Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

 

 

 

 

 

       2022         03          03                                        2022/ШЦТ/276        

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/,

хохирогч Б.Н-,

шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0103 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо Баянхайрхан 48 дугаар гудамж .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 Цэнд овогт Ц-гийн О /рд:уп9406............/.

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ц.О- нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы .... тоотод Б.Н-ийг гэртээ байхад нь “хашааны банз авч түллээ” гэж маргаан үүсгэхэд Б.Н- “танай банзыг түлээгүй” хэмээн амбаар саваа шалгуулж байхдаа харилцан бие биеэ түлхэлцэн холдохгүй болохоор Б.Н- үснээс нь зулгаагаад автал өөдөөс нь дайрч ноцолдож байхдаа хохирогчийн зүүн талын гарын булчинг нь хумсаараа маажих, баруун гарын шуунаас базах зэргээр зодож түүний биед нь баруун шуу, баруун бугуй, зүүн бугалга зүүн тохой, зүүн шуу, цээжинд цус хуралт зүүн бугалга баруун шуу, зүүн чигчий хурууны үенд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 93 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О- түүний өмгөөлөгч Л.Азжаргал нар аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл тул хэргийг цагаатгах байр суурьтай оролцсон болно.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ц.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Энэ нь: Хохирогч Б.Н-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 49 дүгээр гудамжны ..... тоотод 3 жил амьдарч байгаа. Өчигдөр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надтай хамт амьдардаг Г.Б- төрсөн өдөр болоод задалсан архинаас 2-3 орчим татсан байсан. Тэгээд Г.Б- ар талын айлын залуугийн гэрт орчихсон хойгуур 15 цагийн орчим манай урд талын залгаа хашааны айлын охин Ц.О- орж ирсэн. Би орон дээр хэвтэж байтал намайг хашааны банз хулгайлж түллээ гэж хэлэхээр эгч нь одоохондоо айлын банз хулгай хийж гал түлэх арай болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд итгэхгүй бол хар гээд амбаарт байгаа модыг үзүүлсэн. Тэгсэн чинь амбаараас гарч ирээд хашаан дотор та согтуу байна гээд над руу дайрахаар нь би нөхрийн төрсөн өдөр болсон байна аа жоохон уусан гэж хэлтэл намайг түлхэхээр нь би унахгүй буцаагаад түлхсэн. Тэгээд би цаашаа гээд түлхтэл холдохгүй болохоор нь үснээс нь зулгаагаад автал өөдөөс дайраад үснээс зулгааж татаад зүүн талын гарын булчинг хумсаараа маажсан. Мөн баруун гарын шуунаас базаад тэрнээс болоод хавдчихсан. Манай нөхөр Г.Б- арын айлын залуу болох Ц нар бид хоёрыг салгасан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 хуудас),

- Гэрч Т.Г.Б- “...Тэгээд айлд сууж байтал манай 6 настай охин Эгшиглэн орж ирээд өвөө эмээг хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол манай хашаан дотор нойлын хажуу талд урд айлын Ц.О- гэх хүүхэн манай хамтран амьдрагч Б.Н-ийг үснээс нь зулгаагаад дээрээс нь дарчихсан хэвтэж байхаар нь би очиж тэр хоёрыг хурдан салгаад эхнэрээ гэрт аваад орсон. Гэртээ ороод хартал манай эхнэрийн баруун бугуй зэргийг хумсаараа маажсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 772 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Н-ийн биед баруун шуу, баруун бугуй, зүүн бугалга зүүн тохой, зүүн шуу, цээжинд цус хуралт зүүн бугалга баруун шуу, зүүн чигчий хурууны үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 хуудас),

 

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатад өгсөн “...Би бээлийгээ аваад цохих гэтэл дээрээс дараад үснээс зулгаагаад байхаар нь би гарыг нь хумсаараа маажсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 хуудас)-ээр тус тус нотлогдож байна.

 

2. Хохирогчийн биед учирсан баруун шуу, баруун бугуй, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээжинд цус хуралт зүүн бугалга баруун шуу, зүүн чигчий хурууны үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн эхэлж маргаан үүсгэн маажиж, зулгаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцно.

           

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын “хохирогчоос би нүүрэндээ цохиулахгүй гэж үсдэж авсан гэж байгаа нь эхэлж довтолгоог хохирогч талаас хийсэн довтолгооны эсрэг үйлдэл тул аргагүй хамгаалалт гэж цагаатгаж өгнө үү?” гэсэн.

 

4. Бусдын эсрэг санаатай өдөөн хатгалтын шинжтэй үйлдэл буюу Б.Н-ийг гэртээ байхад хашааны банзны хулгайд хардаж хоорондын таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зууралдаж ноцолдох явцдаа бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулсан үйлдэл хийсэн Ц.О-ийн дээрх санаатай өдөөн хатгалтын шинжтэй үйлдлийн улмаас үүссэн маргааны явцад хохирогчийн биед халдан довтолж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон төдийгүй мөн гэрч Т.Г.Б- “... урд айлын Ц.О- гэх хүүхэн манай хамтран амьдрагч Б.Н-ийг үснээс нь зулгаагаад дээрээс нь дарчихсан хэвтэж байхаар нь би очиж тэр хоёрыг хурдан салгаад эхнэрээ гэрт аваад орсон. Гэртээ ороод хартал манай эхнэрийн баруун бугуй зэргийг хумсаараа маажсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 хуудас)-ээр уг зодоонд Ц.О- давуу байдалтай байсан  болох нь, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 802 дугаартай “... Ц.О-ийн биед зүүн өвдөгт зулгаралт ... гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал)-ээр хохирогчид үсдүүлсний улмаас түүнд шарх, хаван, гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн зүгээс маргааныг эхлүүлж харилцан бие биеэ түлхэлцэх явцдаа хохирогч Б.Н- эхэлж үсдэж авсны хариу үйлдэл хийж түүнийг маажиж зулгаан хөнгөн гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

5.Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Н- нь хохирлын талаарх баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй байх ба гомдол саналтай гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

6. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О- шүүгдэгч нь бага насны хоёр хүүхдээ гэртээ асран хамгаалдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа зэргийг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах Зорчих эрх хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү?,

- Хохирогч Б.Н-оос шүүгдэгч Ц.О-т ял оногдуулахгүй байж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

7. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд өөрөө эхэлж хохирогчийн гэрт орчин маргаан үүсгэсэн, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, эрүүл мэндийн хувьд 69 хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай, бага насны 2 хүүхдээ асран хамгаалж гэртээ байдаг болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж үзсэн тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын саналыг хэсэгчлэн хүлээн авлаа. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж тус тус заажээ. Тодруулбал: Шүүгдэгч Ц.О- нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо Баянхайрхан 48 дугаар гудамж ..... тоотод оршин суух хаягтай байх тул Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүхэлд нь түүний түүний оршин суух газар гэж үзэх боломжгүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчмын гол илрэл тул хохирогчийн ял оногдуулахгүй байж өгнө үү гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

8. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний болон хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэнд овогт Ц-гийн Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэх Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.О-т мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ