Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

2022           03            03                                                        2022/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох 2129002700015 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Д.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр ПК-180-200 цэгийн орчимд 58-24 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт зааснаар “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ачаа тээж яваа ачааны онцлог, замын цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 дэх хэсгийн Ж дэх заалтад зааснаар  “Замын өгсүүр хэсгийн төсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг” гүйцэж түрүүлэхийн хориглоно” мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 55-18 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж гаргасны улмаас иргэн Б.Батсайханы эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун хацрын зулгарат бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Яллагдагч Д.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр ПК-180-200 цэгийн орчимд 58-24 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт зааснаар “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ачаа тээж яваа ачааны онцлог, замын цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 дэх хэсгийн Ж дэх заалтад зааснаар  “Замын өгсүүр хэсгийн төсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг” гүйцэж түрүүлэхийн хориглоно” мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 55-18 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж гаргасны улмаас иргэн Б.Батсайханы эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун хацрын зулгарат бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 12-20-р хуудас/,

 

Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 21-23-р хуудас/,

 

Хохирогч Б.Батсайханы “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Таван толгой төмөр замын ПК-180-200 цэгийн орчимд урдаасаа хойш чиглэлтэй би 55-18 ХӨҮ улсын дугаартай “BEIBEN” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод явж байтал миний явж байсан чиглэлийн эсрэг урсгалаар ачааны машин дөнгөж зөрөнгүүт тэр ачааны машины араас гэнэт жижиг машин гарч ирэнгүүт би баруун гар талруу рүль ээ дартал тэр жижиг машин ирээд миний барьж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм.Тэгээд би замын ертөнцийн зүгээр зүүн тал руу гарч зогсоод толиндоо харангуут тэр жижиг машин миний машины чиргүүлийн ар хэсэгт ирээд зогсчихсон байсан.Тэгтэл миний зүүн гар эвгүй болчихсон байхаар нь би гараа өргөх гэтэл миний гар өргөж дийлдэхгүй шажигнаад дуугарч байсан. Тэгээд би гараа нурууны бүсээр сойж боогоод машинаасаа буугаад мөргөлдсөн машин дээр яваад очиход жолооч нь нэг эмэгтэй хүн байсан жолооч талын хаалга онгойлгох гээд нэг залуу зогсож байсан.Тэгээд жолоо барьж явсан эмэгтэйг бид нар хаалгийг нь хөшиж онгойлгоод машинд хөдөлгөхгүй байлгаж байсан юм...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би 20-30 километр цагийн хурдтай явж байсан.Манай компаны зүгээс 40 километрээс илүү цагийн хурдтай хэтрүүлж явсан тохиолдолд арга хэмжээ авдаг юм...Зам тээврийн осол болох шалтгаан нь миний бодлоор үзэгдэх орчин хязгаарлагдмал замын нөхцөл байдлаа хараагүй гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад осол болсон гэж бодож байна...55-18 ХӨҮ улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэглсэлд учирсан Хөрөнгө эстимэйт ХХК-ний хохиролын үнэлгээгээр гаргасан 6.860.000 /зургаан сая найман зуун жаран мянга/ төгрөгний хохирлыг Д.Н-тэй харилцан тохиролцож наториатаар орж хувааж төлөхөөр болсон юм.Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 33-34-р хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн “...Д.Н нь Өндөр алтайн зам ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр MUSSO маркийн 58-24 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож байсан юм...Би Өндөр алтайн зам ХХК-ний эзэмшлийн 58-24 УАН улсын дугаартай “SSANGYONG MUSSO” маркийн тээврийн хэрэгсэл нь 55-18 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан талаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би мэдсэн...”Өндөр алтайн зам” ХХК-ний эзэмшлийн 58-24 УАН улсын дугаартай MUSSO маркийн тээврийн хэрэгсэл нь ажилтан Д.Н нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээний хүрээнд “Өндөр алтайн зам” ХХК-ний ажил хийхдээ барьж ажиллаж байсан юм. Ажилтан Д.Н нь цаашид Өндөр алтайн зам ХХК-нд үргэлжлүүлэн ажиллах болсон бөгөөд “Өндөр алтайн зам” ХХК-нд учирсан хохирлыг ажиллаж байх явцдаа төлж барагдуулахаар тохиролцон болно. Иймд “Өндөр алтайн зам” ХХК-ний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/,

 

            Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Өмнөговь Аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 617 дугаартай “...Б.Батсайханы биед тархины доргилт, зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун хацрын зулгаралт гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 56-57-р хуудас/,

 

            Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10279 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 77-78-р хуудас/,

 

            Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10280 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 86-р хуудас/,

 

            Яллагдагч Д.Н-ийн “...Би тэр машиныг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал руу орсон өмнөөс машин гараад ирсэн тэгэхээр буцаж дарж амжаагүй мөргөлдсөн нэг мэдсэн чинь тэр мөргөлдсөн машиныхаа чиргүүлийн ар хэсэгт нь зогсож байсан...Уг тээврийн хэрэгсэл нь Өндөр Алтайн зам ХХК-ны тээврийн хэрэгсэл.Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан...Уг осол нь миний гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх үед гарсан. Тухайн үед урд машины шороо тоосонд өмнөөс ирж яваа тээврийн хэрэгслийг хараагүйн улмаас уг осол болсон...Би Б.Батсайхан гэх хүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Батсайхан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 1.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 103-104-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Батсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан 6.860.000 төгрөгийн хохиролыг хэсэгчилэн төлж барагдуулахаар тохиролцож нотариатаар батлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул шүүгдэгч Д.Н-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.Н нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Н-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т 450 /дөрвөн зуун тавин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА