Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0026/Э |
Дугаар | 2022/ШЦТ/31 |
Огноо | 2022-02-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/31
2022 02 25 2022/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Өд холбогдох 2229000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Д.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой тээврийн нэгдэл” ХХК-ний тусгаарлах байранд байхдаа Н.Отгонбатыг “муу хөгшин минь чамайг өшиглөөд унагаана шүү гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар Н.Отгонбатын баруун бугалга болон нуруунд хутгаар зүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Д.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой тээврийн нэгдэл” ХХК-ний тусгаарлах байранд байхдаа Н.Отгонбатыг “муу хөгшин минь чамайг өшиглөөд унагаана шүү гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар Н.Отгонбатын баруун бугалга болон нуруунд хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Н.Отгонбатын: “...2022 оны 02 сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Тавантолгой тээвэр нэгдэл ХХК-ний бөмбөлөг тусгаарлах байрны гэрт... Д.Ө ах бид хоёр маргалдаж байгаад “та надтай адилхан цалингийн жолооч шүү дээ” гэж хэлээд “муу хөгшин минь чамайг өшиглөөд унагаана шүү муу өвгөн” гэсэн утгатай үг би хэлчихээд бид хоёр маргалдаад байж байтал тухайн үед мах идэж байсан хутгаар миний баруун гарны булчин хэсэгт хатгаад авах шиг болсон. Тэрний дараа миний баруун далны ар хэсэгт цохиод авах шиг болохоор нь “та намайг хутгаар хатгаж байгаа юм уу” гээд хэлтэл Мижид ах хэвтэж байсан орон дээрээс босоод гарт нь байсан хутга аваад орны доод хэсэгт шидэж байсан... Д.Ө ахтай нэг шил Хараа нэртэй архи хамт хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч Б.Төрмөнхийн: “...2022 оны 02 сарын 02-ноос 2022 оны 02 дугаар сарын 03-нд шилжих шөнө ...жолооч Б.Мижид миний амрах өрөөнд орж ирээд “хоёр жолооч муудалцаад нэгнийгээ хутгалсан цус алдаад байна” гээд надад хэлсэн... Тэгээд би хэрэг болсон гэрт яваад ороход Н.Отгонбат гэдэг залуугийн хутгалуулсан шархан дээр нь Б.Мижид ах шархыг нь дарчихсан, хутгалуулсан газраас нь цус гараад байж байхаар нь би цагдаад дуудлага мэдээлэл эхэлж өгөөд дараа нь эмнэлгийн түргэн тусламж дуудсан.... тэр хоёр надад хэлэхдээ бид хоёр архи ууж байгаад муудалцаад хэл амаа олохгүй байж байгаад хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Б.Мижидийн: “....2022 оны 02 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Тавантолгой тээврийн нэгдэл ХХК-ний кемп дээрээ би 23:50 минутанд мотороо унтраагаад гэртээ ороод ирэхэд Д.Ө, Н.Отгонбат хоёр миний амардаг гэрт ороод ирчихсэн өвчүү идээд сууж байсан... миний орны доод талд Д.Өсөхжаргал, Н.Отгонбат хоёр зууралдаад барилцаж аваад байсан. Тэгтэл Отгонбат “та намайг хатгачих шиг боллоо” гэхээр нь би хардал Д.Ө гартаа хутга бариад байж байхаар нь би хутгыг нь аваад орны доод тал руу шидээд хувцасаа өмсөөд харахад Н.Отгонбат “та намайг хоёр газарт хатгачихлаа” гээд Н.Отгонбат хэлээд би тогтой газарт ороод харахад Н.Отгонбатын баруун гарны булчин хэсэг, баруун гарны далны ар хэсэгт хоёр удаа хутгалагдсан шарх үүссэн байсан... Н.Отгонбат, Д.Ө хоёр хамт архи хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч Б.Маргад-Эрдэний “...2022 оны 02 сарын 02-ны шөнө ...тухайн хэрэг болсон гэрт яваад ортол Б.Мижид гэдэг жолооч ах хутгалуулсан Н.Отгонбатын баруун гар, баруун далны хэсгээс гарсан цус тогтоох гээд юмаар дарчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай “Н.Отгонбатын биед баруун бугалга болон нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.Отгонбатын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Отгонбатын биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/
Яллагдагч Д.Өын “...2022 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ... цалингийн их, бага авдаг гэж маргалдаан үүсээд тэгсэн чинь Отгонбат “өвгөний хөлийг хуга өшиглөчихнө шүү” гэж хэлэхээр нь би Отгонбаттай маргалдаж, барьцалдаж байгаад гартаа байсан хутгаараа Отгонбатын нуруу хэсэгт хатгачихсан юм... Би Н.Отгонбатын биед учирсан гэмтлийг эмчлэгдэхэд шаардагдах эмнэлгийн үйлчилгээ, эм хэрэгсэл авахад шаардлагатай зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ө нь тусгай дунд боловсролтой, цахилгаан механик, техник мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Өнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ө“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Отгонбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Өсөхжаргалыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.Өнь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Өд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг 500 /таваг зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА