Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

 

 

 

 

 

 

 

       2022         03          18                                        2022/ШЦТ/349   

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Э.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж-холбогдох 2208000000352 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 08 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоо 12 дугаар гудамж ....тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 423 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Боржигон овогт Э. Ж. /РД:АИ9008./.

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Э.Ж-нь 2022 оны 01 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 12 дугаар гудамжны .... тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ш.Ц-“хөдөө гэр рүү нь хүргэж өгч чадахгүй” гэх асуудлын улмаас хоорондоо маргалдаж улмаар хохирогчийг 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж баруун нүд, толгой, баруун тохой, шуу хэсэг рүү нь гараараа цохиж, баруун гуя, шилбэ рүү нь өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний гадна булан, баруун тохой, шуу, гуя, шилбэ, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Ж-үйлдлийн улмаас хохирогч Г.Ц-эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан болох нь:

- Хохирогч Г.Ц-цагдаагийн байгууллагад гаргасан “... Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 12-1 тоотод нөхөр намайг зодоод байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р тал),

- Хохирогч Г.Ц-“... Би Э.Ж- гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо .... тоотод хамтран амьдраад 1 жил болж байна. Би одоогоор жирэмсэн гэртээ амралтаа аваад байж байна. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нөхөр Э.Ж- намайг Булган аймгийн Сансар сум руу хөдөө гэр лүү хүргэж өгөх гэсэн боловч нөхрийн ... тээврийн хэрэгслийн нэг юм эвдрээд ... хол явж чадахгүй байх найдвартай унаа олно гээд эгчийнхээ машиныг гуйна гэж хэлээд Э.Ж- гэрээс гараад явсан. Тэр үед би гэртээ хөдөө явах хувцас хунараа бэлдэж байтал Э.Ж- утсаар ярьж, буцаж орж ирээд уурлаад байсан. Тэгэхээр нь би эгч нь машинаа өгөөгүй болохоор уурлаад байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн Э.Ж- намайг “би ер нь чамайг хүргэж өгөхгүй, чи өөрөө яв гэж” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “тэгнэ, чамайг гуйхгүй, би ганцаараа явчихна” гэж хэлтэл “чи бүх хувцсаа аваад нэг мөсөн яваарай” гэж хэлээд гараараа миний баруун нүд, толгой, баруун тохой, шуу хэсэг рүү цохих үед нь би “чи болиоч ээ” гэж хэлээд дайртал хөлөөрөө баруун гуя, шилбэ хэсэг рүү өшиглөсөн юм...Миний биед учирсан гэмтлийг нөхөр Э.Ж- намайг олон удаа гараараа цохиж, зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 тал),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 2466 дугаартай “...Г.Ц-биед баруун нүдний гадна булан, баруун тохой, шуу, гуя, шилбэ, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 тал),

- Гэрч Э.Б-ын “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би гэртээ байж байтал Э.Ж-, Г.Ц- нар нь гэртээ шуугилдаад байхаар нь би байшин руу нь ортол хоорондоо хэрэлдээд байж байхаар нь “больцгоо, яасан хэцүү, чанга орилж хэрэлддэг юм бэ” гэж хэлээд гэрээс нь гараад өөрийн гэр лүүгээ ороод хэвтээд өгсөн...Э.Ж-, Г.Ц- нар нь хоёулаа нэлээн ууртай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 тал),

- Э.Ж-мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эхнэр Г.Ц-г хөдөө хүргэж өгөх байсан боловч миний тээврийн хэрэгслийн цахилгаан помп нь эвдрээд шатчихсан байхаар нь ...би эхнэр Г.Ц-гоос мөнгө асуутал “надад мөнгө байхгүй, ах дүү нараасаа ав” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “чамайг хүргэж өгөхгүй” гэж хэлтэл Г.Ц- “чамайг гуйхгүй, ганцаараа явчихна” гэж хэлээд хүнтэй хэрэлдээд байхаар нь уур хүрээд баруун нүд, толгой орчим нь гараараа цохих үед эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан...Би эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Би эхнэрээ эмчид үзүүлсэн, эм тариа авч өгч хохирлыг барагдуулсан ... Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогч, шүүгдэгч нар нь албан ёсны гэр бүлийн бүртгэлгүй ч гэсэн хамтран амьдраад 01 жил болсон, одоо 7 сартай жирэмсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

4. Хохирогч Г.Г.Ц- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 98 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ж-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 нэгж буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн шинжтэй маргаанаас үүдэн бусдыг зодсон, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,400 нэгж буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналын дагуу уг ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт  Э.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Ж-ыг 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Ж-үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ж-мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ