Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           03             03                                                         2022/ШЦТ/41                                  

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б /цахимаар/,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2229000000020 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс тээврийн 25 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.У маргалдаж, эрүүн тус газар өшиглөсний улмаас эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2229000000020 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Х.Уг сууж байхад нь өвдөг рүү нь өшиглөх гэж байгаад түүний эрүү рүү өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гэм хорын хохиролд нийт 1.100.000 төгрөгийг төлсөн, үлдэх 400.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсанаас хойш 1 сарын хугацаанд хохирогчид төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж яллагдагчаар байцаалт мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг дээр өөрийн үйлдэл холбогдол болсон нөхцөл байдлын талаар тууштай тодорхой хэмжээнд өөрийн болсон нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдүүлж улмаас тухайн прокуророос үүсгэж байгаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болоод хэргийн зүйлчлэлтэй маргахгүйгээр энэ хэрэг шийдвэрлэгдэж өнөөдөр шүүхийн шатанд шилжиж ирсэн. Б.М хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт зааснаар өөрт холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор үүнийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд очиж байгаа шүүгдэгчид холбогдох гэм буруугийн талаар хэргийн зүйлчлэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг хуульд тусгайлан зааж өгсөн. Энэ журмын хүрээнд өмгөөлөгч миний бие дараах дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг шүүх хянаж үздэг. Өмгөөлөгчийн зүгээс 1 хавтаст хэрэг бүхий эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан Б.М үйлдэл холбогдлыг нотлох баримтаар тодорхой хэмжээнд нотлогдсонд маргах зүйлгүй. Үүнийг нотлогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн өөрөө ч гэсэн ийм нөхцөл байдалтай санаа нийлж тодорхой хэмжээнд зорилго нэгтэйгээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгааг дурдаж хэлмээр байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үү гэдэгт дүгнэлт хийх ёстой. Б.М хувьд хохирогч Х.Уд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл холбогдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүгнэлттэй ямар нэгэн байдлаар маргахгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд буюу шүүхийн шинэчилсэн байцаалтад холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа шаардлагыг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялын тухай саналаа прокурортой тодорхой хэмжээнд зөвшилцөж түүнээс гарах хор уршиг ийм нөхцөл байдлыг тохиролцож шүүх хуралдаанд орж ирсэн. Прокурорын зүгээс тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналыг тодорхой хэмжээнд тавьсан. Үүнийг миний үйлчлүүлэгч Б.М хувьд хүлээн зөвшөөрч байгаа нь мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гуравдагч үндсэн шаардлагыг хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мэдээж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн нөхцөл байдлууд хангагдаж уу гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой. Энэ талаар дээр мэдээж гэмт хэргийн улмаас хохирогч Х.Уд шууд болон шууд бус хохирлууд учирсан байгаа. Энэ нөхцөл байдлуудтай холбогдуулаад өнөөдрийн байдлаар 1,100,000 төгрөгийг бэлэн хүлээлгэж өгсөн. Энэ мөнгийг шилжүүлсэн талаарх баримтыг хавтаст хэргийн хүрээнд гаргаж өгсөн байгаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж хэлмээр байна. Үлдэгдэл 400,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Түүн дээр тодорхой хэмжээнд хохирогчтой эвлэрэн хэлэлцээд нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал байна. Мөн гэмт хэрэг үйлдсэнээ хүн хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг анхаарч үздэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.Маас тодорхой хэмжээнд энэ таны гаргаж өгсөн хүсэлт мөн үү, өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ та гаргасан уу гэж асуухад тиймээ би гаргасан гэж тайлбарлаж байгаа нь нэг талдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд үүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон учраас хүсэлтээ гаргаж өгсөн. Прокуророос тодорхой хэмжээнд тухайн зүйл хэсэгт заасан 450 нэгжээр торгох, ялын төрөл санал дээр тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гарах үр дагаврыг ойлгосон гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тууштайгаар 6 үндсэн нөхцөл байдалд дүгнэлт хиймээр байна. Ингээд нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 6 үндсэн нөхцөл шаардлагыг Б.М хувьд хангаж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх улмаар улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Б.М хувьд урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Тэгэхээр тухайн учруулж байгаа гэмтэл үр дагавар шалтгаант холбоог мөн хүлээн зөвшөөрч, тухайн үйлдэл холбогдлоос шалтгаалаад хохирогчид гэмтэл учирсан нөхцөл байдлыг шууд ямар нэгэн байдлаар маргахгүйгээр өнөөдөр өөрт холбогдсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр цаг хугацааны хувьд ч гэсэн хэмнэлтэй өөрт холбогдсон гэм буруугаа шийдвэрлүүлэхээр орж ирж байгаа нь энэ хүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг тодруулан харагдаж байгааг хэлмээр байна. Ийм учраас хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, прокуророос гаргаж байгаа 450 нэгжээр торгох ял нь өмгөөлөгчийн зүгээс тохирч байна гэж харж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Х.У машин барихаа болилоо гэсний төлөө уурлаж эрүүн тус газар нь өшиглөж эрүүг нь хугалсан хохирол учруулсан байдаг. Тухайн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийлээд 1,354,259 төгрөгийн баримттай зардал гарсан. Баримтгүй 600-700 мянган төгрөгийн зардал гарсан гэж үздэг. Тухайн хохирлоос шүүгдэгч 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 400,000 төгрөгийг дараа нь хоорондоо төлж барагдуулна. Төлөхөө илэрхийлж байна гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа. Тийм учраас хохирогчид төлөх үлдэгдэл 400,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү гэж хүсэж байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас гэм буруу болон хэргийн зүйлчлэл тохирсон байгаа. Энэ тал дээр хэлэх тайлбар байхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.У  Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.У  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15, 18 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.М өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний  албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэл, жолоочийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 48, 50, 51, 52, 53, 54, 55, 56 дахь тал/,

 

-Шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 63, 74 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.У  Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 65-66, 72-73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс тээврийн 25 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.У маргалдаж, эрүүн тус газар өшиглөсний улмаас “эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.У  өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг Цогтцэций суманд байх нүүрс тээвэрт жолоочоор явуулахаар Төрбат, Мөнгөн нар Даланзадгад сумаас ирж намайг авч явсан. Тухайн өдөр бид 14 цагийн үед би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 25 дахь км-т ирсэн. Энд ирээд би нүүрс тээвэр унах машиныг асааж үзэхэд уг тээврийн хэрэгслийн моторын даралт муу байхаар нь нүүрс тээвэрт явж байхад энэ машин эвдрээд би өрөнд орох юм байна гэж бодоод би явахаа болилоо гэж уурлаад гэр рүүгээ буцлаа гэж хэлэхэд Мөнгөн “Хүний ажилд садаа боллоо” гэж миний толгой хэсэг рүү өшиглөсөн юм. Би тухайн үед Төрбатын хамт машины урд газар сууж байсан юм. Мөнгөн миний толгойн зүүн шанаа хэсэг рүү аль хөл рүү хөшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Би тэр өдөр өмнө орой нь шинэ жил тэмдэглээд үлдсэн байсан 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл архины үлдсэн байсан тал архийг Цогтцэций суманд байхдаа уучихсан байсан юм. Би Мөнгөнд өшиглүүлчихээд сумын эмнэлэгт үзүүлэхэд эрүүн яс хугарсан байна аймгийн төвд очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд цагдаагийн байгууллагад ханд, тэгээд дахин бие үзүүл гэж хэлсэн...тухайн үед Мөнгөн миний эрх чөлөөнд халдсан зүйл байгаа. Төрбат намайг зодсон зүйл байхгүй...Мөнгөн миний толгойн хэсэг рүү нэг удаа өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,  

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхбулагийн өгсөн “...У ах би хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд У ахын зүүн талын шанаа нь их хавдсан байсан би тэгээд Мэндбаяр ахын гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд маргааш нь У ах надад миний эрүү хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мэндбаярын өгсөн “...У ахын зүүн талын шанаа нэлээн хавдартай байсан. Тэгээд би сумын эмнэлэг дээр авчирч үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн “1.Х.У  биед эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд хугарсан байх боломжтой. 3. Х.У  биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Х.У  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М яллагдагчаар өгсөн “...Зүгээр наад машинаа унтраа гэхээр нь би чи өөрөө унтраа гэж хэлээд нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг  болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М нь санаатай үйлдлээр хохирогч Х.У  эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Х.У  биед “эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.      

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Х.Уг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Хохирогч Х.У нь шүүгдэгчээс нийт гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 1.100.000 төгрөг төлсөн, үлдэх 400.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсанаас хойш 1 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнчулуунаас гэм хорын хохиролд 400.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Уд олгохоор, шүүгдэгч Б.М нь гэм хорын хохирол 400.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсанаас хойш нэг сарын хугацаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Уд нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 1.100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс тээврийн 25 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.У маргалдаж, эрүүн тус газар өшиглөсний улмаас “эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 48 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнгөнчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас гэм хорын хохиролд 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Уд олгохоор, шүүгдэгч Б.М нь гэм хорын хохирол 400.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш нэг сарын хугацаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Уд нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 1.100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнгөнчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН