Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.М-д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогтой Б-ын М /РД:0000000000/,

            Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн *****суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүрэг 0 дүгээр хороо Их Нарангийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, урьд:

            -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

            -Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгчдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны гадна иргэн Д.Э-ын “Самсунг А-32” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгчдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны гадна иргэн Д.Э-ын “Самсунг А-32” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад гадагшаа гараад архи согтууруулах ундааны зүйл найзуудтайгаа хэрэглэсэн. Би нилээн архи уугаад баарнаас гараад гэр рүү явж байхад М-тай таарсан. Тухайн үед би явж байгаад газар унахад Б.М намайг босгоод хувцас засаж байхдаа миний нэхий куртикний дотор талын халааснаас Самсунг А-32 маркийн гар утсыг аваад цаашаа гүйсэн. Тэр үед би Б.М-ын ардаас гүйсэн боловч хөөгөөд гүйцээгүй, Тэгээд би байрны голоор ороод шууд гэртээ унтаж амарсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр надаас гар утсаа яасан юм бэ гэхэд иргэн М аваад цаашаа гүйсэн буцаагаад аваад ирэх байх гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад иргэн М буюу М-ыг хайгаад эгчийнх нь дэлгүүрийн урдаас барьж аваад гар утас хаана байгаа талаар асуусан. Тэгтэл М би гар утсыг чинь авсан харин хаана тавьснаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед би цагдаад дуудлага өгсөн М-ыг цагдаад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

-Гэрч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байхад манай нөхөр Э гадуур хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед гэрээсээ манай нөхөр гарахдаа Д.Э Самсунг А-32 маркийн гар утастайгаа гарч явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед нөхөр Д.Э-тай  холбогдоход удахгүй гэртээ очино гэж хэлээд  алга болохоор нь дахин 17 цагийн үед утсаар холбогдоход утас нь дуудахгүй  холбогдохгүй байсан. Орой манай нөхөр Д.Э согтуу ирээд гар утсаа хүнд алдсан гэж хэлсэн. Тэр үед нь би нөхөр Д.Э-аас хаана хэнд гар утсаа алдсан талаар асуусан. Тэгтэл манай нөхөр Д.Э иргэн М буюу М гэх надад хэлэхдээ “таньдаг залуу миний хувцсыг янзалж байхдаа нэхий куртикний дотор талаас гар утас аваад зугтаагаад явсан буцаагаад надад өгөх байх” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хэд хоног М гэх залууг хайгаад гар утас буцаагаад өгөх байх гэж бодоод байсан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Д.Э бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны урд явж байхад нөхөр Д.Э надад хандаж “тэр миний гар утсыг авсан хүн байна” гээд очоод барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

-Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа явахгүй гэртээ амарч байгаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32, 33 дугаар байрны голд очсон. Тухайн үед зүс таних Д.Э, иргэн М хочтой М, Х буюу Б нар явж байсан. Тэр үед би тэд нар дээр очоод мэндлээд юм ярьж зогсоод байж байхад Д.Э-ын гар утсыг М нэхий куртикний энгэрийн халаас руу хийж байгаа харагдсан. Удалгүй Д.Э газар унахад нь М хувцасыг гөвж байсан. Тухайн үед би тамхины эгч дээр зогсож байсан ба Д.Э-аас М холдоод явсаны дараа Д.Э миний гар утас алга болчихлоо гээд орилоод чарлаад байгаад байсан. Д.Э-тад М-аас өөр хүн ойртсон зүйл байхгүй. Би Д.Э дээр очоод юу болсон талаар асуусан чинь М миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Д.Э бид хоёр гэр гэрлүүгээ явцгаасан. Хэд хоногийн дараа би иргэн М хочтой М-тай уулзаад Д.Э-тын гар утсыг өгөөч яасан юм бэ гэж хэлсэн. Тэр үед М надад хэлэхдээ би Д.Э ахын гар утсыг аваад хаана хэнд өгсөн талаар мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 00 дугаартай

-“..Самсунг А-32” загварын, 1 ширхэг гар утас 550,000 төгрөг..” гэх тайлан /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,

-Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо 32, 33 дугаар байрны голд архи ууж байгаад явж байтал Э буюу Д.Э ахтай тааралдсан. Тухайн үед Д.Э ах архи уусан байсан бөгөөд хамт архи уухаар явж байгаад Батхүү ахтай таарсан. Тэгээд би гурав хамт явж байхад Батхүү ах тамхи зардаг эгч рүү очсон чинь Д.Э ах миний хажууд газар унасан. Тэр үед нь би Э ахыг босгоод хувцасыг нь янзалж байхад түүний нэхий куртикний дотор талд гар утас нь байхаар нь архиныхаа халуунд гар утсыг нь аваад явсан. Энэ нь миний буруу гар утсыг нь гэрийнхээ ойролцоо байдаг худгын хажуу талын дугуйны нүхэд хийсэн байсан би тэр газраа зааж өгч чадна одоо надад гар утас нь байгаа би Д.Э ахад буцааж өгнө...” гэж /хавтаст хэргийн 64-65-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 49-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 53-58-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.М нь ил аргаар, шууд санаатай үйлдлээр “Самсунг А-32” загварын гар утсыг Д.Э-аас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу гар утсыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр ил аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Хохирогчийн гар утас 550.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Э нь эд зүйл болох гар утсаа буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.М нь хөнгөрүүлэн шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэл байхгүй байна.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1 жилийн хорих ялыг хохирол төлбөргүй байгааг харгалзан хөнгөрүүлж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтой Б-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Б.М-д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА