| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2015/00981/И |
| Дугаар | 182/ШШ2016/00045 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2016/00045
| 2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2016/00045 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... хороонд байрлах, ЧБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ өөрийн байранд байрлах, М ХК-д холбогдох
15,542,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЧБ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ЧБ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд захирлын эрх хэмжээнд өртөгт суурилсан төлбөрт үйлчилгээний жагсаалт батлах хэмжээ хамаардаг билээ.
Ачаа, шуудан тээврийн цогцолборын үйлчилгээний үнэлгээг тус нисэх буудлын захирлын тушаалаар баталдаг. ЧБ захирлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны 00000 дугаар тушаалаар 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо ачаа хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөг байхаар баталж тус үйлчилгээг авдаг байгууллага аж ахуйн нэгжид албан ёсоор танилцуулсан байна.
Гэтэл М ХК нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг авсан боловч шуудангийн үйлчилгээний хүнд ачааны төлбөрөө 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй байх бөгөөд уг төлбөр нь 15,542,890 төгрөг болсон бөгөөд энэ нь иргэний хуульд заасан үүрэг хүлээгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл юм.
Иймд хүнд ачааны төлбөрт үйлчилгээний хураамж болох 15,542,890 төгрөгийг хариуцагч М ХК-аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гадаад шуудан тээвэрлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийн практик болон олон жилийн туршлагаар шуудангийн илгээмжийн үйлчилгээний хөлсийг авиа компаниуд төлдөг өөрийн жишгээ тогтоосон үйл ажиллагаа юм.
Гэтэл Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх будлын захирлын “Төлбөртэй үйлчилгээний хураамж батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаар тушаалаар гадаадаас ирэх 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо ачаа, шууданг хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөгийн хураамж авахаар баталсныг манай компани үндэслэлгүй гэж үзэн энэ талаар удаа дараа тус байгууллагад албан бичгээр мэдэгдэж тогтсон стандартын дагуу шийдвэрлэхийг санал болгосон боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй болно.
Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “... М ХК нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг авсан боловч үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байгаа нь иргэний хуульд заасан үүрэг хүлээгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл юм...” гэж бичсэн байх бөгөөд манай компани нь нэхэмжлэгч талтай дээр дурдсан үйлчилгээг авах тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул гэрээний үүргийн асуудал энд тавигдах учиргүй юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэний хуулийн 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин өгөлдөр бус гэж тооцно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан хураамжийн талаар хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийх замаар шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч нь шүүхийг ашиглан өөрийн хүсэл зоригоо нөгөө талдаа тулган хүлээлгэхээр санаархаж хууль, бус шаардлага гаргасан гэж бид үзэж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шуудангийн тухай хууль, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 2 сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Дэлхийн шуудан холбооны дүрэм” зэрэг бүх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрмээр шуудангийн үйлчилгээ, технологи үйл ажиллагааг зохион байгуулах, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, түрээслэгч болон өөрийн сүлжээ бүхий шуудангийн үйлчлэгчид болон үйлчлүүлэгчдийн /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/ хоорондын харилцааг зохицуулдаг.
Улс хоорондын шуудангийн үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын олон улсын гэрээнд дээр дурдсан дүрэмд зааснаар өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Гадаад шуудантай холботой харилцааг Монгол Улсын нэгдэн орсон “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм”, 1984, 1989, 1994, 1999 онуудын Дэлхийн шуудан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит хурлаар батлагдсан протоколууд, Шуудангийн санхүүгийн үйлчилгээний хэлэлцээрээр зохицуулдаг.
Буянт-Ухаа дахь ЧБ захирлын “Төлбөртэй үйлчилгээний хураамж батлах тухай” 2014 оны 12 сарын 16-ны өдрийн 00000 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр буюу нийтээр дагаж мөрдөх дүрэм журам тогтоосон шийдвэр юм.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэдэг нь хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэр байдаг. Төрийн захиргааны байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан бус иргэн, аж ахуйн нэгж байгууллага заавал дагаж мөрдөхөөр журамласан зэрэг шинжийг агуулсан байвал нийтээр дагаж мөрдөх акт байна гэж хуульчилсан байдаг.
Иймд дээр дурдсан Буянт-Ухаа дахь ЧБ захирлын 2014 оны 00000 дугаар тушаал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бүх нийтээр заавал дагаж мөрдөхөд чиглэгдсэн шийдвэр учраас “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д тавигдах дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
Үүнд: 1. Шийдвэрийн заалт нь хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх,
2. Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх,
3. Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны тев байгууллага хянаж, бүртгэсэн байх,
Нэгэн хариуцагч тал нь дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХК-ийн гадаад шуудангийн тээврийн үйл ажиллагаатай холбогдуулан “МИАТ” ХК-ийн харъяа Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаа нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А107 тушаалаар хураамж авах тухай тушаал гаргасан. Гэхдээ уг асуудал нь урьд нь Олон улсын гэрээ болон Монгол улсын шуудангийн дүрмийн дагуу шийдвэрлэгдэж байсан тогтсон үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл тээвэрлэгч авиа компаниуд гэрээ байгуулаад тухайн ачааны очих газар хүртэлх төлбөрийг төлдөг. Гэтэл Чингис хаан олон улсын нисэх буудлын дарга тушаал гаргасан нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болоод байна. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хуулиар тусгайлан эрх олгосон этгээд заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдаж байх шинжтэй, гадагшаа чиглэсэн байдаг.
Ингэхдээ уг шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг хангах дараах үндэслэлүүдийг зайлшгүй тусгасан байх ёстой. Нэгдүгээрт шийдвэрийн заалт нь хоорондоо эрх бүхий бусад этгээдүүдийн гаргасан заалтуудтай зөрчилдөхгүй байх ёстой.
Гэтэл уг тушаал нь Монгол улсын шуудангийн дүрэм болон Зам, тээвэр аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг зөрчиж байна.
Хоёрдугаарт Үндсэн хууль бусад хуульд хэрэглэсэн нэр томъёо болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх ёстой. Тэгэхээр авиа компаниуд төлдөг жишиг тогтсон зүйлийг М ХК-иар төлүүлэх гээд байна.
Гуравдугаарт шийдвэр нь Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэсэн байх ёстой. Уг тушаал нь өөрөө гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт учраас бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх дээр нь Хууль зүйн яам хяналт тавьдаг байтал ямар нэгэн хяналт аваагүй нь хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт шийдвэрийн заалт нь өөр хоорондоо болон бусад эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх ёстой. Гэтэл уг нөхцлийг хангаагүй тул бид биелүүлэх нь утгагүй, төлбөр төлөх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЧБ нь хариуцагч М ХК-д холбогдуулан 15,542,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь ЧБ захирлын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 тоот тушаал нь хүчин төгөлдөр бус эрхийн акт юм.
“Дэлхийн шуудан холбоо”-ны байгууллагын дүрэмд “Илгээгч улсын шуудангийн байгууллага нь агаарын тээврийн байгууллагыг өөрийн улсын болон нөгөө талын бүх төрлийн газар үйлчилгээг зохицуулан хүлээн авагч шуудангийн байгууллагад хүлээлгэн өгөх хүртэлх тэдгээр зардлыг /илгээгч шуудангийн байгууллагад өгсөн үнийн саналд тусгагдсан/ хариуцахаар тусгана гэж заасан олон улсын хэмжээнд мөрддөг дүрэм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
“Дэлхийн шуудан холбоо”-ны байгууллагын дүрмийн дээрх заалт нь “Агаарын тээврийн байгууллага ба шуудангийн байгууллагын хооронд байгуулах үйлчилгээний гэрээ”-ний загварыг баталсан байх ба хариуцагч энэ талаар нь холбогдох баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “шуудангийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь ЧБ захирлын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 тоот “Төлбөртэй үйлчилгээний хураамж батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ачаа, шуудан тээврийн цогцолборын төлбөртэй үйлчилгээний хураамж”-ийн төлбөрийг “илгээх энгийн ачаа, шууданг хүлээн авах /ачаа жинлэх, өргөх, буулгах, аюулгүй байдлын үйлчилгээ/ нь 80 төгрөг, ирэх ачаа, шууданг олгох /тээвэрлэгчээс терминалд авах/ 300 кг-аас дээш ачаа хүлээн авагчаас 50 төгрөгийн хураамж авч байхаар журамласан байна.
Хариуцагч нь ЧБ захирлын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 тоот тушаалыг хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч түүнийг нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шуудангийн үйчлилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-д 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 тоот тушаал нь хамаарахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Гэвч хариуцагч нь ЧБ захирлын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00000 тоот тушаалын дагуу “орон нутгийн ачааны 1 кг тутамд 80 төгрөг авах хураамжийг зөвшөөрч төлбөрийг төлдөг.
Одоо ямар нэгэн тооцоогүй байгаа гэсэн мэдүүлэг, талуудын хооронд тооцоо нийлсэн “тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтуудаар М ХК нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гадаад шуудангийн 300 кг-аас дээш ачаа хүлээн авагчаас 50 төгрөгийн хураамж авах журмын дагуу 15,542,890 төгрөгийг төлөөгүй болох тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХК-иас 15,542,890 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЧБд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар хариуцагч М ХК-иас 15,542,890 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЧБд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 235,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЧБд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА