Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

       2022         01          17                                        2022/ШЦТ/90       

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч У.Анхжаргал /томилолтоор/,

шүүгдэгч М.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У-д холбогдох 2108 00000 1597 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд  .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Галуут ..... тоотод түр оршин суух,

Урьд  Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн  160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг  хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Равдан овогт М-гийн  У /РД:ОН9301........../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч М.У- нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36  дугаар хороо Алтан-Овоо ........ тоотод байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  Б.М- “Намайг КОВИД-19 өвчний халдвартай гэж гадуурхлаа” гэх шалтгаанаар мах идэж байсан хутгаа авч гэрээс гарч хашаанд түүнийг үгээр өдөж улмаар хутга барьж дайрах үед нь хутганы ирнээс барьж авснаас хохирогчийн зүүн гарын алганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1195 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч М.У-ын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

1. Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.У- нь хохирогч Б.М- хамт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36  дугаар хороо Алтан-Овоо .......... тоотод байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үл ялих шалтгааны улмаас түүний гарыг хутгаар зүсэж зүүн гарын алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.М- “...Өөрийгөө хамгаалах гэхэд над руу хутгаар чичилсэн. Тэгээд би хутгатай гараас нь барьж аваад гарыг нь өчиж хутгыг нь хаяулсан. ...Миний зүүн гарын алга хутганы үзүүрт хатгагдсан байсан учир их цус гарч байсан. ...Тухайн эмэгтэй над руу хутгаар барьж дайраад зүүн гарын алга руу үзүүрээр нь хатгасан. Мөн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 хуудас),

тухайн үйл явдал болоход хамт байсан гэрч Л.Оюунтуяагийн “...Удвал гэх эмэгтэй араас гараад ирсэн ба Мөнх-Эрдэнэ лүү сэжиглэлээ, цээрлээд байна уу?” гэх зэргээр дайрахад Идбаяр бид 2 салгасан ба салгахад Удвал газарт унасан. ...би Мөнх-Эрдэнийн хамт хашааны гадаа зогсож байтал Удвал гэх эмэгтэй хар өнгийн хутга барин дайрч манай хамтран амьдрагч Мөнх-Эрдэнийг хутгаараа чичилсэн бөгөөд Мөнх-Эрдэнэ гараараа хутгыг нь барьж авсан ба Идбаяр гэрээс гарч ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19-21 хуудас),

хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10184 дугаартай “Б.М- биед зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-21 хуудас), шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            2. Шүүгдэгч М.У-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан.

           

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.М- нь хохирлын талаарх баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй байх ба гомдол саналтай гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 18 хуудас) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэж, харин хохирогчийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

4.Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.У-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч М.У-: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг үгээр өдөн хэрүүл маргаан үүсгэсний улмаас уг гэмт хэрэг гарсан, урьд нь санаатай гэмт хэргүүд үйлдэж 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байснаас үзэхэд түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Мөн улсын яллагч  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй боловч уг зүйл ангид заасан хамгийн хүнд төрлийн ялын дунджаас дээгүүр буюу 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан нь ялын дүгнэлтийн үндэслэлтэйгээ нийцэхгүй болно.

 

Шүүгдэгч М.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ, зэвсэг хэрэглэж үйлдсэн, хувийн байдлын хувьд шүүгдэгч урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдалд тохирно гэж  шүүх дүгнэсэн.

 

5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Равдан овогт М-гийн  У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг  480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.У-д мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ