Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0203

 

"Д-О' ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч "Д-О' ХХК-ийн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "Д-О' ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож, ХV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, XV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд "Д-О' ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа..."Д-О' ХХК нь ХV-009912 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын газарт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2014 оны 06 дугаар сарын 19-нд дахин 9 дэх жилийн төлбөр гэж мөнгө шилжүүлсэн. Энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-нд гарсан хуулийн дагуу 10 дахь жилийн төлбөр болсон гэж ойлгогдоно гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Учир нь "Д-О' ХХК-аас XV-009912 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл огт гаргаагүй байж Уг тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр гэж ойлгогдоно гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.

Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргах тохиолдолд төлбөр төлсөн байх нь хуульд заасан 4 шаардлагын зөвхөн 1 нь л болно. Түүнчлэн уг компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргаагүй болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 899 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 48 дугаар зүйлийн 48.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд хангаж буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож, XV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, ХV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд "Д-О' ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М:Б давж заалдах гомдолдоо: Нэг. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Морин толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Д-О' ХХК-д Ашигт малтмалын газрын 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-009912 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан.

"Д-О' ХХК-аас дээрх талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025541 дугаартай өргөдлийг 2015 оны 03 дугаар 31-ний өдөр буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаас хойш 10 сар өнгөрсний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан байсан.

Уг өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр үндэслэлтэй юм.

Учир нь "Д-О' ХХК-ийн ХV-009912 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ХV-009912 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, харин уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуульд заасан хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй болно.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан байдаг бол мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийг заасан байдаг.

Энэхүү хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө, хуульд заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдэл болгосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч "Д-О' ХХК дээрх хуулийн заалтуудаар тодорхойлсон нөхцөлийг хангаагүй байсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй болно.

Өөрөөр хэлбэл, "Д-О' ХХК нь ХV-009912 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын газарт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Энэхүү хуульд заасан үүргээ нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өгөх ёстой ба бид 2015 оны 1 сард үнэлгээний Нью ларус компанитай гэрээ хийж үнэлгээг хийлгэсэн гэснээс тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 05 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа гэдэг нь ойлгомжтой байсан тул бид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бүхий л шаардлагыг биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай гол бичиг баримт болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуулийн хугацаанд хийлгэж өргөдөлд гаргаагүй атал бүхий л шаардлагыг биелүүлсэн гэсэн нь огт үндэслэлгүй болно.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2014 оны 06 дугаар сарын 19-нд дахин 9 дэх жилийн төлбөр гэж мөнгө шилжүүлсэн. Энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-нд гарсан хуулийн дагуу 10 дахь жилийн төлбөр болсон гэж ойлгогдоно гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Учир нь "Д-О' ХХК-аас ХV-009912 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл огт гаргаагүй байж уг тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр гэж ойлгогдоно гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.

Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргах тохиолдолд төлбөр төлсөн байх нь хуульд заасан 4 шаардлагын зөвхөн нэг нь л болно. Түүнчлэн уг компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй болно.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн тухай орон нутгийн холбогдох албадаас авах тодорхойлолтыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зайлшгүй хавсаргахаар заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч "Д-О' ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн /2015 оны 03 сарын 31/ өдөр ч энэхүү баримтыг хавсаргаж өгөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн, өргөдлөө 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргахдаа /хуульд заасан хугацаанаас өнгөрч өгөхдөө/ ч хуульд заасан баримтыг дутуу бүрдүүлсэн зэрэг үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгч "Д-О' ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Ийнхүү нэхэмжлэгч "Д-О' ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш 10 сарын дараа өргөдлөө гаргасан нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Түүнчлэн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр миний бие Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан давхацсан бөгөөд энэ талаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн туслах н.Энх-Эрдэнэд утсаар мэдэгдэхэд шүүгчид дамжуулаад хэлье, хойшлуулах эсэхийг эргээд мэдэгдье гэсэн боловч хүсэлтийг хүлээж авалгүйгээр буюу хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

"Д-О' ХХК XV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, XV-009912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд "Д-О' ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352 дугаар Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрээр "Д-О' ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэйдэх заалтыг хангаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч "Д-О' ХХК-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Морин толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосноос хойш тухайн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө хуульд заасан баримт бичгүүдийг бүрдэл болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.

Хэрэгт авагдсан Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах тухай тодорхойлолт[1]-оор "Д-О' ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөдлөө гаргасан нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч "Д-О' ХХК ийнхүү хожимдуулсан шалтгаанаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн 9-д заасан ажиллагааг гүйцэтгэснээс болсон талаар тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулж шүүх "Д-О' ХХК-ийн хуульд заасан хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж чадаагүй нь тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны эцэст дүгнэлт өгөх байжээ.

Хэрэгт авагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХХ-2209 дугаар дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Нөөц бүртгэх тухай Н-36 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, 07 дугаар сарын 29-ний өдрийн 6/4416 дугаар албан бичиг, Асмос ХХК, "Д-О' ХХК, Нью ларис ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу хийгдсэн байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр-ийн тайланг хянах тухай Ажил гүйцэтгэх гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж, Анхидал ХХК-аас 2014 онд боловсруулсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт Морин толгой нэртэй газарт орших Шаврын орд ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийн хүрээнд дээрх асуудлыг бүрэн тодорхойлох боломжгүй байна.

Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай 5/4416 дугаар албан бичгээр "Д-О' ХХК-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хүргүүлэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, 2016 оны 2 дугаар улиралд багтаан ирүүлэхийг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч "Д-О' ХХК үүнээс өмнө буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-нд Нью ларис ХХК-тай байгуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу хийгдсэн байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөр-ийн тайланг хянуулах тухай гэрээг байгуулсан байгаа нь ойлгомжгүйгээс гадна 2014 оны 02 дугаар сарын 21-нд ордын нөөц бүртгэгдсэнээс хойш ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч "Д-О' ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ нь шүүхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болно. Зүй нь шүүх "Д-О' ХХК-аас нэхэмжлэлдээ 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт хандахад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсантай холбогдуулж, хууль батлагдахаас өмнө олгогдсон, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд олгогдох ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулсан журам, субьект тодорхойгүй гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн аваагүй талаар дурдсан, түүнчлэн Ашигт малтмалын газрын болон холбогдох газруудад 2015 оны 2 дугаар сараас 3 удаа хандаж байсан гэх тайлбартай нь холбогдуулж, энэ талаарх баримтуудыг хариуцагч байгууллагын баримтад үзлэг хийх зэргээр нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 /хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт/-д заасан орон нутгийн холбогдох байгууллагаас баримтыг авсан эсэхийг тодруулах нь зүйтэй.

Хэрэгт "Д-О' ХХК-аас орон нутгийн захиргааны байгууллагад хандсан агуулгатай албан бичиг авагдсан[2] боловч энэ нь бүрэн уншигдахгүйгээс гадна нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хавсаргагдсан тул нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авахын зэрэгцээ тухайн хүсэлтийг холбогдох байгууллагуудад хэзээ гаргаж өгсөн, түүнийг нь нутгийн захиргааны байгууллага хүлээн авсан эсэх, авсан бол холбогдох хариуг авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ хавсаргасан эсэхийг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр баримтуудыг хариуцагчид өгсөн гэх бөгөөд энэ асуудлыг шүүх шалгах шаардлагатай. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд нэхэмжлэгч компани Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хэзээ гаргасныг тухайн яамнаас тодруулах зэргээр "Д-О' ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтыг цуглуулахаар ажиллаж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хугацаа хэтэрсэн эсэхийг бүрэн тодруулсны дараа хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шатны шүүх шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ маргааны зүйлд хамааралгүй хуулийг хэрэглэсэн байгааг анхаарвал зохино

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР