Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

2022           03            16                                                        2022/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч : Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч И.Д,

Шүүгдэгч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Д, Г.Г нарт холбогдох 2229000000027  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч И.Д, Г.Г нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Энержи ресурс” ХХК-ний уурхайн хашааны зүүн хойд хэсэгт байрлах харуулын байрны гадна байсан “М-Армор” ХХК-ний эзэмшлийн 2 ширхэг нарны толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

                  Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/

                  Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ- 921/2288 дугаартай “Нарны толь 2 ширхэг - 520.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 43-45-р хуудас/

                   1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

                     - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ган-Очын мэдүүлэг/хх-ийн 15-16-р хуудас/

                    - Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/

        - Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ 921/2288 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 43-45-р хуудас/

                     - Яллагдагч И.Дын мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

                     - Яллагдагч Г.Гын мэдүүлэг/хх-ийн 61-р хуудас/

                 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ган-Очын: “....Би “М-Армор” ХХК-д ахлах ажилтнаар ажилладаг. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө постуудаа

шалгаад явж байтал манай компаний 8218 дугаар постны гадна талд байдаг нарны хос толь алга болсон байсан гэдгийг мэдсэн. Тухайн үед манай компанид хүн дутуу байсан учир уг постонд харуул хамгаалалт хонуулаагүй байсан юм. Уг 2 ширхэг хос нарны толь нь хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед шалгахад байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

                  Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/

                  Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ- 921/2288 дугаартай “Нарны толь 2 ширхэг - 520.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 43-45-р хуудас/

                 

                  Яллагдагч И.Дын “...2022 оны 01 дүгээр сарын 17- ны өдөр ...би Ганбаатартай өөрийн малыг эргэх гээд хөдөө мал дээрээ очиход хоёр нохой байхаар бид хоёр нэг нохойг туулгаад Уурхайн торон хашаа руу оруулаад орхичихсон. Тэгэхэд тэр торон хашааны дотор харуулын байрны урд талд нь байсан 2 ширхэг нарны толийг түлхүүрээр тайлж аваад буцаад явсан... бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тэр нарны толийг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

                  Яллагдагч Г.Гын “...би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д ахын гэрт очсон... Тэгээд бид хоёр Дүүрээ ахын малыг эргэх гээд хамт явж мал дээр нь очиход хоёр нохой байхаар бид хоёр нэг нохойг туулгаад торон хашаа руу оруулаад орхичихсон. Тэгэхэд тэр торон хашааны дотор харуулын байрны урд талд нь 2 ширхэг нарны толь байсан. Дүүрээ ах бид хоёр уг нарны толийг шөнө ирж авъя гэж хоорондоо ярилцаж байгаад буцсан юм. Тэгээд Дүүрээ ах бид хоёр шөнийн 22 цагийн үед мотоциклиор явж торон хашааны завсраар орж цаашаа яваад харуулын байрны урд талд нь байсан 2 ширхэг нарны толийг түлхүүрээр тайлж аваад гэртээ авчирсан юм... Д ах бид хоёр тэр нарны толийг авч гэр гэртээ тавьж хэрэглэх гэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

                  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Д, Г.Г нар нь бага боловсролтой, мэргэжилгүй бичиг үсэг мэддэггүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч И.Д, Г.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч И.Д, Г.Г нар нь “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас хохирогч М-Армор ХХК-д 520.000 төгрөгийн хохирлд учирсан. Яллагдагч И.Д, Г.Г нар нь хулгайлан авсан 2 ширхэг нарны толийг М-Армор ХХК-ний хууль ёсны төлөөлөгч О.Ган-Очид эргүүлэн өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул яллагдагч И.Д, Г.Г нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туха хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан ялагддагч И.Д, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллагдагч И.Д, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч И.Д, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д, Г.Г нарт шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч  эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.Д, Г.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д, Г.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д, Г.Г нарт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүгдэгч И.Д, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Д, Г.Г нарын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА