Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

2022           03             15                                                        2022/ШЦТ/45

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ст холбогдох 2229000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4 дүгээр баг, Бумбан овоо 4-405 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Саранчимэгтэй “хөргөгчний хаалга хаа гэлээ” гэх үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний зүүн сарвуу, баруун гуянд хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай “1.2.3.4 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Б.С цус гэж хаягласан, 001457824 дугаарын хуруу шилтэй цусанд 2,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 641 дугаартай “Э.Саранчимэгийн биед зүүн сарвуу, баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт

Яллагдагч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4 дүгээр баг, Бумбан овоо 4-405 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Саранчимэгтэй “хөргөгчний хаалга хаа гэлээ” гэх үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний зүүн сарвуу, баруун гуянд хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Саранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

Гэрч М.Бямбаагийн мэдүүлэг /хх-ийн 40, 42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Саранчимэгийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...Эсмэдэвийн гэрт нь очиход тэнд Эсмэдэв түүний нөхөр нь хамт байсан. Нөхөр нь гэртээ унтаж байсан. Тэгэхэд Эсмэдэв 2.5 л савтай том Сэнгүр пивийг гаргаж өгсөн түүнийг Эсмэдэв бид хоёр хувааж уучихаад ...удаагүй манай нөхөр Б.С хүүхдээ аваад ирсэн ...Тэгээд бид дөрвүүлээ 2,5 л Сэнгүр нэртэй пиво, Хараа нэртэй 0,5 л архийг ууж дуусгачихаад ...нөхөр бид дэлгүүр орж 0,5 л хараа архи 1 ширхэг, 2.5 л савтай Сэнгүр пиво нэгийг худалдаж аваад буцаад Эсмэдэвийнд очоод бид дөрвүүлээ авсан архи пивоо уучихаад 24 цагийн үед нөхөр бид хоёр гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ очоод би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад манай нөхөр Б.С хөргөгч нээгээд хоол идэж байхаар нь “хөргөгчнийхөө хаалгыг хаа хүүхэд сэрчихнэ” гэж хэлсэн чинь Б.С хөргөгчний хаалгыг хаачихаад дахиад нээсэн /2-3 удаа хааж нээгээд байсан/. ...би гэрийн баруун талын орон дээр очоод суусан чинь Б.С гэрийн гал тогооны шкабнаас ногоон иштэй урт хутгыг аваад намайг ална гээд өөдөөс дайраад гэдэс рүү хутгалах гэхээр би зүүн гараараа хорьсон чинь миний зүүн гарны сарвууны хавьд зүссэн... Би Б.Сыг хөргөгч нээгээд хоол идээд байхаар хөргөгчөө хаа хүүхэд сэрчихнэ гэж хэлсэн. Тэгэхэд Б.С миний үгэнд орохгүй хөргөгчөө хаахгүй байгаад байсан үүнээс болж хэрүүл маргаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

Гэрч М.Бямбаагийн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 04 минутанд Б.С эхнэр Саранчимэг бас нэг хүүхэдтэйгээ хамт ороод ирсэн. ...Саранчимэг хөхүүл хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан чинь манай хүү Б.С босоод хөргөгч онгойлгоод хөргөгчний хаалгаа хаахгүй гэрлэнд нь юм идээд сууж байсан чинь Саранчимэг “наад хөргөгч хаа” гээд хөлөөрөө өшиглөөд хаахаар манай хүү эргүүлээд нээгээд хоёр гурван удаа хаалга нээж хаасан юм. Тэгээд гэнэт Саранчимэг “холд зайл тэр шорондоо оч” гээд манай хүүг загнаад босч очоод хөргөгчний хаалга савж хаагаад хэрүүл болсон... Б.С Саранчимэг хоёр зууралдаад гэрийн баруун орон дээр ойчоод хэвтэхээр нь манай эхнэр бид хоёр салгасан... Б.С Саранчимэг нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн их согтуу байсан... Б.С Саранчимэгийг хутгалчихсан байхаар нь Б.Сыг хорьсон чинь би дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай “1.2.3.4 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Б.С цус гэж хаягласан, 001457824 дугаарын хуруу шилтэй цусанд 2,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 641 дугаартай “Э.Саранчимэгийн биед зүүн сарвуу, баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.С “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Саранчимэг нь яллагдагч Б.Соос хохирол төлбөр нэхэмжлээгүй тул яллагдагч Б.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.С нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ст торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгөтэй 30 см урттай 1 ширхэг хутга, хар бариултай 28 см урттай хутга 1 ширхэг, хар өмд 1 ширхэг хураагдсан эд мөрийн баримтыг устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА