Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/426

 

 

 

 

 

 

 

       2022         04          05                                        2022/ШЦТ/426    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Улсболд,

хохирогч Г.Г-,

шүүгдэгч Т.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-холбогдох 2208000200309 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бага боловсролтой, барилгын төмөрчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

     Жантаг овогт Т-ын Б-т /РД:УП0221...../.

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Т.Б-нь 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдаа, үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт бусдын бараа зөөж байхдаа хамгаалагчийг явсан хойгуур тус давхарт байрлах Г.Г-ийн гар утас зардаг шилэн лангууны хагархай хэсгээр гараа оруулан 11 ширхэг гар утсыг авсны улмаас бусдад 4,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Шүүгдэгч Т.Б-нь хохирогч Г.Г-ийн Samsung S-7 загварын гар утас 1 ширхэг, Samsung S-9 загварын гар утас 1 ширхэг, , Samsung S-10-5g загварын гар утас 1 ширхэг, LG Q-51 загварын гар утас 2 ширхэг, LG Q-61 загварын гар утас 3 ширхэг, Samsung а-8 star загварын гар утас 1 ширхэг, Iphone XR загварын гар утас 2 ширхгийг нууцаар авсны улмаас бусдад 4,730,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар тал),

- Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),

- Хохирогч Г.Г-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 давхарт байрлах гар утасны лангууг 2017 оноос хойш түрээслэн ажиллуулж байна. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байгаад 19 цагийн үед гар утасны лангуугаа цоожлоод ажлаасаа гарсан. Маргааш өдөр болох 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай лангуунаас гар утаснууд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гар утасны үүд хэсэг рүү харсан хяналтын камер байдаг бөгөөд хяналтын камерыг шүүж үзэхэд 11 дүгээр сарын 30-ны шөнийн 01 цаг 16 минутын үед хамгаалалтын албанд шинээр орсон үл таних залуу орж ирээд манай лангуун дээр зогсож байгаад гарч явж байгаа бичлэг байсан. Тухайн хамгаалалтын албанд шинээр орсон залуу манай гар утасны лангуунаас утаснуудыг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

- Гэрч С.Б-ын “...Тус өдөр 20 цаг орчимд Драгон төв дээр явж байсан. 21 цаг орчмын үед Драгон төвийн 1 дүгээр давхрын хяналтын камерын өрөөнд байхад над дээр иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ороод ирсэн. Би лавлагааг нь аваад хэзээнээс ажилдаа орох талаар яриад манайд 3 хоног дадлага хийж дагалдан ажиллана гэж хэлээд гар утасны дугаарыг нь тэмдэглэж аваад байж байтал 22 цаг дөхөөд дээшээ гарч 4 дүгээр давхрыг хаасан. Доошоо бууж 3 дугаар давхрыг хаах гэсэн боловч түрээслэгч нар байсан учир доошоо бууж хяналтын камерын өрөөнд ороход ашиглалтын албаны инженер Ууганаа гэх залуу ирээд “Колл” центрээс юм зөөлгөх гэсэн юм хамгаалагч нараа түр өгчихөөс гэхэд манай хамгаалагч Л.Төрмөнх дусал хийлгээд сууж байсан тул ажилд орохоор ирсэн Т.Б-чи завтай юм уу гэж асуухад завтай байна гэсэн. Тэгээд Т.Б-22 цаг өнгөрөөгөөд юм зөөхөөр “Колл центр” рүү явсан. Би 22 цаг 30-40 минут орчимд 3-р давхар луу гарахад түрээслэгч нар явчихсан байсан учир 3-р давхрыг хаагаад 1-р давхарт бууж ирээд гадаа гарч гадна хяналт тавиад байж байтал ашиглалтын инженер намайг дуудаад ачааны лифт ажиллуулаад өг юм зөөх гэж байна гээд лифт дээр байж байхад Т.Б-юм зөөгөөд явж байсан. Манай Драгон төвийн 1-р давхарт байрладаг Авто тээврийн үндэсний төвийн гадна урд хаалга эвдэрсэн байсан тул очиж үзээд дээшээ 2-р давхрын 205 тоот лангуу руу гарахад Т.Б-байсан. Би Т.Б-зөөгөөд дуусаж байна уу гэж асуухад болоогүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би 205 тоотын үүдэнд шилэн хаалганы үүдэнд хараад зогсож байтал Т.Б-над дээр ирээд би хараад байж байя чи жоохон ч гэсэн амраад ав гэж хэлэхээр нь би доошоо буугаад объектоо шалгахаар явсан. ....Манай Зэндмэнэ ХХА-нд ажилд орохоор ирсэн Т.Б-гэх залууг сэжиглэж байна. Учир нь гар утасны заал руу эд зүйл зөөж байгаад надад хэлэлгүй шууд гараад явсан байсан. Би Т.Б-дахиж харвал танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

- Гэрч Л.Т-ийн “...Тэр танихгүй залуугийн талаар асуухад манайд ажилд орох гэж байгаа гээд сууж байсан. Манай Зэндмэнэ ХХА-нд ажилд ороогүй. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагт ирж дагалдангаар ажиллаад 19 цагт буу гэж манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах С.Б хэлсэн. Тухайн өдөр Драгон төвийн 1 дүгээр давхарт байрлах Авто тээврийн үндэсний төвийн урд хаалга цоожлогдохоо больсон байсан. .....Юнител группийн засварчид Драгон холдингийн ашиглалтын албаны инженерээс хамгаалагч нараар “Колл центр”-ээс юнителийн тавилгануудыг зөөхийг гуйсан байсан учир манай ажилд орохоор ирсэн Т.Б-манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах С.Б тавилга зөөлгөхөөр явуулсан.   ... удалгүй 10-20 минутын дараа 205 тоотын 1 эмэгтэй түрээслэгч манай лангууг ухаад гар утас авчихсан байна гэж хэлээд би мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

- Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

- 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн лангуунаас гар утас алдагдсан гэх хэргийн камерын бичлэг  (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Ц-172 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан 11 ширхэг гар утас нийт 4,730,000 төгрөгөөр үнэлгээ хийгдсэн (хавтаст хэргийн 40-42 дүгээр тал) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Шүүгдэгч Т.Б-нь ачаа зөөх нэрийн доор обьектын байрлалд нэвтэрч улмаар хамгаалагчийг явсан хойгуур хохирогч Г.Г-ийн худалдан борлуулдаг гар утаснуудыг лангуунаас нь хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нь гэм буруугийн шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, уг гар утаснуудыг өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

Т.Б-дээрх үйлдлийн улмаас Г.Г-т нийт 4,730,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан бага бус хэмжээний буюу 4,730,000 төгрөгийн хохирол нь бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар болох гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд хүрсэн.

Т.Б-нэвтэрч хулгай хийсэн обьект нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарах ба анх уг обьект рүү нэвтэрч орохдоо харуул хамгаалалтын ажилтны зөвшөөрлөөр, ачаа зөөх зорилгоор орж уг ажил үүргийг гүйцэтгэх явцдаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх тус зүйлийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Т.Б-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

3. Хохирогч Г.Г-т гэмт хэргийн улмаас 4,730,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэрт эстимэйт” ХХК-ний  2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ц-172 хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдон тогтоогдсон, хохирлоос төлж барагдуулсан эд зүйл байхгүй байна. Иймд шүүгдэгч Т.Б-4,730,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-т олгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Т.Б-: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлоо төлнө, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх зүйлгүй гэсэн.

 

5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

6. Шүүгдэгч Т.Б-урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэдий ч хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй, Т.Б-үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийг төлөөгүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2  ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жантаг овогт Т.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-700 (долоон зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Б-мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б- 4,730,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г- “Баянгол дүүрэг 1 дүгээр хороо ........... тоотод оршин суух, ............”-т олгосугай.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ