Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0191

 

Иргэн Ц.Мийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Мийн нэхэмжлэлтэй, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/148 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, сургалтад хамрагдсан, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааХууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/148 дугаар тушаал нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрыг орхин явсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2, 9.1, 9.4 дэх заалтыг үндэслэл болгон тухайн үед тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Мийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тушаал гаргасан байна.

Япон сангаас 2014-2015 онд хэрэгжих Төрийн албан хаагчийн Япон хэлний дадлага хөтөлбөр нь холбогдох шалгуур хангасан яамны бүх албан хаагчдад нээлттэй байсан байх ба Ц.М нь өөрийн сайн дурын үндсэн дээр энэхүү хөтөлбөрт шалгалт өгч тэнцсэн байна.

Хэдийгээр Ц.М нь энэхүү сургалтад тэнцсэн ч Төрийн албаны тухай хууль болон Хууль зүйн яаманд мөрдөгдөж буй Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/27 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, 2014 оны А/68 дугаар тушаалаар баталсан Хууль зүйн яамны албан хаагчтай ажил хүлээлцэх журам-ын дагуу ажлаас чөлөөлөгдөх асуудал тавигдах ёстой.

Түүнчлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, биелэлтийг эргэн танилцуулсны үндсэн дээр холбогдох шийдвэр гарч, ажил хүлээлцэх ёстой.

Энэ талаар өөрт нь мэдэгдэж, гар дээр байгаа албан бичиг болон бусад ажлуудыг хийж дуусгаад биелэлтийг тайлагнах үүрэг даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б Бүгд Найрамдах Турк Улс руу албан томилолтоор явахаас 1 сарын өмнө өгч байсан байна.

Түүнчлэн Ц.М нь өргөдөлдөө ажлыг тухайн үеийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн гэх боловч энэ нь Хууль зүйн яамны албан хаагчтай ажил хүлээлцэх журам-д нийцээгүй / Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүд ажлыг хүлээн авах эрх бүхий субьект биш, Ц.М Япон явах болсон гэсний улмаас албан ажлыг хэвийн явуулах үүднээс гар дээр байгаа болон файлаар өөрийнх нь хүлээлгэн өгсний дагуу хүлээн авч гарын үсэг зурсан байна. Тухайн үеийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ананд ч энэ протокол дээр гарын үсэг зураагүй байх бөгөөд тойрох хуудсан дээр ямар ч эрх бүхий албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зураагүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б Бүгд Найрамдах Турк Улсаас ирсний дараа Ц.Мийг ажлаа орхин явсныг мэдээд дээрх дүрэм, журмыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Нөгөө талаар Ц.Мийн тухайд ажлын цаг ашиглалт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй асуудлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар албан тушаалын цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ нь ч тухайн хүний хувийн байдлыг харуулж буй хэрэг юм.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/148 дугаар тушаалын 2 дахь хэсэгт Ц.Мийг ажлаас халсан тухай шийдвэрийг Япон Улсын Элчин сайдын яаманд мэдэгдэж уг хөтөлбөрөөс нэрийг татах талаар тусгасан хэдий ч ингэснээр 2 Улсын хоорондын хамтын ажиллагаа болон уг хөтөлбөрт Монгол Улсын Төрийн албан хаагчдыг дахин хамруулах боломжгүй байдалд хүргэж ч болзошгүй хэмээн үзэж тушаалын 2 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27 дугаар зүйлийн 27.1.9, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/148 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Мийг урьд эрхэлж байсан Хууль зүйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ц.Мт 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.332.757 төгрөгийг олгож, тухайн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримтлан Сургалтад хамрагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б давж заалдах гомдолдоо: 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Ц.Мийн ажиллаж байсан хугацааны цалингийн жагсаалтад тодорхойлсны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн болон нэмэгдэл цалинг 627 503 төгрөгөөр тооцож, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах буюу хүчинтэй болсон 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, нийт 6 сарын цалин, хөлстэй тэнцэх 3 765 018 төгрөг, 5 дугаар сарын ажиллавал зохих 9 хоног, 12 дугаар сарын ажиллавал зохих 10 хоног /сарын үндсэн цалин 514 103 төгрөгөөр, хоол унааны нэмэгдэл 113 400 төгрөгөөр, нийт 627 503 төгрөгөөр тооцов. Үүнээс 627 503 төгрөгийн ажлын 21 хоногт хувааж нэг өдрийн үндсэн цалин, хоол унааны нэмэгдлийг 29 881 төгрөгөөр тооцов. 19x29.881=567.739 төгрөг/-ийн нийт 4 332 757 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ ... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... -ыг олгоно гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт хоол унааны зардал болон нэмэгдэл цалин зэргийг гаргаж тооцохоор шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэжээ.

2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч тухайн үед сургалтад хамрагдахаар явах үедээ өөрийн хариуцсан ажлаа холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн болох нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ажил хүлээлцэх актууд, ажил хүлээлцэж өгсөн тухай протокол, гэрч Д.Г, М.М-А нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Ц.Мт ирүүлсэн урилгыг Хууль зүйн яам 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан болох нь ирсэн бичгийн бүртгэлийн картаар нотлогдож байх тул Ц.Мийг 2014 оны 09 сарын 17-ны өдрөөс эхлэн Япон Улсад сургалтад хамрагдахаар болсныг хариуцагч 2014 оны 07 сарын 23-ны өдөр мэдсэн гэх үндэслэлтэй. Ажил хүлээлцэх ажиллагааг байгууллага дээрээ зохион байгуулах, хяналт тавих нь нэхэмжлэгчийн биш хариуцагчийн үүрэг юм. Ийм байтал Ц.Мийг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Япон Улсад сургалтад хамрагдах ажиллагааг нэхэмжлэгчийн явах цагийг тулган зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд удирдлагаас өгсөн албан үүргийг биелүүлэлгүй ажлаа дур мэдэн орхиж явсан гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна... гэж дүгнэсэн байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Мийг сургалтад явахыг мэдээгүй биш харин явахаасаа өмнө цаг хугацаатай үүрэг даалгаврыг гүйцэтгээд яв гэдэг шаардлага тавьсан. Үүнийг хэрэгт авагдсан Ц.Мийн төрийн албанаас түр чөлөө хүсэх тухай өөрийнх нь өргөдлийг өргөдөл гомдлын бүртгэлийн. картанд зөвхөн арбитртай холбоотой ажлаа дуусгасан үед чөлөөлөхийг анхааруулах, ... Ананд даргад ажлаа дууссаны дараа тушаал гаргахыг анхааруулъя гэсэн тодорхой цохолттой удирдлагын гарын үсэг бүхий баримтаар нотлогдсон байдаг. Ц.М нь энэ бүх үүрэг даалгаврыг мэдсэн хэрнээ зориудаар өөрийнхөө явах цагийг тулган удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, явахынхаа урьд өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гар дээр байсан материалаа өөрийнхөө өрөөний хүмүүс Д.Г, Мөнх-Алдар нарт орхиод явсан байдаг. Үүнийг байгууллагын дотоод журамд заасны дагуу ажил хүлээлцсэн гэж үзэх боломжгүй юм.

2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажил хүлээлцэх журам батлах тухай А/68 дугаар тушаалаар Хууль зүйн яамны албан хаагчтай ажил хүлээлцэх журмыг баталсан. Уг журмын 3 дугаар зүйлд ажлыг хэрхэн хүлээлцэх тухай тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл Ц.М нь энэ журмын дагуу хүлээлцээгүй, дур мэдэн гар дээрхи материалаа өөрөө жагсаалт үйлдсэн болж өрөөнийхөө хүмүүст үлдээсэн. Тухайлбал, гэрч Д.Г:... Хууль зүйн яаманд мөрдөгддөг ажил хүлээлцэх журмаар ажил хүлээлцэх комисс байгуулагдах ёстой. Тийм комисс байгуулагдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Майцэцэг Япон Улс руу явахдаа Азийн орнуудтай холбоотой харилцааны ажлуудыг надад өгсөн ... цаашид миний хариуцах ажил байсан учраас хүлээн авсан, тухайн үед А.Ананд дарга байсан. Яагаад гарын үсэг зураагүйг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг, гэрч Мөнх-Алдар ... комисс байгуулагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Япон Улс руу сургалтад явах гээд яарч байсан. Тийм болохоор би өөрт хамаарах ажлаа хүлээн авч, ажил хүлээлцэх актад нь гарын үсэг зурсан..., тухайн үед удирдлагаас ажилтанд хариуцуулж өгсөн үүрэг байх. Тухайн ажлаа дуусгаж, хүлээлгэн өгсөн эсэхийг нь би сайн санахгүй байна ... гэж мэдүүлсэн. Энэ нь ажил хүлээлцэх журмын дагуу хүлээлцээгүй журам зөрчсөн гэдгийг нотолсон байдаг.Төрийн албан хаагч тэр тусмаа цаг хугацаа заасан хариуцлагатай ажил үүргийг хугацаа алдахгүй хийж гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй хариуцлагагүй хандаж, зөвхөн өөрийн хувийн эрх ашгийг бодож ажлыг цалгардуулах эрхийг хуулиар түүнд олгоогүй байхад Майцэцэг нь ажлаа хэн нэгэнд дур мэдэн орхиж явсан нөхцөл байдал тогтоогдсон байхад түүнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харцуулан үзэж үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 болон 3 дахь заалтад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх асуудлыг хоёр өөрөөр шийдвэрлэж хууль зөрчсөн байна. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Мээс Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас халах тухай Б/148 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, сургалтад хамрагдсан, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хууль зүйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.М нь Япон сангаас хэрэгжүүлдэг Төрийн албан хаагчийн Япон хэлний дадлага хөтөлбөрт хамрагдахаар шалгалт өгч тэнцсэн, улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хөтөлбөрт нэр дэвшүүлэх тухай 3/1680 дугаар албан бичгээр Япон улсад 8 сарын хугацаагаар Япон хэлний сургалтад хамруулахаар Ц.Мийн нэрийг дэвшүүлж, дэмжсэнээр тухайн сургалтад хамрагдахаар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тухайн Төрийн албан хаагчийн Япон хэлний дадлага хөтөлбөрийн сургалт 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Япон Улсын Осака хотын Кансайд байрлах Япон хэлний институтид эхлэх болсонтой холбогдуулан мэргэжилтэн Ц.М Төрийн албанаас түр чөлөө хүсэх тухай өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан боловч хариуцагч дээрх өргөдлийг нь сургалт эхлэх өдрөөс нь өмнө шийдвэрлээгүй, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч сургалтад хамрагдах шаардлагын үүднээс өөрийн ажлаа холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгсөн нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус яамны мэргэжилтэн М.М-А, Л.М, Д.Г нарын үйлдсэн баримт, Ажил хүлээлцэж өгсөн тухай протокол болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Ажлаас түр чөлөө хүсэх тухай өргөдлийн бүртгэлийн картад зөвхөн арбитртай холбоотой ажлаа дуусгасан үед чөлөөлөхийг анхааруул-сан, тухайн үүрэг даалгавар биелүүлээгүйгээс ажлаас түр чөлөөлөх шийдвэрийг гаргаагүй гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн уг үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдээгүй байна.

Энэ нь хариуцагч албан тушаалтныг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргахдаа сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой Төрийн албаны тухай хууль болон бусад актыг, тухайлбал, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын нэгийн 4-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл болжээ.

Тиймээс анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож, эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, олговрыг гаргуулахдаа нэхэмжлэгчийн сургалтад хамрагдаж ирснээс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэл хугацаагаар тооцсон нь зөв байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 /Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг хамруулна. Үүнд:

а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал/-д заасны дагуу олговрыг тооцож гаргуулсан нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д төрийн жинхэнэ албан хаагч гурван сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөгдөхөөр заасан тул 8 сарын хугацаагаар сургалтад хамрагдсан нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөгдсөн гэж үзэн сургалтад хамрагдсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зөв байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ маргааны үйл баримттай холбоогүй болон шаардлагагүй хуулийн зүйл, заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27.1.9 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР