Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/0351/Э |
Дугаар | 2022/ШЦТ/368 |
Огноо | 2022-03-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/368
2022 03 23 2022/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Б.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-холбогдох 2208 00000 0396 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монгол ... дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хорооны 26 дугаар байрны .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Боржигон овогт Б Д/РД:УХ900..................
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Д-нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны орчимд автомашин дотор хамт явсан Б.П-“эхнэр Э.С- үг хэлээр доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд “баруун доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, доод уруулын салст, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Д-гараар цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.П-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
- Хохирогч Б.П-“...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр арван жилийн найзуудтайгаа уулзсан бөгөөд тухайн үед харих гээд Солонго, Б.Д-хоёрын хамт явахаар болсон ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд бид 3 дуудлагын жолооч дуудаад хүргүүлэх болсон. Солонгын машиныг дуудлагын жолоочоор бариулаад явах болсон. Би Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дээр ирээд буухаар тохироод хөдөлсөн. Машинд явж байхдаа Э.С-намайг буугаад үлд, зайл энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь Э.С- хандаад “Юм үзээгүй арчаагүй, машинаа харамлаад байх юм эргүү энэ тэр” гээд доромжилсон юм. Миний бие урд суудал дээр сууж явсан. Б.Д-, Э.С-хоёр хойд суудал дээр сууж явсан. Тэгээд гэнэт суудлын араас Б.Д-миний баруун шанаа руу хүчтэй цохиод авсан ба эргэж хараад “яаж байгаа юм бэ чи” гээд хэлтэл ахиад миний нүүр рүү цохиод миний шүдийг хугалсан тэгэхээр нь би нүүрээ дараад урагшаагаа тонгойход миний толгойн ар дагз хэсэг руу хэд хэдэн удаа цохисон. Миний үүдэн шүдний тал нь хугарсан ба доод шүднүүд болон баруун шанаа хөндүүртэй, баруун нүд хавдаж толгой өвдөж байна. Тухайн гэмтлийг Б.Д-миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
- Гэрч Л.Д-гийн “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуудлагын жолооч хийж байсан ба тухайн өдрийн 07 цагийн үед дуудлагын жолооч хэрэгтэй байна гээд нэг дугаараас ярьсан ба тухайн заасан хаяг дээр нь очсон ба Чингэлтэй дүүргийн 3 дугаар сургуулийн баруун талын байрны голд очиход саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодох болсон. Тухайн машинд 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн суусан ба нэг урт үстэй Б.П- гэх эрэгтэй нь урд суудал дээр сууж явсан ба суусан цагаасаа хойш хойд суудал дээр сууж явсан тухайн машины эзэн эмэгтэйдээ хэрэлдээд яваад байсан. Б.П- гэх урд суудал дээр сууж явсан ах хойд суудал дээр сууж явсан эмэгтэйг хэл амаар доромжлоод байсан бөгөөд хойд суудал дээр хажууд сууж явсан өндөр ах араас нь толгой руу шууд цохиод авсан урд сууж явсан Б.П- гэх ах хойш яаж байна гэсэн чинь хойд суудал дээр сууж байсан ах ахиад нүүр рүү нь цохиод авсан. Явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн ойр хавьд ирсэн. Тухайн үед Б.П- гэх ахын шүд нь унасан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас)
- Гэрч Б.С-“...миний машинаар Б.Д-, Б.П*- нар хамт явахаар болсон ба Б.П*- нь машины урд суудал дээр харин Б.Д-бид хоёр хойд суудал дээр сууж явсан бөгөөд манай гэр рүү явж байхад Б.П*- нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний машинаас буу зайл гэх мэтээр хэлсэн ба тухайн үед Б.П*- нь намайг “пизда” гэх мэтээр хараагаад байсан тэр үед Б.Д-их дурамжхан байгаад байсан ба манай гэрийн гадаа ирээд буюу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны гадаа машин зогсоход Б.Д-нь гэнэт Б.П*-ийн толгой араас цохисон тухайн үед Б.П*- эргээд харахад Б.Д-ахиад нүүр рүү нь цохисон бөгөөд Б.П*- нүүрээ дараад урагшаагаа тонгойход ар дагз хэсэг рүү нь Б.Д-хэд хэдэн удаа цохисон тэгээд тэр хоёр салаад машинаас буугаад тэр хоёр барилцаж байгаад Б.П*- харилаа гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2835 дугаартай “...Б.П-биед баруун доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, доод уруулын салст, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)
- Б.Д-мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Хохирогч Б.П-эрүүл мэндэд учирсан хохирлыг би учруулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Д-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирогч Б.Б.П*- нь Premier esthetics шүдний эмнэлгийн 150,000 төгрөг, 80,000 төгрөг, Med trauma эмнэлгийн толгой тархины дүрс оношилгооны төлбөрийн 130,000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул нийт 360,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Б.П*- (Чингэлтэй дүүрэг 3 дугаар ..... тоотод оршин суух, рд:ух9103.....)-д олгуулахаар шийдвэрлэв.
Харин Тун Эрдэнэ фарм трейд ХХК-ний эм тарианы баримтын 750,500 төгрөгийн зардал нь уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотой болохыг нотолсон эмчийн үзлэг, эмчилгээ бичсэн эмчийн жоргүй, Есү-Эрдэнэ ХХК-ний 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлд заасан эмчилгээг хийлгээгүй тул уг эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, харин урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Д-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Д-үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Д-мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Д-ээс 360,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б.П*- (Чингэлтэй дүүрэг 3 дугаар 13-17 тоотод оршин суух, рд:ух91030779)-д олгосугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ