Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

2022           03             14                                                        2022/ШЦТ/42                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: О.З  /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Зд холбогдох эрүүгийн 2229000000031 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх шинжтэйгээр буюу Өмнөговь  аймгийн Ханбогд сумын Ж 3-р баг Их булаг 12-01 тоотод 2022 оны 02 дугаар сарын 12-нд 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Идэрчулууныг хутгаар хатгаж зүүн гуянд шарх гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх шинжтэйгээр Өмнөговь  аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг Их булаг 12-01 тоотод 2022 оны 02 дугаар сарын 12-нд 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сор-Одыг хутгаар хатгаж зүүн гуянд шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Зд холбогдох эрүүгийн 2229000000031 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З мэдүүлэхдээ:

Өгөөмөр караокед 2 цаг дуулаад 2-3 пиво ууцгаасан. Гараад манай гэрт очоод нэг нэг пиво уусан. Тэгээд би хойшоо айл руу явах гээд гарсан. Тэгээд Ихаачих гэж байгаа юм гээд хаалган дээрээс намайг хойш нь татаад ойчихдоо гуя руу нь хатгачихсан. Тэгээд босоод гарах гэсэн чинь С өөдөөс гарч ирж таараад намайг хаачих гэж байгаа юм гээд тэврээд авсан. Намайг хутгатайг мэдээгүй. Тэгээд би чигээрээ гарч яваад айлд оччихоод цагийн дараа гэртээ ирэхэд тэр хоёр байхгүй байсан. Тэгээд би унтаад өгсөн. Хохирогч нартай эвлэрсэн, тэд гомдол саналгүй гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.И өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд С  гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд О.И гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай  “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай  “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

-Хохирогч О.ИАмбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

- Хохирогч С  Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

- Шүүгдэгч О.Згийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 17, 18, 73 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Идэрчулуун, Б.С нарын Ө  аймгийн Х сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд О.Згийн Ө  аймгийн Х сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 93 дахь  тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.З нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Ө  аймаг, Х сум, Ж 3-р баг, Их булаг 12-01 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Идэрчулууныг хутгаар хатгаж, түүний биед “зүүн гуянд шарх гэмтэл”, мөн Б.Сор-Одыг хутгаар хатгаж, түүний биед “зүүн гуянд шарх гэмтэл” тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С  өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Идэрчулуун, З  гэх 2 хүний хамт Х сумын төвд байх Өгөөмөр гэх караокед сууж байгаад бид 3 гарсан тэгээд Инамайг цуг явсан З  гэх айл руу цуг очье гээд цуг явцгаасан юм тэгээд З  гэх айлд очсон намайг архи уух уу гээд би уухгүй гээд би гадаа гарч бөөлжөөд эргэж орж ирээд би танихгүй хүнтэй ярих юм байхгүй болохоор хажуу өрөөнд орж найз охинтойгоо утсаар ярьсан бөгөөд би утсаар ярьж дуусаад гартал том өрөөнийх нь хаалган дээр З  гэх хүнтэй таарсан тэр үед З  нь яарсан сандарсан шинжтэй байсан бөгөөд би тэр үед З г тэвэрч авахад буцаагаад тавихад миний зүүн хөлийн ташааны тэр шингэн зүйл гарч мэдэгдсэн тэгээд би харсан цус байсан шоконд ороод ажлын газрын ах болох Мөнгөө гэх хүнийг Идрээ дуудсан тэгээд тэр хүн ирээд Идрээ бид хоёрыг Х сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би зүүн хөлөндөө хоёр оёдол тавиулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Иөгсөн “...муудаж маргалдсан зүйл огт байхгүй. З гийн гэрт орж ирээд байж байсан чинь З  ширээн дээр байсан хутгыг аваад гарах гэхээр нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлээд гарнаас нь татсан чинь унахдаа миний зүүн талын гуя руу хутгаараа хатгаад уначихсан. Тэгээд цаашаа хутгатайгаа босоод явахад цаад өрөөнөөс С гарч ирээд мөн хаашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлээд хутгатай байгааг нь мэдээгүй тэвэрч авахад Сор-Одын зүүн талын сүүж хэсэгт мөн адил хутгаараа хатгачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Ө  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн "...1.О.И зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.О.И учирсан гэмтлүүд нь ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.О.И учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...’’ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Ө  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн “...1.Б Сор-Одын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.С  биед учирсан гэмтлүүд нь ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.С  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн  53-54 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.З нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97, 103  дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.З нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.З нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Сор-Од, О.Инарын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, тэдэнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Ө  аймгийн Х сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Зг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч С   биед “зүүн гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө  аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/-ээр

 

Хохирогч О.И “зүүн гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө  аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/-ээр тус тус  тогтоогдож байна.     

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Сор-Одыг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор О.Идэрчулууныг хохирогчоор тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 25, 28 дахь тал/

 

Хохирогч О.Идэрчулуун, Б.С нар нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Иөгсөн “миний бие нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн З  гэх найздаа зүүн гуяны дээд хэсэгт ямар нэгэн иртэй зүйлээр гэмтэл авсан нь шүүх эмнэлгийн магадалгаагаар хөнгөн зүсэгдсэн зэрэгтэй гарсан нөхөн төлбөр хохирлыг З  бүрэн барагдуулсан тул санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар, хохирогч С  өгсөн “миний бие 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн З  гэх нөхөрт зүүн гуяны дээд хэсэгт ямар нэгэн иртэй зүйлээр гэмтэл авсан эмнэлгийн магадалгаагаар хөнгөн зэрэгтэй гарсан. Нөхөн төлбөр хохирлыг З  бүрэн барагдуулсан тул санал гомдол байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ”гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 91-92 дахь тал/

Иймд хохирогч Б.Сор-Од, О.Инар нь шүүгдэгч О.Згээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч О.З нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Ө  аймаг, Х сум, Ж 3-р баг, Их булаг 12-01 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Идэрчулууныг хутгаар хатгаж, түүний биед “зүүн гуянд шарх гэмтэл”, мөн Б.Сор-Одыг хутгаар хатгаж, түүний биед “зүүн гуянд шарх гэмтэл” тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 73 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч О.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ногоон өнгийн алчуур, 1 ширхэг торон хөшиг, 1 ширхэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Зд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Сор-Од, О.Инар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ногоон алчуур, 1 ширхэг торон хөшиг, 1 ширхэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН