| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00151/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 158
| 2017 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2017/00158 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, Гавшгай, 23-р байр, 21 тоотод оршин суух Цэнджав овогт ******* /РД: ШЖ00000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт холбогдох Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр үйлдсэн “Ажлаас чөлөөлөх тухай” хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 486 230 төгрөг гаргуулж, төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07-р сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07-р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт бичиг хэрэг, касс хариуцсан ажилтан ******* миний нэр дээр тус салбарын менежер ******* нь 2017 оны 02-р сарын 15-ны өдөр “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл” гаргаж, мөн тус салбарын эрхлэгч ******* нь 2017 оны 03-р сарын 20-ны өдөр “ Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг тус тус гаргасан. Эдгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл”, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь шаардлага хангаагүй, хууль зөрчсөн, хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар ******* миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн 121 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч *******гийн 2017 оны 03-р сарын 20-ны өдөр гаргасан “ Ажлаас чөлөөлөх тухай тушаал”ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч *******гийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн Б/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2017 оны 06-р сарын 05-ны өдөр хүчингүй болгосон шийдвэр гаргасан байхад эрхлэгч ******* нь шүүхийн шийдвэрийг үл тоож, “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг хуульд нийцүүлэн дахин шинээр гаргахдаа шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хүчингүй болгосон тушаалын он, сар, өдөр болох 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр тушаалаа гаргасан байна. Нэгдүгээрт: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс хуулийн шаардлага хангаагүй, хууль бус тушаал гаргасан байна гэж үзэж 2017 оны 06-р сарын 05-ны өдөр “уг ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Хоёрдугаарт: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч ******* нь “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2017 оны 06-р сарын 08-ны өдөр өмнөх тушаалаа хуульд нийцүүлэн дахин шинээр гаргаж надад гардуулан өгсөн. Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч ******* нь “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-аа хуульд нийцүүлэн шинээр дахин гаргахдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2017 оны 06-р сарын 05-ны өдөр хүчингүй болгсон шийдвэр гаргаснаас хойших он, сар, өдрөөр дахин гаргах ёстой байтал 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр гаргасан байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын өөрийнх нь буруутай хууль бус тушаал гаргасан шалтгаанаас үүдэлтэй ******* миний бие шүүхэд хандсан бөгөөд энэ хугацаанд цалин болон гэнэт халагдсаны тэтгэмжээ одоог хүртэл авч чадаагүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал огт төлөгдөөгүй байгаа болно. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч *******гийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл тоож 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр үйлдэж 2017 оны 06-р сарын 08-ны өдөр надад гардуулан өгсөн хууль бус “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг хүчингүй болгож, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан... цалин болох нийт 2 486 230 төгрөгийн цалинг гаргуулж, төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн *******гийн гаргасан “Тушаал хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Иргэн *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр үйлдсэн “Ажлаас чөлөөлөх тухай” хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 486 230 төгрөг гаргуулж, төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35 100 төгрөг, хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 70 200 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, 2 486 230 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 730 төгрөгийг тал хувь болох 27 365 төгрөгийг хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******гийн нэхэмжлэлтэй Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөр үйлдсэн “Ажлаас чөлөөлөх тухай” хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 486 230 төгрөг гаргуулж, төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35 100 төгрөгийг, хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 70 200 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, 2 486 230 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 730 төгрөгийг тал хувь болох 27 365 төгрөгийг хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.НАРАНТУЯА