Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

       2022         01          06                                         2022/ШЦТ/55        

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-од холбогдох 2108 00000 1763 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Олонлог” бүрэн дунд сургуульд жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 47 дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 28 дугаар гудамжны .... тоотод түр оршин суух, урьд

-  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Б овогт  Т-ын А /РД:НУ9305........../.

 

 Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Т.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хороололд явж байхдаа ажлын газрын найз Б-тэй утсаар хоорондоо маргалдаж улмаар утсаа салгаад автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.М- эзэмшлийн “Honda civic” маркийн ....... улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.М- эзэмшлийн “Марк Х” маркийн ......... улсын дугаартай автомашины урд гупер, никель нүүр, иргэн Б.Б- эзэмшлийн Toyota prius XW20 маркийн, улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн А.Н- эзэмшлийн Toyota agua маркийн улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.М- эзэмшлийн Toyota prius маркийн улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.Э- эзэмшлийн Toyota prius маркийн улсын дугаартай автомашины хойд гэрлийг тус тус хөлөөрөө өшиглөж хагалж, гэмтээсний улмаас бусдад нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулсан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1208 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Т.А-ын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

1. Шүүгдэгч Т.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хороололд явж байхдаа ажлын газрын найз Б утсаар хоорондоо маргалдаж улмаар утсаа салгаад автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.М- эзэмшлийн “Honda civic” маркийн улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.М- эзэмшлийн “Марк Х” маркийн улсын дугаартай автомашины урд гупер, никель нүүр, иргэн Б.Б- эзэмшлийн Toyota prius XW20 маркийн, улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн А.Н- эзэмшлийн Toyota agua маркийн улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.М- эзэмшлийн Toyota prius маркийн улсын дугаартай автомашины хойд гэрэл, иргэн Б.Э- эзэмшлийн Toyota prius маркийн улсын дугаартай автомашины хойд гэрлийг тус тус хөлөөрөө өшиглөж хагалж, гэмтээсний улмаас бусдад нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Орчлон хороолол 45 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд “Banana” гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд халдлагад өртсөн автомашинууд байрласан байсан ...” гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 2-8 хуудас),

- Гэрч Д.П-гийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цаг 40 минутын орчим Орчлон хороололд байх дэлгүүрээр үйлчлүүлээд гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэж байтал нэг согтуу залуу хүмүүсийн машинуудын хойд гэрлийг хөлөөрөө өшиглөөд хагалж гэмтээгээд байхаар нь боль гэж хэлтэл миний үгийг огт тоохгүй хэд, хэдэн машины гэрлийг хагалаад зугтаахаар араас нь гүйж очоод барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нийт 6 машины гэрлийг эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 хуудас),

- Хохирогч Б.М- “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 45 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Honda civic” машинаа байрлуулаад хадмын гэрт орсон. Тэгээд шөнийн 00 цагийн үед амарч байхад цагдаагийн ажилтан над руу залгаад машины чинь баруун хойд гэрлийг хагалсан байна, гарч ирэх боломж байна уу гэхээр нь гараад очтол миний машины баруун хойд тоормозны гэрлийг хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-24 хуудас),

- Хохирогч Б.М- “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 42 дугаар байранд амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цаг орчим өөрийн эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Mark Х” маркийн тээврийн хэрэгслээ Орчлон хороолол 45 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд зогсоол дээр байрлуулсан.  Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цаг орчим над руу цагдаагийн алба хаагч залгаад “Таны 78-65 улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперыг согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд хагалсан байна” гэж хэлхээр нь гараад машинаа харахад миний машины урд гупер номерынхоо дээр хагалсан байсан бөгөөд өшиглөсөн мөр гарсан байсан. Мөн арын гэрэл хагараагүй боловч бэхэлгээ боолтууд нь мултарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  26-29 хуудас),

- Хохирогч Б.Б- “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цаг орчим миний эзэмшлийн улсын дугаартай ногоон өнгийн “Toyota prius XW20” маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Г ажлаа тараад Орчлон хороолол 45 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд зогсоол дээр байрлуулсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цаг орчим манай нөхөр Г руу цагдаагийн алба хаагч залгаад “Таны улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн арын нэг ширхэг гэрлийг согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд хагалсан байна” гэж хэлэхээр нь гараад машинаа харахад миний машины жолоочийн арын нэг ширхэг гэрлийг хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 хуудас),

- Хохирогч А.Н- “...Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цаг орчим машинаа асаахаар гарахад миний тээврийн хэрэгслийн баруун ар талын нэг гэрэл хагарсан байдалтай байсан. Тэгээд хажуу талд зогсож байсан ногоон өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу урд шөнө согтуу этгээд энд байрлаж байсан хэд хэдэн машины гэрлийг хөлөөрөө өшиглөж хагалсан, тухайн этгээд нь цагдаад баригдсан байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 хуудас),

- Хохирогч Б.М- “...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагт гадуур гарахаар машинаа халаагаад машин дотроо сууж байхад нэг эмэгтэй цонх тогшоод “Чиний машины гэрлийг урд шөнө согтуу этгээд хагалчихсан, энэ хавийн 5, 6 машины гэрлийг хагалсан байна тухайн этгээд нь цагдаад баригдсан” гэж хэлэхээр нь гараад машинаа тойрч үзэхэд жолоочийн арын нэг ширхэг гэрэг хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-47 хуудас),

- Хохирогч Б.Э-:“...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цаг орчим миний 9961 дугаарын утас руу цаглаагийн алба хаагч холбогдоод “Таны 26-11 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн арын нэг ширхэг гэрлийг согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд хагалсан байна” гэж хэлэхээр нь гараад машинаа харахад миний машины жолоочийн арын нэг ширхэг гэрлийг хагалсан байсан...” (хавтаст хэргийн 50-53 хуудас),

- Шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-100, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1628 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Honda civic маркийн улсын дугаартай автомашины баруун хойд гэрлийг 200,000 төгрөг...” (хавтаст хэргийн 55-56 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 11 дугаар сарын 30-ний өдрийн 1621 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...“Toyota prius” маркийн улсын дугаартай автомашины хойд гэрлийг 150,000 төгрөг ...” (хавтаст хэргийн 60-61 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 11 дугаар сарын 30ний өдрийн 1615 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Toyota prius” маркийн улсын дугаартай автомашины хойд гэрлийг 80,000 төгрөг” (хавтаст хэргийн 65-66 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 11 дугаар сарын 30-ний өдрийн 1614 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Toyota agua” маркийн улсын дугаартай автомашины хойд гэрлийг 350,000 төгрөг” (хавтаст хэргийн 70-71 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1622 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...“Toyota prius XW20” маркийн, улсын дугаартай автомашины хойд гэрлийг 110,000 төгрөг” (хавтаст хэргийн 75-76 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1623 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...“Toyota Mark Х” маркийн улсын дугаартай автомашины урд гупер, никель нүүр 300,000 төгрөг” (хавтаст хэргийн 80-81 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

2. Дээрх хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Уг гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хороолол дундах автомашины зогсоол дээр буюу “Banana” гэсэн нэртэй дэлгүүрийн үүдэнд үйлдэгдсэн болох нь гэрч Д.П-ийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр, шүүгдэгчийн гэмт хэрэг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий албан ёсны үнэлгээний байгууллагаас тогтоосон, нэр бүхий 6 хохирогчид нийт бага хэмжээнээс дээш хохирол учирсан зэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогдож байгаа.

3. Шүүгдэгч Т.А-ын шалтаг, шалтгаангүйгээр бусдын автомашинуудыг хөлөөрөө өшиглөж гэмтээсэн үйлдэл нь хууль бус бөгөөд бусдад нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Т.А- нь нийт 1,190,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хохирлын хэмжээ буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинжийг хангасан.

4. Бусдын эд хөрөнгийг гэмтээх гэдэг нь аливаа эд хөрөнгийг гэмтээхэд чиглэсэн санаатай үйлдлийг ойлгоно. Гэмтээх гэдэг ойлголтод эд зүйл, эд хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан, ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болохыг хэлнэ. Гэвч дээрх гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн босголтын үед анхны байдалд нь эргүүлэн оруулж болдог.

 

Харин прокуророос Т.А-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг устгасан гэж давхар зүйлчилж ирүүлсэн боловч “Устгах” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг хэлнэ. Шүүгдэгч Т.А- нь нэр бүхий иргэдийн автомашиныг бүхэлд нь устгаагүй буюу тухайн автомашины зарим иж бүрдэл хэсэг болох эд зүйл /гэрэл, гупер, никель нүүр/ -ийг эвдэлж, гэмтээсэн байх тул хууль бусаар бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзэхгүй бөгөөд харин түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж дүгнэлээ.

 

5. Шүүгдэгч Т.А-од Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3. энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.А- нэг санаа зорилгоор тухайн нэг цаг хугацаанд, нэг орон зайд буюу нэг зогсоол дээр эгнүүлэн тавьсан автомашинуудад халдсан, нэг автомашинд учирсан хохирлоос бусад нь бага хэмжээнээс дээш хохиролд хүрэхгүй зэргээс дүгнэхэд түүний үйлдлийг нэг удаагийн үйлдэл гэж үзэх ба бие даасан хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, нэгдмэл нэг санаа зорилгоор, нэг ижил үйлдлээр өөр өөр өмчлөгчийн автомашинд халдаж хохирол учруулсан, учирсан хохирлын нийлбэрээр түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Т.А-ын нэр бүхий зургаан иргэний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

     6. Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М- Honda civic маркийн улсын дугаартай автомашинд 200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1628 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 хуудас), хохирогч Б.Э- Toyota prius маркийн улсын дугаартай автомашинд 150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1621 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 60-61 хуудас), хохирогч Б.М- Toyota prius маркийн улсын дугаартай автомашинд 80,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1615 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65-66 хуудас), хохирогч А.Н- Toyota agua” маркийн улсын дугаартай автомашинд 350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1614 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 70-71 хуудас), хохирогч Б.Б- Toyota prius XW20 маркийн, улсын дугаартай автомашинд 110,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1622 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 75-76 хуудас), хохирогч Б.М- “Toyota Mark Х” маркийн улсын дугаартай автомашинд  300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1623 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтатс хэргийн 80-81 хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Хохирогч Б.М-ээс “200,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй” талаарх хүсэлт (хавтаст хэргийн 115 хуудас), хохирогч Б.Э-аас 150,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 114 хуудас), хохирогч Б.М-аас “80,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 113 хуудас), хохирогч А.Н-оос “350,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй” талаарх хүсэлт (хавтаст хэргийн 112 хуудас), хохирогч Б.Б-аас “110,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй” талаарх хүсэлт (хавтаст хэргийн 111 хуудас),  хохирогч Б.М- гомдол саналгүй (хавтаст хэргийн 107 хуудас) гэсэн хүсэлтүүдээр шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч Т.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

            7. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: Т.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгж буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгох ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүхээс Т.А-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгч Т.А- нь “Олонлог” сургуульд жолооч ажилтай мөн дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Боржигон овогт Т-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.А-од үүрэг болгосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.А-од мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ