Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            02             18                                    2022/ШЦТ/215

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Г.Л-, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005 01343 0631 дугаартай хэргийг 2020 оны 6 сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Дархан-Уул аймаг, ......  дүгээр баг, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо ..... түр оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Боржигон овогт Г.Х- /РД:ТА9308..../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” тавийн 2 давхарт байрлах нийтийн үйлчилгээний төвөөс Т.М-эзэмшлийн “Samsung note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны “Саппоро” үйлчилгээний төвийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг “Ази фарм” эмийн сан дотроос худалдагч М.Х-эзэмшлийн “real me-2” загварын гар утсыг лангуун дээр ил байхад нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 516 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Л-, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

1. Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” үйлчилгээний төвийн 2 давхараас Т.М-эзэмшлийн “Samsung note-9” загварын гар утсыг хулгайлан авч 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...гар утсаа хулгайд алдсан...” тэмдэглэл (хавтаст хэргийн 5 хуудас)

- Хохирогч Т.М-“... гар утасны хойд талд байсан картаа авах гэтэл миний “Samsung note-9”маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд гайхаад хяналтын камер шүүж үзэхэд миний баруун талын гадна куртикны халааснаас хар өнгийн богино куртиктэй, хар өнгийн өмд, цайвар өнгийн пүүзтэй, цагаан өнгийн масктай, куртик нь богино хойд талдаа дугуй цагаан өнгийн хээтэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 хуудас)

- Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” төвийн 2 давхарт байрлах дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...гомдол гаргагч Т.М-н хажууд хар өнгийн бомбер халаасыг нь халхалж байгаад гар утсыг нь авч буй байдлыг зургаар харуулав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13),

- “Damnо” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн БГ1-20-151 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...samsung note-9” маркийн гар утас 1,025,000 төгрөг...” тайлан (хавтаст хэргийн 24-26 тал)

- шүүгдэгч Г.Л-гийн “... 13 дугаар хуудасны камерын бичлэг дэх зураг минийх мөн байна, би утас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Шүүгдэгч Г.Л-нь 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Саппоро үйлчилгээний төвийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг “Ази фарм” эмийн сан дотроос М.Х-эзэмшлийн “real me-2” загварын гар утсыг хулгайлан авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...эмийн сангаас гарч явсан эрэгтэй энэ хэсэгт дээгүүрх хар өнгийн куртикээ тайлаад зүүн гартаа сугадаж тохсон байдалтай ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж хяналтын камерын тусгалаас гарч яваад бичлэг дуусав...” тэмдэглэл (хавтаст хэргийн 99 тал)

- Таньж олуулах ажиллагааны “...хохирогч М.Х-г өрөөнд оруулан зургуудыг үзүүлж, эдгээр хүмүүсийн зураг дунд таны гар утсыг хулгайлсан гэх эрэгтэйн зураг байна уу? гэж асуухад 2 дугаараар байрлуулсан Г.Л-гийн зургийг зааж энэ хүн нөгөө миний сэжиглэж байгаа эмийн санд орж ирээд гараад явсан эрэгтэй мөн байна...” гэсэн тэмдэглэл, зураг (хавтаст хэргийн 100-102 тал),

- Хохирогч М.Х- 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд янз бүрийн эм асуугаад лангуунаас авч үзэж байсан. Тэгээд эмээ худалдаад зогсож байтал тэр эрэгтэй гэнэт гараад явчихсан ба ойролцоогоор 5 минутын дараа гар утасныхаа цагийг харах гэтэл лангуун дээр ил байсан утас байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 тал)

- Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Ц-603 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...real me X2 маркийн гар утас 900,000 төгрөг...” тайлан (хавтаст хэргийн117-118 тал),

- шүүгдэгч Г.Л- гийн “... камерийн бичлэг дэх зураг минийх мөн, би эмийн сангаас хүний гар утас авснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Шүүгдэгч Г.Л-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогч нарын эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

 

Харин хохирогч Т.М-, М.Х- нар нь өөрийн эд зүйл болох гар утсаа олон нийтийн үйлчилгээний газар буюу дэлгүүр, эмийн сан гэсэн газраас хулгайд алдсаныг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцолгүй хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал: Эмийн сан, дэлгүүр зэрэг нь хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авч нэвтэрдэггүй тул нийтийн үйлчилгээний объектод хамаарах тусгайлан хамгаалсан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Г.Л-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.М-д 1,025,000 төгрөг, хохирогч М.Х-д 900,000 төгрөг буюу бага хэмжээнээс илүү хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон болно.

 

Харин Г.Л-гийн 2 удаагийн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Л-  нь давтан үйлдлээр нэр бүхий хоёр хохирогчийн нийт 1,925,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр, өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн буюу Т.М-гар утсыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хохирогч М.Х-гар утсыг 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт хулгайлан авсан нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг.

Харин хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Г.Л-гийн нэр бүхий 2 хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,925,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.М-д нийт 1,025,000 төгрөг, хохирогч М.Х-д 900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний хохирлын тайлан (хавтаст хэргийн 24-268 117-118 хуудас)-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Л- нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогч Т.М-д 1,025,000 төгрөгийг, хохирогч М.Х-д 900,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, олгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.Л- нь гэмт хэргийн талаар маргадаггүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас 08 сарын хорих ял, оногдуулах саналыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх саналтай байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Л-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шийтгүүлж байсан зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Л- тогтмол оршин суух хаяггүй тул түүнд Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч өөрийн санал болгосон хорих ялаа өршөөлд хамруулахгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх санал тус тус гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь шүүгдэгч Г.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон бөгөөд энэ зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамаарах боловч, хууль тогтоогчоос зөвхөн хорих ял оногдуулсан нөхцөлд уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөлд хамруулахгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-гийн цагдан хоригдсон 31 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-гийн цагдан хоригдсон 31 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн= 248 цагийг түүний эдлэх ялаас хас ч тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Л-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Л-гээс 1,025,000 төгрөгийг гаргуулж Т.М- (Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 59-1-70 тоотод оршин суух, РД:фд88051708, утас99038782)-д, шүүгдэгчээс 900,000 төгрөгийг гаргуулж М.Х- (Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Ханбогд хороолол 202-59 тоот хаягтай, РД:ух90110361, утас99055558)-д тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ