Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2021/1016/Э/220/2021/0852 |
Дугаар | 2022/ШЦТ/273 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/273
2022 03 03 2022/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч /хохирогч У.Э-, өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Б.Э-, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч У.Э-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э-ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108012441115 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Нэг: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Ургамал, ...” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамж, ....тоотод оршин суух, урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,
........................
Хоёр: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 23 дугаар гудамж, .... тоотод оршин суух, урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар нийт 6 сарын баривчлах ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 359 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоног хорих ял,
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, нэмж нэгтгэн нийт 11 жил 1 сар 8 хоногийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 27 хоногийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуус ч суллагдсан,
..........................
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч У.Э- согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-“урьд өмнө чи миний ахыг зодсон” хэмээн уруул хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Э-ыг “Чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” хэмээн зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 832 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
1. Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.Э-ын гараар цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.Э-эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Э-ийн тоосгоор зодсон үйлдлийн улмаас хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон гэж дүгнэлээ.
Энэ нь:
- хохирогч Б.Э-”...У.Э- миний хажууд зогсож байгаад “Чи муу миний ахыг урьд өмнө зодсон” гээд миний уруул хэсэг рүү цохитол би хойшоо унаж ухаан алдчихаад...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас),
- Шүүх эмнэлгийн 5610 дугаар “...Б.Э-биед дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжилгээ (хавтаст хэргийн 35-36 хуудас),
- хохирогч У.Э-ын “... Б.Э- орж ирээд хувцсаа тайлж шидээд, цээжээ нүцгэлээд “Чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд газраас тал тоосго барьж ирээд, дух руу цохиж намайг газар унагаж дээрээс толгой руу балбаж, дагз, нүүр, хацар, чих, нуруу хэсэгт тоосгоороо нүдээд байхаар нь би “больё” гэж гуйгаад...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас),
- Шүүх эмнэлгийн 5210 дугаар “...У.Э-ын биед дагз ясны ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн шинжилгээ (хавтаст хэргийн 28-29 хуудас),
- шүүгдэгч У.Э-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бос ч ирээд баруун гараараа Б.Э-уруул хэсэгт нэг удаа цохитол уруул нь сэтэрч, цус гарч, ухаан алдаж унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150 хуудас),
- шүүгдэгч Б.Э-ийн яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...уур хүрч Б.Э-руу “Чи миний дүүг алчихсан юм биш үү” гэсэн чинь миний өөдөөс “Хоёулаа зодолдох уу” гэхээр нь хувцсаа тайлж, цээжээ нүцгэлж байгаад баруун гараараа У.Э-ын нүүр рүү цохитол ар дагз хэсгээрээ газар савж унахаар нь дээр нь гарч суугаад хоёр гараараа толгой болон нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 хуудас) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч У.Э-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Э-гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг,
- шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.Э-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг тус тус хангасан.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч У.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 498,000 төгрөг баримтаар нэхэмжилсэн (хавтаст хэргийн 121-122 хуудас) байх боловч шүүх хуралдаанд гаргасан хохирогч У.Э-ын “Эмчилгээний зардал 498,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-ээс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай татгалзлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Э-нь хохирлын талаарх баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй байх ба гомдол саналтай 500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 18 хуудас), мөн цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: Шүүгдэгч У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 06 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэх,
шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч Л.Батаа: “Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Холбогдогч нар хоорондоо ярилцаад хохирлоо тохиролцсон байгаа. Энэ гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж,
шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Амартогос “...Зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу улсын яллагчаас оногдуулсан ялыг өршөөлд хамруулж өгнө үү...” гэх дүгнэлт тус тус танилцуулсан.
Шүүгдэгч У.Э-, Б.Э- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Мөн хохирогч У.Э-аас хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжлэхээс татгалзсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгч Б.Э-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.
Шүүгдэгч У.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 460 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ олон удаагийн үйлдлээр тоосго ашиглаж зодсон, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг бүрэн арилаагүй, хувийн байдлын хувьд урьд 6 удаа шүүхээр ял шийтгүүлсэн, тогтмол орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 04 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэсэн.
Шүүгдэгч У.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдэж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул түүнд оногдуулсан 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Э- нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “... 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, ... өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан тул шүүгдэгч Б.Э-ийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э- 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-ыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 04 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ийн урьдчилан цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялын хугацааг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Б.Э., У.Э- нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Э- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Э-, Б.Э- нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Э-т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Энэ шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих, шүүгдэгч У.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ