...нүүрс авахаар гэрийн ойролцоо байдаг сайжруулсан нүүрсний цэг дээр очсон. Намайг очсон чинь нүүрс зардаг залуу /Б.Х-/ надад хандаж “Чи өмнө долоо хоногт миний хажууд явж байгаад шүргээд гар утасны дэлгэц хагалаад хаячихсан. Би дэлгэцээ 50.000 төгрөгөөр солиулсан гэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ? Би мэдээгүй. Чи битгий худлаа яриад бай” гэж хэлсэн чинь гэр рүүгээ ороод нэг хагарсан дэлгэц барьчихсан гарч ирсэн. Бид хоёр маргалдаж байгаад ...би тэр залууд хандаж “Яахаараа би хагалдаг юм бэ? Тухайн үед шүргэсэн бол хойноос хэлэхгүй яасан юм бэ? Энэ хагарсан дэлгэц чинь дэвссэн шинжтэй байна” гээд тухайн гар утсыг нь аваад цагдаагаар шилжүүлнэ гээд зам гараад гүйсэн. Нөгөө залуу миний араас ирээд намайг барьж аваад бид хоёр барьцалдаад зогсож байхад Б.Х- миний зүүн хөл рүү өшиглөөд өмсөж байсан куртикний энгэрээс бариад боох гэхээр нь түүнээс салах гээд тохойгоороо ёвортол миний тохой түүний шүдэн дээр нь оноход Хадбаатар надад хандан “Чи миний шүдийг хөдөлгөчихлөө” гээд цустай шүлс хаяж байсан. Би түүнд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Намайг зүгээр явж байхад тухайн залуу “Чи миний утасны дэлгэцийг хагалсан” гээд байсан. Тэрнээс болж хэрүүл маргаан гарсан...” гэх мэдүүлэг /хх37, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.У-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

            Хохирогч Б.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “гомдол саналтай, шүд янзлуулах шаардлагатай хэдэн төгрөг зарцуулахыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн /хх14, шүүх хуралдааны тэмдэглэл/ энэ нь хохирогчид учирсан хохирлыг тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

            Иймд хохирогч Б.Х- нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар  хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг  дурдаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчийн хувийн байдлын харгалзан прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

           

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүхээс Х.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Х.У- нь “Скай сервисис” ХХК компанид ажилтай мөн дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын дүгнэлт, шүүгдэгч, өмгөөлөгчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар Эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Х.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ыг 01  сарын хугацаагаар Эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.У-т мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.Х- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ