Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0051/З |
Дугаар | 231 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 231
2020 оны 04 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2020/0231 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ТХХК
Хариуцагч: СЦХУБ Ш.Г
Гомдлын шаардлага: “СЦХУБ Ш.Гийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудас гарч байсан. Энэ шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэж шийтгэлийн хуудсыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Тухайн үед шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Мөн зөрчилд хамаарах хугацааг тогтоогоогүй гэж үзэх боломжтой. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацааг аваад түүнээс хойш экспортод гаргасан ноолуурын хэмжээг Гаалийн ерөнхий газраас мэдээллийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл зөрчилд хамаарах нотлох баримтуудыг цуглуулсан гэж ойлгож байгаа юм. Шүүхийн шийдвэрт бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх гэсэн агуулга харагдаж байгаа. Тухайлбал анхны шийтгэлийн хуудас 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Түүний дараа 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ХААБ гэх компани гомдол гаргасан. Энэ байгууллага болон Т ХХК-иудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээг талууд шууд ярьж тохиролцоод байгуулаагүй. Гэрээ хийх үед ноос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан байдаг. Үүнтэй холбоотой баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудаст авагдсан байдаг. Тухайн баримтуудаас харахад Үндэсний хөгжлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, ХААБ аж ахуйн нэгжүүдтэй хамтраад хамтарсан ажлын хэсэг байгуулаад маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлээд, нөгөө талаас хууль хэрэгжихгүй байгаа буюу арилжаа хийгдэхгүй байгаа асуудлыг ярилцаад маргааныг эвлэрээд дууссан гэж ойлгож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байхад ХААБээс Т ХХК руу яриад эвлэрлийн гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх шаардлага тавиад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 сая төгрөг төлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан байгаа юм. Тухайн үед үйлчлүүлэгч эвлэрлийн гэрээний мөнгийг төлөх ёстой юм байна гэж ойлгоод 15 сая төгрөг төлсөн. Одоо ямар ч төлбөрийн асуудал байхгүй гэж ойлгож байгаа юм. Гэтэл шийтгэлийн хуудсыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг хамааруулан үзээгүй юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичигт “ХААБийн үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүрч болзошгүй” гэж дүгнэсэн байдаг. Аж ахуй нэгжүүдийн хувьд худалдан авах сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан авдаг бол ямарч татгалзах зүйл байхгүй. Гэтэл бодит байдал дээр биржээр дамжуулж ноос ноолуураа худалддаг малчин байхгүй. Малчид өөрсдөө хоршоодын хэлбэрт орж биржийн харилцаанд орно гэж хуульд заасан. Хоршоо нь биржийн байнгын оролцогч байдаг. Нөгөө талаас биржийн харилцаанд зуучлах үүрэг хүлээдэг брокерын компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрүүдээс ирж байгаа захиалга, нөгөө талаас малчдын нэгдэж байгуулсан хоршоодын хүсэл зориг нэгдэж байж бараа таваар худалдах харилцаа зохицуулагдаж байдаг. Гэтэл аж ахуйн нэгжүүдийг биржийн харилцаанд оролцоогүй гэсэн үндэслэлээр торгож байгааг зөвхөн нэхэмжлэгч төдийгүй бусад бүх компанийн хувьд эсэргүүцэж байгаа гэдгийг хэлмээр байна. Өмнөх хэрэг дээр тодорхой нөхцөл байдлын талаарх баримтуудыг цуглуулсан байдаг. Тухайн үед н.Б, н.Д гэх хүмүүсийг гэрчээр дуудаж байсан. “Т” ХХК-ийн биржийн харилцааны жагсаалтыг хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан. Энэ баримтаас харахад худалдагч н.Б гэх хүн байгаа. Тэгэхээр яаж ч харсан н.Б гэх хүн “Т” ХХК-д ноолуур худалдсан байна гэж харагддаг. Түүнийг гэрчээр дуудаж асуухад “Би ноос ноолуур худалдаагүй. Би брокерын компанийн захирал” гэсэн мэдүүлэг өгсөн. н.Д гэх хүн нь 2016-2017 онд Т компанид ноос ноолуур худалдсан гэх баримтыг ХААБээс гаргаж өгсөн. Харин түүнийг гэрчээр дуудаж асуухад “Би ноос ноолуур худалдаагүй. Би ХТ-д ажилладаг” гэж хэлсэн байдаг. 2013-2016 оны биржийн гүйлгээний арилжааны жагсаалтыг харахад худалдагч гэх хүмүүсийг түүгээд үзэхэд 10 хүрэхгүй байгаад байгаа юм. Энэ асуудал нь 2013 оноос хойш голдиролдоо орохгүй яваад байгаа юм. Тэгэхээр зохиомол арилжаанаас татгалзаж шууд экспортод ноос ноолуур гаргасан асуудал байгаад байгаа юм. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль нь дотоод худалдан авалтад зориулсан биржийн харилцааг хөгжүүлэх тухай хууль болохоос экспортийн харилцаанд ямар ч хамаагүй юм. Гэтэл дотоод худалдан авалт нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг захиргааны байгууллага огт шалгахгүй байгаа юм. Миний хувьд бодит худалдан авалт мөн эсэхийг шалгуулахаар хүсэлтээ өгсөн байгаа. Хариуцагчийн хувьд бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаа явуулаагүй атлаа шийтгэлийн хуудас гаргасныг эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэв.
Хариуцагч Ш.Г нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Анх 5 компани дээр зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн 5 компаниас нь нэг нь биржээр арилжаалагдсан байсан болохоор 4 компанид шийтгэлийн хуудас оногдуулсан. Тухайн 4 компани шүүхэд хандаж дахиж нэмэлт ажиллагаа явагдаад, 1 компани нэмэлт ажиллагаагаар нотлогдоод торгууль шийтгэлээс чөлөөлөгдсөн байдаг. Үлдсэн 3 компанийн 1 нь торгуулиа төлсөн, 1 нь одоо төлөх гэж байгаа. Харин “Т” ХХК нь шүүхэд маргаж байгаа юм. Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж тус тус заасан. Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тухайн компаниуд нь эвлэрлийн гэрээ байгуулаад 15 сая төгрөг биржид төлсөн. Энэ эвлэрлийн гэрээг шийтгэлийн хуудас гарснаас хойш 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр мөнгөө төлсөн байгаа учраас биржид хохиролгүй болсон гэж үзэж, Санхүүгийн зохицуулах хороонд төлөх 0.04 хувийг төлөөгүй. 719 кг буюу 7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ноос ноолуурыг улсын хилээр экспортод гаргасан байдаг. Иймээс зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулсан...” гэв .
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийн 8 дахь хуудаст “...зөрчлийг тогтоох шаардлагатай байх тул 3 сарын хугацаанд түдгэлзүүлэх шаардлагатай байна” гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс тодорхой ажиллагаануудыг явуулсан. Тухайлбал Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0323610 тоот албан бичгээр нэр бүхий 4 компанийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны жагсаалтыг авсан байдаг. Мөн ХААБ төрийн өмчит хувьцаат компаниас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот албан бичгээр биржийн арилжааны шимтгэл төлсөн талаарх баримтуудыг авч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хянаж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 00555-- тоот шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгийн торгууль, бусдад учирсан хохирол 2.926.695 төгрөг, нийт 5.926.695 төлөх шийтгэлийн хуудас оногдуулсан. Брокерийн компаниудаас ХААБид төлөх шимтгэл гэж байдаг бөгөөд эвлэрлийн гэрээний хүрээнд 15 сая төгрөгийн асуудал яригдсан. Санхүүгийн зохицуулах хороонд 0.04 хувийн шимтгэлийг төлөх ёстой байдаг. Энэхүү шимтгэлийг төлөөгүй учраас үүний хохирол нь 2.926.695 төгрөг болж байгаа юм. Тиймээс улсад учирсан хохирлыг төлүүлэхээр шийтгэлийн хуудас оногдуулсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч гомдлын шаардлагаа: “СЦХУБ Ш.Гийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.
Анх ТХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “...ТХХК-ийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчилд хамаарах хугацааг тогтоож, тухайн хугацааны зөрчилд холбогдох нотлох баримтыг цуглуулж, бодит байдалд дүгнэлт хийж зөрчлийг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлжээ.
Дээрх хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг “...3,000,000 төгрөгөөр торгож, улсад учруулсан хохирол 102,871,878.39 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах”-аар шийтгэлийн хуудас бичжээ.
Шүүхээс уг маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагаа явуулж, Гаалийн ерөнхий газраас “Т” ХХК-ийн нэрээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээллийг мэдүүлгийн сангаас гаргуулан, “ХААБ” ХХК-ийн биржийн арилжааны шимтгэл төлсөн талаарх баримт зэргийг гаргуулан авчээ.
Эдгээр баримтуудаар гомдол гаргагч аж ахуйн нэгж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 719,060 кг бүхий 7,316,739,252.4 төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг экспортолсон болохыг тогтоож, мөн “ХААБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг биржид төлсөн болохыг тогтоож “Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, “ХААБ” ХХК-д учирсан хохирлыг эвлэрлийн гэрээгээр төлөгдсөнд тооцож, харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тус компанийн хөдөө аж ахуйн гаралтай түүхийг эдийг экспортод гаргасан үнийн дүнгээс “ХААБ”-ийн арилжааны брокерын үйл ажиллагаанаас төвлөрүүлэх зохицуулах үйлчилгээний хөлс болох, уг биржээр арилжаалагдан худалдах, худалдах авах гэрээний нийт дүнгийн 0.04 хувиар тооцож учирсан хохирлыг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч “Т” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 39 удаагийн гаалийн мэдүүлгээр 719,060 кг, 7,316,739,252.4 төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай малын түүхий эд болох ноос, ноолуурыг ХААБээр арилжаалаагүй экспортод гаргаж 7,316,739,252.50 төгрөгийн 0.04 хувь болох 2,926,695.70 төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэж үзэж төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнийг эс зөвшөөрч “Т” ХХК-иас тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...ХААБээр түүхий эдээ худалддаг малчид, тариаланчид байхгүйн улмаас манай компани түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан мэт зохиомол хэлцэл хийдэг байсан, төрөөс ХААБийн арилжаа явагдах хүн, хуулийн этгээдийн эрхийг хангахуйц шаардлагатай дэд бүтэц, нийгмийн болоод эрх зүйн орчныг бүрдүүлээгүй мөртлөө захиргааны байгууллагаар дамжуулан арилжаа явуулахгүй хэмээн хувийн байгууллагад шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.
Хэргийн оролцогчид “Т” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д багтсан 7,316,739,252.4 төгрөгийн ноос, ноолуурыг “ХААБ” ХХК-иар арилжаалахгүйгээр экспортод гаргасан үйл баримтын талаар маргаагүй болно.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заажээ.
Үүнээс үзвэл, Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д багтсан түүхий эдийг экспортлоход зайлшгүй ХААБээр арилжаалах шаардлагатай, хэрэв хуулийн энэ шаардлагыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчаас зөрчлийг тогтоохдоо Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байх шаардлагыг зөрчсөн бол зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульд зохицуулаагүй байсныг Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д зааснаар шинээр зөрчилд тооцсон байх тул “Т” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хамаарах үйлдэлд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчаас Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны “Хөдөө ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолд зааснаар зуучлалын үйл ажиллагаанаас ХААБээр арилжаалагдсан худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 0.08 хувиар, мөн “ХААБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан спот гэрээний төлбөр тооцооны шимтгэлийг 0.02 хувиар, тус зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор баталсан спот гэрээний арилжааны шимтгэлийг нийт экспортолсон ноолуурын үнийн дүнгийн 0.04 хувиар тооцож авсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн “СЦХУБ Ш.Гийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 13.6 дугаар зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн СЦХУБ Ш.Гт холбогдуулан гаргасан “СЦХУБ Ш.Гийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 00555-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНАЦЛНЯМ