Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/348

 

 

 

 

 

 

 

       2022         03          18                                        2022/ШЦТ/348     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Х.Б-,

шүүгдэгч Л.У-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.У-холбогдох 2208000000285 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны 2-р орцны жижүүр ажилтай, ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 9 дүгээр гудамжны ___ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны __________ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

_____________

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Л.У-нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны 2-р орцны гадна архидан согтуурсан үедээ Х.Б-ийг “ажлын байран дээр архи уулаа” гэж хэллээ хэмээн маргалдан Х.Б-ийн цамцны захаас заамдан түүнийг орцны хажуугийн хонгилын шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Тус прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Л.У-нь Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Х.Б-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн ____ дугаар хороо Өнөр_____ СӨХ-д нярав ажилтай. 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр би ажил дээрээ байж байгаад 11 дүгээр байрны 2 дугаар орцны айлуудаар ороод байж байтал орцны жижүүр Л.У- орилоод байсан. Тэгэхээр нь би жижүүрийн өрөө рүү нь орж хартал архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би Л.У-д хандаж чи яагаад ажлын байранд дээр согтуу байгаа юм бэ? гэхэд намайг орцноос түлхээд гаргасан. Тэгээд би орцны гадна СӨХ-н дарга руу залгаж хэлэхэд Л.У- гарч ирээд намайг “чиний ажил гэж юу юм” гэж хэлээд намайг түлхээд, гараараа хоолойноос боогоод намайг байрны хонгилын хэсэг рүү түлхэж унгаагаад өөрөө миний дээрээс дараад унасан. Тэгээд миний дээр гарч суугаад хоолойноос боогоод байхаар нь би арай хийж түлхэж холдуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-20, 25 хуудас),

- Гэрч Ш.Т-н “...Л.У- нь манай орцны жижүүр хийдэг, Л.У-ыг таньдаг болоод нэг жил болж байна.Хааяа таарсан үед мэнд устай явдаг, би Л.У-ыг ямар зан ааштай талаар сайн мэдэхгүй. Байрны цэвэрлэгээ  үйлчилгээг сайн хийдэг. Тухайн өдөр  манай гэрт манай найз ирээд намайг хамт 1 шил архи  уучихъя гэж хэлээд орцонд байж байтал Л.У- гарч ирээд  манай найзтай хамт 0.33 граммын архийг орцонд уучхаад явсан. Би гэр рүүгээ ороод манай  найз мөн явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 хуудас),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2051 дугаартай “...Х.Б-ийн биед тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 хуудас)

- Л.Л.У-ын “Миний үйлдлийн улмаас Б.Б- биед гэмтэл учирсан, би бас цагдаад гомдол гаргаагүй болохоос биш өөрийгөө хохирсон гэж үзэж байна ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.Л.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 612,600 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Шүүгдэгч Л.У-нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд 300,000 төгрөг төлсөн, үлдсэн 312,600 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулж, хохирогч Х.Б-т олгуулахаар шийдвэрлэв.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Л.У- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрөхгүй, надад зорчих эрх хязгаарлах эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгнө үү? гэсэн.

 

            5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүнийг зодсон, шүүгдэгч Л.У-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд өөрийн оршин суух тогтмол хаяггүй, ажлын газрынхаа байранд амьдардаг, ажил эрхэлдэг ч гэсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тогтоолд дурдах нь зүйтэй.

           

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.У-ыг 480 (дөрвөн зуун наян) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.У-мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Л.У-аас 312,600 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б- “Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ... тоотод оршин суух, ..., утас .....”-т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ

2022/ШЦТ/348