Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 23

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Д.Лхагвасүрэн,  түүний өмгөөлөгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэнд холбогдуулах эрүүгийн 2015260001175 дугаартай хэргийг 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ганмөнгөн жолоо” ХХК-ны автосургуульд жолооны багш, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 10 дугаар гудамж 6-17 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны 0 давхрын П5 тоотыг түрээслэн түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

            урьд 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 192 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар, хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 153 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Онход овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэн /РД:РМ74122631/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр:

1. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-53 тоот иргэн Р.Энхтуяагийн өвлийн сууцанд нэвтрэн Фунай маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж, нийт 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоот иргэн О.Баясгалангийн монгол гэрт нэвтэрч LG маркийн 32 инчийн зурагт, оёдлын машин, шаазан баар зэрэг эд зүйл хулгайлж, нийт 670.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-038В тоот иргэн С.Магнайбаярын байшинд нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4-37 тоот иргэн Б.Энхзулын эзэмшлийн байшинд нэвтэрч 14 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, цулгуй мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 01-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2-16 тоот Х.Сэргэлэнбатын байшинд нэвтэрч, Самсунг маркийн 43 инчийн плазма зурагт хулгайлж, нийт 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3-20 тоот иргэн Н.Отгончимэгийн байшинд нэвтэрч, ЛЖ маркийн 49 инчийн Лед зурагт, 500.000 төгрөг бэлнээр хулгайлж, нийт 1.950.000 төгрөгийн буюу байга бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух иргэн Б.Энхболдын байшинд нэвтрэч ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зураг, цахилгаан харуул, цахилгаан төмөр таслагч цахилгаан хөрөө зэрэг эд зүйл хулгайлж, нийт 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 8-155 тоот иргэн Ч.Нямсүрэнгийн байшинд нэвтэрч Конка маркийн 32 инчийн зурагт хулгайлж нийт 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 7.520.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч:

1.2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-53 тоотод оршин суух иргэн Р.Энхтуяагийн өвлийн сууцнаас “Фунай” маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Р.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд би гэрээсээ ус авахаар гэрийн хаалгаа цоожлолгүй хаачихаад усаа аваад 15 цаг 20 минутын орчимд гэртээ ороход хойморт байсан Фунай маркийн зурагт алга болсон байсан. Би уг зурагтыг 2013 онд 450.000 төгрөгөөр худалдан авч байсан нэг жил орчим хэрэглэсэн. Дэлгэцийн орчим бага зэрэг гэмтэл үүссэн байсан. Энэ талаар би өмнөх байцаалтанд хэлж байсан болохоор 350.000 төгрөгөөр үнэлсэнд санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 45-46 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 43 х/

            - Пунай маркийн 32 инчийн LCD  зурагт- 350.000 төгрөг

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

2. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод оршин суух иргэн О.Баясгалангийн монгол гэрээс LG маркийн 32 инчийн зурагт, оёдлын машин, шаазан баар зэрэг эд зүйл хулгайлж, 670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

 

            Хохирогч О.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2015 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө ажилдаа яваад орой 23 цаг болж байхад гэртээ ирсэн. Гэтэл гэрийн хаалганы цүүг нь мултлаад хулгайч орж гэрийн баруун хойд талд байсан 32 инчийн зурагт, гар оёдлын машин, 10 литрийн шаазан ваар алдагдсан байсан. Зурагт шинээрээ ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, 2014 оны 10 сард 550.000 төгрөгөөр худалдан авсан, оёдлын машин хүрэн модон суурьтай шинэвтэр 2014 онд 85.000 төгрөгөөр авч байсан, ваар цэнхэр хээтэй 2014 онд 35.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 97 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 94-95 х/

            -LG маркийн 32 инчийн LCD зурагт-550.000 төгрөг

            -оёдлын машин -85.000 төгрөг, шаазан баар -35.000 төгрөг буюу нийт 670.000 төгрөг

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

3. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-038В тоотод оршин суух иргэн С.Магнайбаярын байшингаас Тошиба маркийн 32 инчийн зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

            Хохирогч С.Магнайбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байшингаа цоожлоод бүгд гарч явсан. 17 цагийн үед манай эхнэр гэртээ ирээд гэрт хулгай орсон байна гэж над руу залгаж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд цонхоор хулгайч орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, Каспер маркийн хар өнгийн зөөврийн компьютер зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Би хар өнгийн Тошиба маркийн зурагтаа 580.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар нэгэн хагарсан цуурсан зүйл байхгүй, шинэвтэр зурагт байгаа. Харин зөөврийн компьютерийг 2013 онд 980.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 129 х/\

 

Гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад байшингийн хаалгаа цоожлоод гарч явсан. Ингээд орой би ганцаараа 17 цагт гэртээ ирэхэд манай байшингийн хаалга цоожтой хэвээр харин байшингийн баруун урд талын цонхны салхивч онгойсон байхаар нь гэртээ ороход гэрийн хойморт байсан 32 инчийн Тошиба маркийн зурагт, Каспер маркийн, хар өнгийн нөүтбүүк зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 130 х/

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1 хх-ийн 109-114 х/

            Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 125 х/

            -Тошиба маркийн 32 инчийн зурагт-400.000 төгрөг,

            -14 инчийн i3 үзүүлэлттэй каспер маркийн зөөврийн компьютер- 800.000 буюу нийт 1.200.000 төгрөг

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

           

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 126-127х/

            - Тошиба маркийн 32 инчийн зурагт, 14 инчийн i3 үзүүлэлттэй каспер маркийн зөөврийн компьютер

 

4. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4-37 тоотод оршин суух иргэн Б.Энхзулын эзэмшлийн байшингаас 14 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, цулгуй мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж, 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа яваад би 12 цагийн үед хүүхдээ дагуулаад дэлгүүр орохоор гарсан. Ингээд замын хажуу талын дэлгүүр ороод 20 гаруй минутын дараа буцаад ирэхэд манай байшин намайг гарахад ямар байсан яг түүн шигээ байсан. Би гарахдаа хаалгаа цоожлоогүй зүгээр хаагаад гарсан. Ингээд гэртээ ороод ирэхэд манай гэрийн хамаг эд хогшлыг ухаад хаясан байсан. Манай гэрээс улаан өнгийн Делл маркийн зөөврийн компьютер, мөнгөн бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би уг зөөврийн компьютерийг 2013 онд худалдаж авсан. Тухайн үед худалдан авч байсан бичиг баримт байхгүй. Уг нөүтбүүк нь хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 152-153 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 149 х/

            -мөнгөн бөгж- 60.000 төгрөг,

            -Делл маркийн, 14 инчийн i3 үзүүлэлттэй зөөврийн компьютер -1.500.000 төгрөг буюу 1.560.000 төгрөг

           

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1 хх-ийн 139-141 х/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

5. 2015 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 01-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2-16 тоотод оршин суух  Х.Сэргэлэнбатын байшингаас Самсунг маркийн 43 инчийн плазма зурагт хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Х.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэр бүлийн хамт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Хамрын хийд ороод 2015 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонхыг дотогш түлхээд онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би байшингийн хаалгаа онгойлгоод ортол гэрийн хойморт байсан 43 инчийн Самсунг маркийн плазма зурагт хулгайд алдагдсан байсан. Алдагдсан зурагтын содон шинж тэмдэг нь удирдлагатай, суурь байхгүй, зурагтны зүүн хажуу талын флашны оролтонд цагаан өнгөтэй, улбар шар өнгийн хүрээтэй 1 GB багтаамжтай флаштай байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 186-188 х/

 

 Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 184 х/

-Самсунг маркийн 43 инчийн плазма зурагт-800.000 төгрөг

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1 хх-ийн 166-168 х/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

6. 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3-20 тоотод оршин суух иргэн Н.Отгончимэгийн байшингаас ЛЖ маркийн 49 инчийн Лед зурагт, 500.000 төгрөг бэлнээр хулгайлж, 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

            Хохирогч Н.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 08-ны өглөө манай нөхөр ажлын хүмүүсийн хамт зугаалганд яваад би гэртээ ганцаараа байж байгаад өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч орой 22 цагийн үед гэртээ ирж хаалгаа түлхүүрээр онгойлгон ороход зочны өрөөний вакум цонх онгойсон байсан тул би цагдаад хандсан. Манай гэрээс алдагдсан эд зүйлс гэвэл 49 инчийн ЛЖ маркийн зурагт, 20.000-ын дэвсгэртээр 25 ширхэг нийт 500.000 төгрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 213 х, 2 хх-ийн 194 х/

 

            Гэрч Т.Наянчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгончимэг нь миний төрсөн хүү Насандэлгэрийн эхнэр юм. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тэдний гэрт хулгай орсон байсан. Цонхоор нь хулгай ороод зурагт, 500.000 төгрөг алдагдсан байсан. Хулгай гардаг өдрөөс 2, 3 хоногийн өмнө манай хүү Насандэлгэр банкны мөнгө өгнө гээд надаас 1.500.000 төгрөг авсан юм. Би уг мөнгийг өөрийн компанийн данснаас авсан юм. Насандэлгэр болон манай бэр Отгончимэг нар тэр мөнгөнөөс зээлээ дараад үлдсэн мөнгийг нь гэртээ хадгалж байсанг нь аваад явсан байсан. Би 1.500.000 төгрөгийнг компаниас авсан баримт гаргаж өгч болно. Манай компани нь автобус баруун салааны автобусны шугаманд явуулдаг юм. Манай хүү Насандэлгэр, бэр Отгончимэг нар нь өөрийн нэг автобусыг манай компанид явуулдаг ба тэрний мөнгө гэж сар бүр надаас 2.000.000 төгрөг авдаг юм. Тэр хулгай гардаг сар орлого бага байсан болохоор надаас 1.500.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 196 х/

 

Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 210 х

-49 инчийн LG маркийн лед зурагт- 1.450.000 төгрөг

-бэлэн мөнгө 500.000 төгрөг буюу нийт 1.950.000 төгрөг

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1 хх-ийн 193-199 х/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

7. 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух иргэн Б.Энхболдын байшингаас ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зураг, цахилгаан харуул, цахилгаан төмөр таслагч, цахилгаан хөрөө зэрэг эд зүйл хулгайлж, 590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдүүдийн хамт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг явсан. Бид явахдаа өөрий байшинг хааж цоожлоод явсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Оюунтөгс над руу залгаад байшинд хулгай орсон байна цонх чинь онгорхой байна гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бид гэртээ ирэхэд манай байшингийн 1 давхарт хойд талын хананы өмнө байрлуулсан диван орны доор сул хийсэн байсан Кен маркийн цахилгаан харуул, цахилгаан хөрөө, цахилгаан төмөр тасдагч, ТСЛ маркийн 32 инчийн нимгэн зурагт зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 230 х/

            Гэрч Д.Суурьшихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19-р байрны 10-0 тоотод оёдол ажиллуулж байсан юм. Би цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг залуу орж ирээд эхнэр хөдөө явсан чинь машин нь эвдэрсэн мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна, энэ зурагтыг 120.000 төгрөгөнд зарна гээд байхаар нь би сонирхоод 70.000 төгрөгөнд худалдаж авч байсан юм. Миний санаж байгаагаар тэр хүн нимгэн хувцастай байсан санагдаж байна. Багцаагаар 2015 оны 07 дугаар сарын орчимд байх гэж бодож  байна . Надад зарсан зурагт нь 32 инчийн ТСЛ маркийн зурагт байсан. Би уг зурагтыг хөдөө хүнд зарчихсан одоо тэр хүнийг хаана байгаа болох хэн гэдгийг нь мэдэхгүй, олдохгүй байх. Би уг хүнийг нь сайн танихгүй, манай дүүтэй цуг хөдөөнөөс ирж байсан хүн шиг санагдаж байна. 40 орчим насны бор царайтай хүн байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 198 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 228 х/

            -32 инчийн TCL маркийн курагт -300.000 төгрөг,

            -кен маркийн цахилгаан харуул-100.000 төгрөг,

            -кен маркийн цахилгаан хөрөө -130.000 төгрөг,

            -кен маркийн цахилгаан төмөр тасдагч -60.000 төгрөг буюу нийт 590.000 төгрөг

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 70-85 х/

 

8. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 8-155 тоотод оршин суух иргэн Ч.Нямсүрэнгийн байшингаас Конка маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Ч.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07.30 минутын орчимд би гэрээсээ хамгийн сүүлд бага охиноо цэцэрлэгт хүргэж өгөхөөр гарсан. Гарахдаа гэрийн болон хашааны хаалгаа түгжиж гарсан. Тэгээд би 14 цагийн орчимд гэртээ ирэхэд ширээн дээр хөргөгчнөөс мах гаргаад тавьсан байхаар нь хүүгээ ирсэн юм байх гэж бодоод цаашаа өрөөндөө ортол гэрт байсан эмээлийг хуйлаад бэлдээд тавьсанд нь гайхаад том өрөөндөө ороод харахад манай 32 инчийн зурагт байхгүй болсон байсан. Тэгээд би ах руу залгаж манайд ирсэн үү гэж асуухад өглөө ороод гарсан гэж хэлж байсан. Зурагт хаана байгаа юм гэтэл мэдэхгүй гэхээр нь би гэрээ ажиглаад байсан чинь вакум цонх түлхэж ороод буцаагаад түлхээд хаасан байсан. Тэгээд шууд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Алдагдсан зурагтаа 2014 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 26-28 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 22 х/

            -32 инчийн Конка маркийн зурагт -400.000 төгрөг

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /2 хх-ийн 9-15 х/

 

      Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл /2хх-23-24 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн үйлдсэн хэрэг тус бүр хангалттай нотлогдон тогтоогдсон байх төдийгүй түүнчлэн шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг цагдаагийн байгууллагын алба хаагч нараас дарамталсан зүйл байхгүй. Би өөрийн хийсэн 8 удаагийн хулгайн үйлдлээ өөрөө сайн дураараа хүлээж байна. Намайг дарамталж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 65-66, 69, 218-220 х болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинчээчийн №2049 дүгнэлт:

“...хавтаст хэргийн 61, 62, 64, 73, 74, дүгээр хуудас болон 73, 74 дүгээр хуудсуудын дунд байгаа дугаарлаагүй хуудсуудын гарын үсгүүд нь Д.Лхагвасүрэнгийн гарын үсэг мөн. /2 хх-ийн 205-207 х/ гэсэн нотлох баримтуудтай байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Лхагвасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 192 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар, хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 153 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 98 х/,  Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 100-101 х/, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 ххийн 103-105 х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2 хх-ийн 102, 108х/ зэргээр тогтоогдсон байх бөгөөд тэрбээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг шинээр  үйлдсэн байх тул түүний ялгүй болох хугацаа тасарсан, ялтайд тооцогдохоор байна.

          Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай байна.

          Учир нь, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд зарим нь Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн боловч зарим үйлдэл нь хойно үйлдэгдсэн, үйлдлүүд нь хоорондоо давтан гэх шинжийг агуулсан тул Өршөөлийн хуулинд хамрагдах боломжгүй, зохимжгүй гэж үзсэн болно.

          Түүнчлэн түүний үйлдлээс заримыг нь Өршөөлийн хуулинд хамруулах нөхцөл байдал бүрдлээ ч ялтай байдал болон зарим үйлдэл нь тус хуулинд хамрагдах боломжгүй байдал үүсгэж байгаа нь шүүгдэгчид ашиггүй, эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзсэн болохыг тэмдэглэв.

           

Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 7.520.000 төгрөгийн хохирлыг учруулснаас хохирогч С.Магнайбаяр, хохирогч Ч.Нямсүрэн нарт эд зүйлүүдийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь  эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-н 126-127, 2 хх-ийн 23-24 х/ зэргээр тогтоогдсон тул дээрх нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

          Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч талаас хохирогч Б.Энхболдод хохиролын 590.000 төгрөг төлсөн талаарх баримт, хохирогч Р.Энхтуяад 350.000 төгрөг төлөхөөс 150.000 төлсөн баримт, хохирогч Н.Отгончимэгт 1.950.000 төгрөг төлөхөөс 500.000 төгрөг төлсөн баримт тус тус гаргаж өгсөн бөгөөд хохирогч Р.Энхтуяа, Н.Отгончимэг нар нь үлдэгдэл хохирлуудаа нэхэмжлэхээс татгалзсан байх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй хохиролын үнийн дүн болох нийт 3.030.000 төгрөг төлөхөөс, хохирогч О.Баясгаланд 670.000 төгрөг, хохирогч Б.Энхзулд 1.560.000 төгрөг, хохирогч Х.Сэргэлэнбатад 800.000 төгрөгийг тус тус төлөх нь  үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь хохирогч нарт учирсан хохирол, гэм хорыг бүрэн арилгаагүй байх тул түүнд баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 127 хоног цагдан хоригдсоныг  /2 хх-ийн 128, 133, 137, 154, 163, 189 х/ түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг дурдав.

 

            Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Онход овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэнг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Онход овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэнг 6 (зургаан) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 127 (нэг зуун хорин долоон) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс 3.030.000 (гурван сая гучин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Баясгаланд 670.000 төгрөг, хохирогч Б.Энхзулд 1.560.000 төгрөг, хохирогч Х.Сэргэлэнбатад 800.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Лхагвасүрэнгийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Лхагвасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Г.АЛТАНЦЭЦЭГ